Ц.Тувааны “Ачит-Ихт”-д үзүүлсэн өршөөл Л.Оюун-Эрдэнээс ангид өрнөсөн үү, эсвэл…

0

Нэг талд Засгийн газрын тэргүүн нь “Ачит-Ихт”-ийн 34 хувийг төрд авахаар, үйл ажиллагааг нь түр зогсоож байгаад шалгуулж байтал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэднийхийг нээчихсэн хэрэг мандсан.

Засгийн газрын онцлог хэв шинж нь, танхимаар ажиллах. Парламентын хөгжилд мэтгэлцээнийг чухалчилдаг байхад Засгийн газар эсрэгээрээ дуу хоолой нэгтэй байх дүрэмтэй. Ялангуяа Засгийн газрын тэргүүний баримталж буй байр суурь салбар яамдын бодлогод шууд тусгалаа олдог.

Эл танхимаар ажиллах дүрмээр бол, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан шуудхан Л.Оюун-Эрдэнийн автор бүхий баялгийн сангийн хуулийн араас төрд хувь нь шилжихээр хүлээгдэж буй “Ачит-Ихт”-ийг нээчих боломжгүй байв. Гэвч тэр нээчихсэн.

Хөшигний ард, Засгийн газрын хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнэ Ц.Туваанд хандаж, “Үе үеийн салбарын сайд нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг ажлаа авангуутаа эргэдэг. Гэхдээ тэнд очих нэрээр “Ачит Ихт”-д бусдын даалгавраар очиж, улмаар үйл ажиллагааг нь нээлээ. Энэ шийдвэр чинь төрд 34 хувийг нь авахад нөлөөлөх ёсгүй шүү” гэж сануулсан гэгдэж буй.

Харин хэргийн эзэн Ц.Туваан сэтгүүлчдэд “Байгаль орчны асуудлаас үүдээд, “Ачит Ихт”-ийн үйл ажиллагааг сэргээхээс аргагүй байсан. Засгийн газар зөвшөөрсөн” ухааны юм гөвж орхисон юм.

Нэг талаас, Ц.Тувааныг чөлөөт зах зээлийн зарчмыг хүндэтгэдэг АН-ын угшилтай сайд гэдгээр нь “Ачит-Ихт”-ийг нээж, “Монполимет”-ийн түгжээг авч, “Халзан бүрэгтэй” ордод өршөөнгүй хандсанд алга ташиж хүлээж авмаар.

Нөгөө талаас, Ц.Туваан шуудхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг өөрийн хүн П.Цагаанд авч өгсөн түүхтэй Ц.Элбэгдоржид АН-ын угшлаараа үйлчилж, “Ачит-Ихт”-ийг нээчихлээ гэж хардах бүрэн үндэслэлтэй.

Тэр өнгөрөгч долдугаар сарын сүүлээр “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллахдаа Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Эрдэнэболдыг тийш дагуулж явсан нь дээрх сэжмийг улам тодруулж өгөхүйц. Тэндээсээ гараад, тэд шуудхан Ц.Элбэгдоржийн үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагааны үүсгэн байгуулсан “Ачит-Ихт”-д ажиллажээ.

Ирсэн даруйдаа “”Ачит-Ихт”-ийг нээхгүй бол байгаль орчин балрах нь” гэсэн утгатай дүгнэлт гаргаад, түүгээрээ үйл ажиллагааг нь нээсэн байгаа юм. Гэтэл эсрэг талд нь, ЗГХЭГ-т “Ачит Ихт”-ийн 34 хувийг төрд авах асуудлыг хариуцсан ажлын хэсэг ажлаа явуулж л байгаа аж. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт тойрсон асуудал орохоор бэлтгэгдэж буй.

Тэгэхээр хүссэн ч, эс хүсээгүй “Ачит Ихт” ХХК дээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар танхим байр сууриа нэгтгэж чадаагүй гэх логик харагдаж байгаа юм. Эсвэл ингэж харагдахаар тэд тохирсон байж болно. Ц.Тувааны үзүүлсэн ойлгомжгүй өршөөл цаашдаа яаж өрнөх вэ гэдэг асуултын тэмдэг үүсгээд байна.

Сонгуулиар МАН-ын зүгээс Ц.Элбэгдоржийг хадны хар мангас болтол нь сөрөг пиар хийсэн атлаа түүний суган дороос нь Ц.Баатархүүг сайдаар томилсон. Ц.Элбэгдоржийн шууд ойрын хүн болох С.Эрдэнэболдын “Марс” төсөлд Засгийн газар найр тавьж, үлэмж анхаарсаар ирэв.

Цаашдаа баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ Аж үйлдвэрийн сайд Ц.Туваанаар дамжуулж, Л.Оюун-Эрдэнэ яг юу хийлгэхээр зориод буй нь бас л хачин жигтэй асуудал юм. Түүний нэрлэсэн 14 мега төсөлд ган, зэс, алт боловсруулах үйлдвэрүүд хүртэл багтаад байна. Чухам цаашдаа ямар замаар эвээ олж, түүний гараар юу хийлгэхээр зорио бол.

Тэд ил муудавч, далд бас ямар тохироогоор ажлаа явуулах бол гэдэг хардлага “Ачит-Ихт” дээр үүссэн нь энэ юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *