АНУ-ын хилийн чанад дахь барилга байгууламжийн үйл ажиллагаа хариуцсан товчооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар АНУ-ын Хилийн чанад дахь барилга байгууламжийн үйл ажиллагаа хариуцсан товчоо  (Bureau of Overseas Buildings Operations /OВО/)-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/364 дүгээр захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 39,967 ам метр газрыг Америкийн Нэгдсэн улсын дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн, “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-тай гэрээ байгуулж, гэрчилгээ олгож байсан. Уг уулзалтаар талууд тухайн байршилд шинээр барих Америкийн Нэгдсэн улсын дипломат төлөөлөгчийн газрын ус зайлуулах шугам сүлжээний ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр барих Америкийн Нэгдсэн улсын дипломат төлөөлөгчийн газарт ус зайлуулах шугамын ажил хийхээр төлөвлөсөн. Уг ажлыг хийх явцад аюулгүй байдлаа ханган, улс, нийслэлээс хийж буй бүтээн байгуулалтын ажилд хамтарч ажиллах саналтай байна. Нийслэлийн зүгээс уг ажлыг явуулахад шаардлагатай дэмжлэгийг цаг алдалгүй хүргэн, цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Ташрамд, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 37 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Мөн одоогоос 23 жилийн өмнө Улаанбаатар, Денвер хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосон байдаг. Улмаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Их тойруугаас доош Сэлбэ голын баруун эрэг дагуу явж Бээжингийн гудамж хүртэлх гудамжийг “Денверийн гудамж” хэмээн нэршүүлсэн түүхтэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *