Ипотекийн зээлийн хүүг шатлалтай тогтоох саналыг танилцуулжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө Үндэсний орон сууцжуулалтын хороог ахлахаар болсноо мэдэгдсэн. Тус хороог Ерөнхий сайд ахалснаар залуусыг орон сууцжуулах ажлыг эрчимүүлж, ипотекийн зээлийнхүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлаж байсан билээ.Манай улс жилд 1-1.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож байна. Энэ нь жилд ойролцоогоор 6000 орчим айл ипотекийн зээлд хамрагддаг гэсэн үг. Гэвч энэ нь эрэлтээ хангаж чадахгүй байгаа учраас банкуудад ипотекийн зээлийн хүсэлт 2-3 жилийн хугацаанд шийдэх хэмжээнд оочер, дараалал үүсээд байгаа. Ипотекийн зээлийн эрэлт их байгаа ч санхүүжилт нь хязгаарлагдмал учраас ийнхүү урт дараалал үүсэж буй. Тиймээс Монголбанкнаас ипотекийн зээлийн хүүг шатлалтай тогтоох саналыг Ерөнхий сайдад танилцуулжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын А бүсэд ипотекийн зээлийн хүү 10-12, Б бүсэд найм, хөдөө орон нутагт зургаан хувийн хүүтэй байх хувилбарыг танилцулсан байна.Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэх чиглэлд хүүг нэмснээр банкны оролцоо нэмэгдэх юм. Яагаад гэхээр банк 12 хувийн хүүтэй хадгаламж татчихаад зургаан хувийн хүүтэй зээл олгож чадахгүй учраас зургаан хувийн хүүг нэмэх хэрэгтэй.Зургаан хувийн хүү гэдэг бол маш бага хүү. Хүмүүс 17, 18 хувийн хүүтэй зээл аваад бизнес хийгээд явж байхад орон сууцны зээл нь зургаан хувийн хүүтэй байгаа. Хөдөөгийн сэргэлт гэдгээрээ хөдөө орон нутагт зургаан хувь байж болно. Харин Улаанбаатар хотод тэр дундаа А бүс гэж нэрлээд байгаа хэсэгт орон сууцны зээлийг зургаан хувиар өгч, түгжрэлийг нэмэх шаардлагагүй. Зах зээлийнхээ хүүгээр байх ёстой. МИК олон улсаас бонд босгож ирээд түүнийгээ ипотекийн зээл болгоод гаргаж байгаа. Энэ зээлийн хүү 12-14 хувьтай байгаа. 14 хувийн хүүтэй ипотекийн зээл хүрэлцээтэй байна. Эх үүсвэрүүд нь байна. Тиймээс л ялгавартай хүүтэй байя гэдэг саналыг танилцуулсан. Орон нутагт зургаа, хотын төв рүүгээ арилжааны хүүтэй, Б бүсэд найм ч гэдэг юм уу шатлал тогтоож болно. Хэрвээ ийм өөрчлөлт хийвэл эх үүсвэр хангалттай байна” гэсэн юм.Энэ бол Монголбанкнаас танилцуулсан хувилбар бөгөөд эцсийн байдлаар шийдэгдээгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалсан Үндэсний орон сууцжуулах үндэсний хороо шийдвэрлэх бөгөөд ойрын хугацаад ипотекийн хөтөлбөрт томоохон шинэчлэл хийх бололтой.