Цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?

0

Анхны атомын буюу цөмийн цахилгаан станц 1950-аад онд ашиглалтад орсон цагаас эхлэн дэлхийн нийт эрчим хүчний эх үүсвэрийн асуудал дээр тус тусын байр суурийг хадгалж иржээ. Цөмийн эрчим хүч нь чулуужсан түлшнээс илүү “цэвэрхэн” сонголт боловч үхлийн аюулт зэвсэг болох боломжтой. Үүнийг үйлдвэрлэх нь газрын тос, нүүрс шиг агаар мандал, орчны бохирдлыг үүсгэдэггүй ч асар өндөр зардалтай бөгөөд атомын цахилгаан станц барихад урт хугацаа шаарддаг. Тэгвэл нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгахын тулд улс орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах хэрэгтэй юу? Эсвэл арай бага өртгөөр чулуужсан түлш, газрын тосоо ашиглах уу?

ЦӨМИЙН ЭНЕРГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Цөмийн энерги гэдэг нь атомын цөмөөс ялгарах эрчим хүч юм. Үүнийг цөмийн задрал гэж нэрлэгдэх процессоор дамжуулан цахилгаан үйлдвэрлэдэг. Энэ процесст ураны атомууд хуваагдаж, маш их энерги ялгардаг байна. Тодруулбал, цөмийн реакторт ураныг түлш болгон ашиглаж, үүний атомууд хуваагдах үед дулаан ялгардаг аж. Уг дулаанаар тодорхой хэмжээний усыг буцалган уур гаргана. Уг уур нь цахилгаан үйлдвэрлэдэг генераторуудтай холбогдсон турбинуудыг эргүүлж цахилгаан үүсгэдэг аж.

Олон жилийн турш чулуужсан түлш, байгалийн хий болон шатахуун нь цахилгааны эх үүсвэр байсан. Сүүлийн жилүүдэд зарим улс орнууд салхи болон нарны эрчим хүчээр цахилгааны эрч хүчээ хангадаг болсон. Гэхдээ 1950-аад оны үед цөмийн энергийг ашиглан цахилгааны эрчим хүчээ хангадаг болсон орнууд газрын тос, чулуужсан түлшнээс татгалзаж, орчны бохирдлыг багасгаж эхэлсэн байна.

Дэлхийн нийт цөмийн цахилгаан станцын талаас илүү хувь нь 1970-1985 оны хооронд баригдсан байдаг.

Одоо цагт цөмийн эрчим хүч нь дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 10 орчим хувийг хангаж байгаа бөгөөд 32 улсад 439 цөмийн үйлдвэр ажиллаж, 55 орчим шинэ реактор баригдаж байна. Түүнчлэн 2020 оны байдлаар 13 улс нийт цахилгаан эрчим хүчнийхээ дөрөвний нэгийг цөмийн эрчим хүчнээс үйлдвэрлэж, АНУ, Хятад, Франц зэрэг улс зах зээлд ноёрхож байна.

АНУ-ын цахилгаан эрчим хүчний 60 хувийг чулуужсан түлш эзэлдэг бол үлдсэн 40 хувийг сэргээгдэх болон цөмийн эрчим хүч тэнцүү эзэлдэг. Франц улс 1970-аад онд цөмийн эрчим хүчний салбараа өргөн хүрээнд өргөжүүлэх ажлыг эхлүүлж, гадаадын нефтийн хараат байдлаас гарах зорилго тавьжээ. Ингэснээр тус улс утаагаа урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээгээр бууруулж, эдийн засгаа сэргээж чадсан.

Өнөөдөр Францад 56 реактор ажиллаж байгаа бөгөөд цахилгаан эрчим хүчнийхээ 70 хувийг цөмийн эрчим хүчнээс авдаг.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ДАВУУ ТАЛ

Цөмийн эрчим хүч нь утааг бууруулах гайхалтай арга болохийг Франц улс жишээ татан харуулсан. Энэ нь хүлэмжийн хийг ялгаруулахгүйгээр эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд цөмийн станцын хөргөх цамхаг нь агаар мандалд зөвхөн усны уур ялгаруулдаг. Ингэснээр цөмийн цахилгаан станц нь агаар мандалд хортой, цацраг идэвхт бодис ялгаруулахгүй гэсэн үг юм.

Улаан өнгөөр цөмийн энергийн хэрэглээг харуулсан байна

Цөмийн эрчим хүчийг дэлхий дээр байх бүх эх үүсвэрүүдийн хажууд хамгийн цэвэр, бохирдолгүй гэдгийг олон мэргэжилтнүүд батлан хэлдэг. Мөн энэ нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хамгийн хурдан бууруулна гэж үзэж байна. Франц, Саудын Араб, Канад, Өмнөд Солонгос зэрэг улсууд цөмийн реактор, усан цахилгаан станцын далан барих замаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг эрс багасгасан байдаг. Товчхондоо, цөмийн эрчим хүч нь улс орнуудыг цэвэр эрчим хүч рүү шилжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

Өнгөрсөн онд Европын Комисс байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны жагсаалтад цөмийн эрчим хүчийг “ногоон эрчим хүчний эх үүсвэр” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тус эрчим хүчинд нэг том асуудал бий. Энэ нь цөмийн хог хаягдал юм. Цөмийн хог хаягдал хэдэн мянган жилийн турш цацраг идэвхт бодис ялгаруулж, зааврын дагуу устгах, булахгүй бол орчныг тэнцвэргүй байдалд хүргэнэ. Гэсэн хэдий ч эрдэмтдийн хувьд цөмийн хог хаягдлаас илүү уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийд тулгамдаад буй аварга том асуудал юм.

 Сайн мэдээ гэвэл цөмийн хаягдлын 90 орчим хувийг дахин боловсруулах боломжтой.

Реакторт ашигладаг ураны түлшийг задлах явцад багахан хэмжээний энерги зарцуулдаг тул боловсруулж дахин ашиглах боломжтой. Энэ нь цөмийн хаягдлын менежментийг хянах боломжтой болгодог.  Түүнчлэн цөмийн эрчим хүчийг чулуужсан түлштэй харьцуулбал нийгмийн эрүүл мэндэд хор хөнөөл багатай. Цөмийн хаягдал нь чулуужсан түлшнээс ялгарч буй химийн хорт бодис шиг аюултай биш гэдгийг цөмийн зэвсгийг дэмжигч хөдөлгөөнийхөн онцолдог.

Хүлэмжийн хий ялгаруулалт

Үнэн хэрэгтээ нүүрс, газрын тос нь “үл үзэгдэх алуурчдын” үүргийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхий даяар таван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг гэх судалгаа бий.

Зөвхөн 2018 онд дэлхийн хэмжээнд 8.7 сая хүн чулуужсан түлшнээс болж амиа алдсан байна. Үүний эсрэгээр, цөмийн эрчим хүч үүсч эхэлснээс хойшхи 70 орчим жилийн хугацаанд ердөө гурван үйл явдал олон нийтийн түгшүүрийг төрүүлэв. Тодруулбал, 1979 оны Гурван милийн арал, 1986 оны Чернобылийн гамшиг, 2011 оны Фукушимагийн цөмийн гамшиг. АНУ-ын Цөмийн энергийн албаны мэдээлснээр цөмийн эрчим хүч нь хамгийн өндөр хүчин чадалтай бөгөөд станцууд нь засвар үйлчилгээ бага шаарддаг. Мөн нэг удаагийн түлш цэнэглэлтээр хоёр жил гаруй хугацаанд ажиллах хүчин чадалтайгаас гадна салхи, нарны цахилгаан станцаас гурав дахин илүү найдвартай юм.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН СУЛ ТАЛ

Цөмийн эсрэг хөдөлгөөн, бүлгүүд хэд хэдэн шалтгааны улмаас үүнийг эсэргүүцдэг байна. Жишээ нь дэлхийн Хоёрдугаар дайны үед Японы Хирошима, Нагасаки хотод болсон цөмийн гамшгаас үүссэн хохирол болон Орос-Украины дайн хурцадмал байдалд шилжиж, цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй байдлаас сэргийлж цөмийн эрчим хүчнээс татгалзахыг уриалдаг. Олон арван мянган хүний амь насыг авч одсон цөмийн зэвсэг нь цацрагаас үүдэлтэй өвчнийг бий болгож, эко системийг бүхэлд нь үхүүлдэг.

Тиймээс цөмийн энергийг зэвсэг болгож, аймшигт хор хөнөөлийг авчрахгүйн тулд 1970 онд “Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх тухай хууль” хүчин төгөлдөр болсон байна.

Уг хуулийн гол зорилго нь цөмийн зэвсгийн тархалтаас сэргийлж, уг төрлийн зэвсэггүй байхын төлөө юм. Мөн цөмийн энергийг зөвхөн энхийн зорилгоор ашиглахыг дэмжих зорилготой. Гэсэн хэдий ч энэхүү эрчим хүчний эх үүсвэрийг эсэргүүцэгчид цөмийн энергийг цөмийн зэвсгийн технологитой гүн гүнзгий холбоотой гэж үзсэн хэвээр байгаа. Цөмийн технологи дэлхий дахинд нэвтэрч байгаа энэ үед өндөр хөгжилтэй орнууд буруу замаар ашиглах эрсдэл өндөр байдаг гэх судалгаа бий.

Өмнөх хэсэгт дурдсанчлан цөмийн энерги нь цэвэр эрчим хүчний эх үүсвэр юм. Гэсэн хэдий ч цацраг идэвхт цөмийн хаягдал нь плутони, ураны үрэл зэрэг маш хортой химийн бодис агуулдаг. Эдгээр материалууд нь хэдэн арван мянган жилийн туршид хорт чанараа хадгалдаг тул болгоомжтойгоор бүрмөсөн устгах шаардлагатай байдаг.

Дэлхий дахинд 1950-иад оноос хойш 250,000 тонн өндөр цацраг идэвхт цөмийн хаягдлын овоолго хуримтлагдаж, тархсан.

Үүний 90,000 тонн нь зөвхөн АНУ-д хадгалагдаж байна. Цөмийн хаягдлын хор хөнөөлийг мэддэг олон хүн осол гарахаас болгоомжилж, цөмийн энергийг эсэргүүцдэг ч ийм зүйл тохиолдох магадлал тун бага. Цөмийн зэвсэг үнэхээр ашиглагдаж эхэлбэл дэлхий дахинд аюул нүүрлэхийг эсэргүүцэгчид мэддэг. Фүкүшимагийн гамшиг хэнийг ч шууд алаагүй ч 150,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, олон тэрбум ам.долларын цэвэрлэгээ хийхэд хүргэсэн байдаг.

Эцэст нь хэлэхэд, бусад эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад цөмийн эрчим хүч нь хамгийн үнэтэй, цаг хугацаа шаардсан эрчим хүчний нэг юм. Цөмийн станцуудыг барихад олон тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүчний бусад дэд бүтцээс хамаагүй удаан, заримдаа бүр арав гаруй жил шаардагддаг. Гэхдээ тус станцыг ажиллуулахад харьцангуй хямд байдаг нь өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг хүчин зүйл юм. Хэрэв утаагүй болох зорилго тавьсан улс орнууд хангалттай хугацаанд хүлээж чадна гэж шийдвэрлэх бол цөмийн станц барьж, ирээдүйд найдах хэрэгтэй.

Цөмийн энергийн давуу болон сул талуудын талаарх маргаан олон жил үргэлжилнэ. Цөмийн эрчим хүч аюултай байж болох ч томоохон гамшиг ховор тохиолддог бөгөөд эрсдэл нь жил бүр олон сая хүний ​​аминд хүрдэг нүүрс, газрын тос зэрэг чулуужсан түлшний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөс бага байдаг.

Орос, Саудын Араб зэрэг чулуужсан түлш нийлүүлэгчдээс хараат байгаа орнуудын хувьд цөмийн эрчим хүч нь хараат бус томоохон алхам юм. Гэхдээ мэдээж хэрэг цөмийн эрчим хүч ашиглах бол уран импортлогч орнууд болох Канад, Казахсан, Австрали зэрэг орнуудын хараат болно. Тиймээс эцсийн гол асуулт нь бид импортын хувьд аль улсаас хамааралтай байвал илүү үнэ цэнэтэй, зөв сонголт болох вэ?

ЭХ СУРВАЛЖ: EARTH.ORG, THE NUCLEAR WASTE DISPOSAL DILEMMA, NUCLEAR ENERGY: A SILVER BULLET FOR CLEAN ENERGY?

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *