“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫГ ЗҮРХ, НҮД, ШҮДНИЙ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

0

Эрүүл мэндийн яамнаас сурагчдын эрүүл мэнд, боловсролыг нь дэмжих, олон нийтийн оролцоог хангах зорилгоор Боловсролын яамтай хамтран “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар уг арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах хамтарсан ажлын хэсгийн тушаалд гарын үсэг зурж, ирэх 10 дугаар сараас ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчид хамрагдах эрт илрүүлгийн үзлэгийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Сайд Т.Мөнхсайхан “Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд яам болон сайдын зүгээс онцгойлон анхаарал хандуулж “Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль”-ийг санаачлан боловсруулж, 2025-2028 онд “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажлын эхлэл болгож  энэ жил 6 настнуудыг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах бол ирэх жил 10 настай хүүхдүүдийг хамруулна.

Хамгийн гол нь эрт илрүүлгийг зохион байгуулахдаа хүүхдэд зөвхөн үзлэг хийгээд орхихгүй, эмчилгээ хийн, хяналтад оруулах байдлаар цогц тусламж, үйлчилгээ үзүүлнэ” хэмээн мэдэгдсэн бол Боловсролын сайд П.Наранбаяр “Яамны зүгээс багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд шинэчлэл хийж, ангийнхаа хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байх талаар тусгаж байгаа. Тиймээс цаг үеэ олсон “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээг УИХ-ын гишүүн болон сайдын хувиар дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Бид энэ үйл ажиллагааны үр дүн дээр нь түлхүү анхаарч, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэж ажиллана. Түүнчлэн үзлэг саадгүй явагдах  бүхий боломжоор хангахад бэлэн байна” гэлээ.

“Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээний эхлэл болгож ЕБС-д сургуульд суралцаж буй нэгдүгээр ангийн 70 гаруй мянган сурагчийг зүрх, нүд, шүдний үзлэгт хамруулахаар хоёр яамнаас бэлтгэл ажлаа хангаад эхэлжээ. Үзлэгийг Улаанбаатар хотын ЕБС-иудад ирэх 10-11 дүгээр сард, хөдөө орон нутагт 2025 оны 1 дүгээр улиралд багтаан хийх бөгөөд нийт хүүхдүүдийн 10 хувь нь зүрхний эмгэгтэй, 23 хувь нь харааны өөрчлөлттэй, 85 хувь шүдний цооролттой байх магадлалтай гэж тооцоолж байна. Улмаар уг тооцоололд үндэслэн дараа дараагийн арга хэмжээгээ төлөвлөж байгаа талаар хоёр яамны хамтарсан Ажлын хэсгээс мэдээллээ.

Сонирхуулахад, өсвөр үеийн хоол тэжээл, эрүүл ахуйн дадлын талаарх судалгаагаар: 

– 38,5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй
– 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг
– 5 сурагч тутмын 4 нь өдөрт хангалттай хэмжээний ус шингэн уудаггүй
– 5 сурагч тутмын 1 нь жингийн илүүдэл, таргалалттай
– 39,7 хувь нь гар угаах дадалд суралцаагүй
– 26 хувь нь шүдээ угаадаггүй буюу заримдаа угаадаг гэсэн дүн гарсан бол эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 77,8 хувь нь шүдний цооролтой байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *