Сурагчдыг суррон унахыг хориглохыг эцэг эхчүүдэд зөвлөж байна

0

Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлж байгаагаас гарах осол аваарын тоо буурахгүй байгаа аж. Тэр дундаа дүрэм мэдэхгүй жолоочид замын хөдөлгөөнд оролцож байгаагаас эгнээ байраа буруу эзлэх, машинтай болон явган зорчигчийг мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах болжээ. Сүүлийн өдрүүдэд хичээл эхэлсэнтэй холбоотой сурагчид суррон ихээр унаж байгаа нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах ослын тоонд багагүй нөлөө үзүүлж байна.

Замын хөдөлгөөнд 18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унавал 50 мянган төгрөгөөр торгоно гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

Гэсэн ч анхааруулга, зөвлөмж, торгох ялыг үл ойшоож сурагчид сурроныг унасаар байгаа юм. Тиймээс энэ тохиолдолд эцэг эхчүүд хүүхдэдээ зөвлөхийг анхааруулж байна. Цахилгаан дугуй буюу сурронтой холбоотой журам, замын хөдөлгөөнд оролцох дүрэм байдгүйгээс өсвөр насны хүүхдүүд дээд хурдад огцом хурдалж, цагт 50-60 км хүртэлх хурдтай хөдөлгөөнд оролцдог. Энэ нь эргээд зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болж байгаа юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр, Яаралтай тусламжийн тасагт 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар скүүтэр болон цахилгаан дугуйнаас /surron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 550 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Үүний 4.6 хувь буюу 25 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.

Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18 хувь, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувийг эзэлж, тохиолдлын тоогоор тэргүүлж байна. Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр сурронтой холбоотой осол нэмэгдсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:

  • Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх -492 (84.2%)
  • Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх -59 (10.1%)
  • Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтэх -25 (4.3%)
  • Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх -7 (1.2%)
  • Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх -1 (0.2%) байна.

Скүүтэр болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл 480 буюу 82.2 хувь нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.

Тээврийн цагдаагийн албанаас, 0-10 хүртэла насны хүүхэд зөвхөн явган хүний зам дээр харгалзах хүнтэй биеийн хүчээр жийдэг дугуйг, 10-14 насны хүүхэд унадаг дугуйн зам дээр, 14-өөс дээш насныхан унадаг дугуйн зам дээр, унадаг дугуйн зам байхгүй газар зорчих хэсгийн  баруун хөвөөгөөр явна гэж заасан байдаг. Харин цахилгаан дугуйны хувьд 18 нас хүрсэн байхыг шаарддаг. Удаа дараа сануулга өгсөн тохиолдолд торгох ял оноохоос өөр аргагүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *