Гамшгаас сэргийлэх чиглэлээр хамтарсан тушаал гаргаж, бүх шатны боловсролын байгууллагуудад хэрэгжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нартай уулзаж, гамшгаас сэргийлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгуулагуудад хэрэгжүүлж байгаа “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт хийх, цаг үеийн шаардлагад нийцүүлэн илүү боловсронгуй болгох талаахр хэлэлцэж, талуудын оролцоог жигд хангах асуудлаар хамтарсан тушаал гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.
Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч тусгасан. Гамшгаас сэргийлэх ажил бол зөвхөн онцгой байдлын алба хаагчдын үүрэг бус, бүх нийтийн үйл хэрэг. Ялангуяа цэцэрлэг, сургуулиас нь эхлээд хүүхэд багачуудад нэгдсэн мэдлэг, ойлголт өгч, өөрийгөө болон өрөөлийг авран хамгаалах чадварт суралцуулах, эцэг эхчүүдийн хандлагыг өөрчлөх, сургуулиудын Эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан “Сайн хөрш”-ийн холбоог бэхжүүлэх шаардлага ч байна. Сургалтын хөтөлбөр нь байна, гарын авлага нь бэлэн, сургагч багш нар нь бэлтгэгдсэн. Одоо Онцгой байдлын байгууллагатайгаа нягт хамтран ажиллаж, практик дадлага, сургалт, соён гэгээрлийн ажлаа тогтмолжуулах хэрэгтэй байна. Мөн багш, сурагчдад зориулсан цахим флатформуудыг хөгжүүлж, E-Mongolia системтэй холбоод илүү сайжруулалт хийх хэрэгтэй” хэмээн онцоллоо.
Мөн гамшиг, ослоос сэргийлэх дадлага сургалтын бааз суурийг бэхжүүлэх, анхан шатны тусламжийн хэрэглэгдэхүүнээр хангах асуудалд МУЗН зэрэг хүмүүнлэгийн болон сайн дурын байгууллагуудыг татан оруулах боломжтойг энэ үеэр хэлж байлаа.