Баянзүрхээс сойсон бэлтгэгдсэн инженер Энхболдын Одонтуяа

0

Нийслэл Улаанбаатар хотыг дэлхийд бүрэн нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай аюулгүй орчин бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхтай, шинэ эриний ухаалаг, найрсаг, эко хот болгон шинэчлэх үйл явц нь хүн болгонд хамааралтай өргөн хүрээний ойлголт юм. Тиймээс шийдвэр гаргах түвшинд тооцоолол судалгаатай, илүү шинжлэх ухаанчаар хандах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Тухайлбал, нийслэл хотын иргэн таны амьдарч байгаа орчин, зам, гүүр, инженерийн байгууламжаас гадна захиалсан, эсвэл ирээдүйд амьдрах орон сууцаас эхлүүлээд ажлын байрны чанар, стандартын  шаардлагын асуудалд иргэд санаа зовнил ихтэй болсон. Эдгээр эргэлзээтэй асуудлуудын хариулт нь инженерийн байгууламжийн бүхий л салбарт БЭЛТГЭГДСЭН, МЭРГЭШСЭН, СУДАЛГААТАЙ, МЭРГЭЖЛИЙН ИНЖЕНЕР-ийг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллуулах арга зам юм. Ингэснээр судалгаанд үндэслэсэн, зөв тооцоололтой, цогц бодлого хэрэгжинэ, үүнийг дагаад иргэдийн өмнө тулгамдсан олон асуудал шийдэгдэх боломжтой. Энэ бол нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 3-р тойргоос нэр дэвшигч, Монгол Улсын зөвлөх инженер Энхболдын Одонтуяаг сонгон ажиллуулах нэг шалтгаан мөн. Тэр бэлтгэгдсэн үү гэвэл “Хангалттай сайн бэлтгэгдсэн” хэмээх тайлбарыг баримт, үндэслэл, жишээгээр тайлбарлая.

БАРИЛГА ОНОШИЛГОО БА ХАРИУЦЛАГАТАЙ ШАВЬ

Монгол Улсын хэмжээнд барилгын бүтээцийн бодит болон загвар дээрх туршилт судалгаа, орон нутгийн материалаар хийсэн бүтээцийн физик механик шинж чанарын судалгаа, шинэ бетоны чанарын шинжилгээ зэрэг туршилт судалгааг олон улсын стандарт, норм дүрмийн түвшинд хийдэг чухал лаборатори бол ШУТИС-ийн харьяа “Байгууламжийн сорилт шинжилгээ лаборатори” юм. Энэхүү мэргэжлийн итгэмжлэгдсэн лабораторид тэрбээр 18 жил ажиллаж, бүрэн мэргэшсэн боловсон хүчин болж бэлтгэгджээ. Мөн түүнчлэн ажиллаж байх хугацаандаа ШУТИС-ийн дэргэдэх зураг төсөл, барилга оношилгооны төвийн шинжээчийн хувиар 300 гаруй барилгад барилгын бүтээцийн хэв гажилтын хяналт шинжилгээ хийж гүйцэтгэсэн туршлагатай. Мэргэжлийн нарийн ур чадвар, мэдлэг туршлага шаардсан энэ ажлыг Э.Одонтуяа төвөггүй хурдан, шуурхай хийдэг хүн гэдгийг ажлын хамт олон, эрдэмтэн профессорууд нь тодорхойлж байлаа. Тухайлбал, түүний аавын дайтай “аав” гэж хүндэлдэг, эрдэм номын их ажилд хөтөлсөн ШУТИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Я.Дүйнхэржав “Барилгын хяналтын чиглэлээр мэргэшиж, туршлагажсан Э.Одонтуяа шавь минь өнөөдөр даалгасан ажлыг маргааш нь мэргэжлийн түвшинд хийчихсэн байдаг, тийм л хурдан шаламгай, хариуцлагатай хүн. Шийдвэр гаргах түвшинд ажилласнаар түүний ур чадвар, мэргэжлийн судалгаа, шинжилгээ, тооцоолол хот төлөвлөлт, хотын хөгжилд бодит үр дүн авчирна” хэмээв.

БОЛОВСРОЛТОЙ, БАС БЕТОНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭДЛЭГИЙН ХҮРЭЭ ӨНДӨР

Энхболдын Одонтуяагийн ажил, амьдралын 20 гаруй жил ШУТИС-тай салшгүй холбоотой. Тэрбээр 2001-2005онд ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуульд Барилгын бүтээц эдлэлийн технологич мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн. Тэр үед эрдэмтэн багш П.Сэргэлэнгийн саналаар сургуульдаа үлдэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гараагаа эхлүүлжээ. Хоёр жилийн дараа гэхэд барилгын инженерийн магистрын зэргээ “Төмөр бетон бүтээцийн температурын өөрчлөлт” сэдвээр амжилттай хамгаалсан нь боловсролын зэргээ ахиулаад зогсохгүй төмөр бетоны чиглэлээр дагнасан, гүнзгийрсэн судлаач, эксперт болох замд хөтөлсөн түүхтэй.

Газар дээрх болон газар доорх хотыг цогцлооход төмөр бетон буюу түүний мэргэшсэн чиглэл яахын аргагүй тулгуур багана болдог. Зам, гүүр, шугам, хоолой гээд хотод барьж байгуулдаг юу л байна, тэр бүхэнд бетон, төмөр бетон хэрэглэдэг. Тэр тусмаа Монгол Улс шиг эрс тэс, цочир хүйтэрч, огцом халдаг уур амьсгалын өөрчлөлт ихтэй оронд аливаа байгууламжийг барихад зөв технологиор чанар стандартыг баримтлах нь хамгаас чухал. Иймд Э.Одонтуяа энэ чиглэлд судалгаа шинжилгээ хийж, бас олон жилийн турш ажилласан эксперт хүний хувьд ИТХ-д, бодлого, шийдвэр гаргахад мэргэжлийн өнцгөөс сайн ажиллаж чадна.

Э.Одонтуяа хоёр удаа магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр гадаад дахь магистрын судалгааны ажлаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ансон хотын Ханкёны их сургуульд Чой Дон Ук профессорын удирдлага дор 2012-2015 онд хамгаалаад зогсохгүй Азийн бетоны холбооны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, шилдэг судалгааны ажлаар шалгарч байв.

Эрдмийн ажил оройгүй гэдэг. БНСУ-д магистр хамгаалаад ирэхэд нь түүний багш мэндийн зөрүүгүй л “Дахиад сур, доктор бол” гэсэн үүрэг оноожээ. Одоо тэрбээр докторын хөтөлбөрт суралцаж, судалгааны ажлуудаа хийж дуусган, хог хаягдлын чиглэлээр “Хатуу хог хаягдал болох бетоныг дахин боловсруулан бетонд ашиглах” сэдвээр диссертаци бичих шатандаа орсон байна. Үүний хажуугаар эрдэмтэн, судлаачдын гол үзүүлэлт болох олон улсын шалгуур өндөр “Cement and concrete research” болон “Journal of traffic and Transportation Engineering” сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлсэн амжилттай.

“БАЯН ЗАХИРАЛД ЗАХИРАГДАЖ БОЛОХГҮЙ”

Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, хайртай, ёс зүйтэй байна гэдэг сайхан. Харин мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, түүчээлнэ гэдэг бүр сайхан гавьяа. Э.Одонтуяа инженерийн ёс зүйгээ ягштал мөрддөг, бас оюутнууддаа байнга захиж сургадаг. Тиймдээ ч Монгол Улсын зөвлөх инженер хэмээх эрхэм сайхан алдрыг хүртжээ. Хэмжилт, хяналт хийхээр барилга байгууламжид очиход янз бүрийн гүйцэтгэгчидтэй тааралдана. Жишээлбэл, барилгын чанараа сайн болгох хүсэлтэй хүн байхад эсрэгээрээ бүр муу барилгаа сайжруулах арга хэмжээ авахыг хүсэхгүй нэгэнтэй ч таарч байсныг бас дурдав. Тэр болгонд ёс зүйгээ баримтлан, хараат бусаар хэмжилт туршилт хийж, зөвхөн барилгынхаа үнэн бодит байдлыг тайлагнаж ирсэн нь салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, түүчээлэхэд хөтөлжээ. Эмч хүн алдаа гаргаснаар нэг өвчтөнийг алдаг бол инженерийн буруутай үйлдлээс хэдэн зуун хүн эрсдэх аюултай. Тиймээс л тэр оюутнууддаа “Баян захиралдаа захирагдаж, мэргэжлийн ёс зүйгээ умартан, чанаргүй барилга барьж болохгүй” гэж цаг ямагт захидаг байна.

ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ХӨГЖИЛД – ШИНЖЭЭЧ Э.ОДОНТУЯА

Онол-практик хосолсон буюу шинжлэх ухааны судалгааны ололтод тулгуурласан хөгжил үр дүн авчирдгийг хөгжингүй улсууд нотолсоор байна. Тэр тусмаа хот байгуулалт бол зөв төлөвлөлт, чанар стандарт, аюулгүй өнгө үзэмж бүхий цогц шийдэлтэй, нарийн няхуур гүйцэтгэл ажил шаарддаг ажил. Хэрэв алдаа дутагдал гарвал цаг хугацаа, хөрөнгө мөнгөнөөс эхлүүлээд хамгийн харамсалтай нь иргэд хохирч үлддэг талтай. Тиймээс нийслэл Улаанбаатар хотын төлөвлөлт, чанар стандартуудын хэрэгжилт, томоохон бүтээн байгуулалтын ажилд Э.Одонтуяа шиг мэргэшсэн, туршлагатай инженерийн үүрэг оролцоо маш чухал. Ерөөс тэнд мэргэжлийн хүний орон зай үгүйлэгддэг тул тэрбээр нэр дэвшиж байна, Баянзүрх дүүргийн МАН-аас ч мэргэжлийн хүнээ сойжээ. Жишээ нь, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төсөл болох төмөр зам доогуурх нүхэн туннель барих, автозам тавих ажил өдгөө эрчимтэй үргэлжилж, эхнээсээ ч нээлтээ хийж байна. Энэ мэт ажлуудыг дуусгах, цаашид нийслэлд шаардлагатай олон шинэлэг, цогц арга хэмжээг тэр бодлогоор дэмжиж, урагшлуулах чадвартай, мэргэжил үнэртсэн хүн мөнөөс мөн. Ид хийж бүтээх нас, эрч хүч, тууштай хичээл зүтгэл, арвин туршлага бол түүний гол “зэвсэг” юм. Түүнд нөөц бий, мэдлэг туршлага бий, зөвлөгч дэмжигч хамт олон бий, хийж бүтээх залуу нас ч бий.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *