“ГАЦУУРТ”-ЫН Л.ЧИНБАТЫН ХОЁР САРЫН ХОРИОНЫ ХУГАЦАА ДУУСАЖ, ХҮН ДАЙРЧ ХӨНӨӨХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЖЭЭ
“Гацуурт”-ын Л.Чинбат эрх чөлөөтэй болж, хүн дайрч хөнөөхийг завдсан хэрэг нь хэрэгсэхгүй болоод дөрвөн сар өнгөрчээ. Түүнийг шийтгэсэн хоёр сарын хөл хорионы хугацаа долдугаар сард дуусаж. Баян наадмын өмнө “суллагдсан” гэсэн үг л дээ. Хэрэв өөр хэн нэгэн сайдын аавыг машинаар хөөж, улаан галзуу дайрсан бол хэрхэх байсан бол…
“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат хүн дайрч хөнөөхийг завдсан хэрэг жил орчмын хугацаанд хууль хяналтын байгууллагад “гацаж” эцэст нь хэрэгсэхгүй болсон. Харин түүнийг цахим хуудастаа “Адууны хулгайчидтай тэмцэж байна” гэсэн хоёр өгүүлбэртэй постоор нь яллаж, худал мэдээлэл тараасан, хүний нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хоёр сарын хугацаанд гарахгүй байхаар шийтгэсэн. Үнэндээ, энэ нь Л.Чинбатад бараг л “амралт” гэсэн үг л дээ. Хэрэв Л.Чинбат цахим хуудастаа тийм пост оруулаагүй байсан бол бүүр ялгүй өнгөрөх байсан. Шүүхийн тогтоол уншуулагүй, хэрэг нь хаагдах байсан гэсэн үг л дээ.
Тэр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх хугацаанд тэр ОХУ-ын хил давж, хэргийн газраас оргон зугтаасан. Аймгийнхаа ИТХ-ын хуралд хэд хэдэн удаа оролцож, санал бодоо солилцсон. Газар тариалангийн ажилдаа гарамгай сайн шамдаж, шаргуу ажилласан. Өөрийгөө өмөөрсөн тайлбар мэдүүлэг өчнөөн өгсөн. Адууны хулгайчидтай тэмцсэн хэмээн худал жиргэж, Ардын баатар болох дөхсөн.
Хэргийг эргэн сануулбал, “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай холбоотой бичлэг цахим сүлжээнд өнгөрсөн 2023 оны зургадугаар сарын 15-нд цацагдсан байдаг. Тодруулбал, Л.Чинбат зөвшөөрөлгүй, хууль бусаар 360 гаруй адууг Дорнод аймгаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт оруулж ирснийг төрийн албан хаагчид болон нутгийн иргэд эсэргүүцсэн. Хууль бусаар өвчний голомттой нутгаас авчирсан адууг нь албадан гаргахыг шаардаж, эсэргүүцсэн малчдыг Л.Чинбат машинаараа хөөж байгаа бичлэгийг Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзориг цацсан юм. Л.Чинбат өдөржин нутгийн иргэдийг автомашинаараа ууртай гэгч нь элдэж хөөгөөд, заналхийлж, аархаж байгаад цагдаа нарыг шалгахаар очиход нь хэдийнэ хил даваад зугтаачихсан байдаг. Тэгээд “Би олон улсын хуралд уулзалттай” гээд бааварлаж байлаа. Тэгээд дараа нь цахим хуудастаа “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” хэмээн бичиж, нутгаа хамгаалах гэж тэмцсэн иргэдийг гүтгэсэн. Ийм үндэслэлээр тэр зорчих эрхээ хязгаарлуулсан. Угтаа тэр өдөр хүний аминд заналхийлсэн, санаатайгаар хөнөөхийг завдсан гэдэг үндэслэлээр Л.Чинбатыг цагдан хорих байсан ч тэр ОХУ-ын хил давснаар байдал намжсан. Эцэст нь, хаагдсан.
Цагдаагийн байгууллагаас Л.Чинбатыг гурван зүйл ангиар шалгасан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Сүмийн булан нэртэй газарт 2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13:40 цагт Л.Чинбат гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг “Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан. Улмаар Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ. Харин хачирхалтай нь, Хөдөлмөрийн баатарын хүн хөнөөхийг завдаж, заналхийлж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацсан Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригийг мөн л яллагдагчаар татан шалгаж байгаа. Тодруулбал, Б.Ганзоригийг “Гацуур” ХХК-ийн ажилтны хурууг хугалсан, Л.Чинбатын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэдэг худал мэдээлэл тараасан үндэслэлээр шалгаж, ээрч байгаа талаар тэр удаа дараа тайлбарлаж, мэдээлсэн билээ.
Эрүүгийн хуульд зааснаар:
10.1 дүгээр зүйл .Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Угтаа Эрүүгийн хуулинд ингэж заасан байдаг. Гэтэл энэ хуулиуд Л.Чинбатад үйлчилсэнгүй.