Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Монголын ард иргэд шилжилтийн хэмээх тодотголтой 30 жилийг цэглэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давлагаа болсон парламентын засаглалын шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурлыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг дэмжсэн билээ. Нэг үгээр хэлбэл, нутгархдаг биш улс орны хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэж чаддаг, ажил хэрэгч төлөөллийг хүссэн нь судалгааны үр дүнгүүдээс тодорхой харагдаж байна. 
Өндөр хүлээлт хариуцлагыг хамт дагуулдаг жамтай. Хэрэв 126 төлөөлөл бүхий энэ парламент, Засгийн газар иргэдийн энэхүү хүлээлтийг биелүүлж чадахгүй, өмнөх шиг, эсвэл бүр өмнөхөөсөө тааруу гэсэн нийгмийн дүгнэлтэд хүрвэл ардчилсан парламентын засаглалд аюул учрах хэмжээний эрсдэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үүл мэт хуралдсаныг Та бид хамтдаа ухамсарлах учиртай.
Аливаа асуудлын шийдлийг олж, амжилт бүтээхэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй ч, нураахад нэг л бодлогогүй үйлдэл хангалттай болохыг бид 2014 оноос хойш 10 гаруй жил зарцуулж байж ахиулсан зээлжих зэрэглэлийн үнэлгээ зэрэг олон жишээнээс харж бас суралцаж болно.
Ийм алдааг давтахгүйн тулд бид хамтарсан Засгийн газар байгуулж, “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээнд үндэслэсэн эхний төсвөө Засгийн газар Улсын Их Хуралд өргөн барьж байна.
2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын төсөв бол Монгол хэмээх айлын орлого, зарлагын төсөөлөл төдийгүй, улс орны эдийн засгийн багтаамж, дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт орлогыг чиглүүлэн сэдэлжүүлэх суурь байдаг билээ.
Аль ч улс орны эдийн засгийн хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр л хэмждэг. Бид ч олон улсын энэ жишгээр хөгжлийн суурь үзүүлэлтээ хэмжих нь ойлгомжтой.
Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4,000 ам.долларт 10 гаруй жил гацсаны эцэст боомтын нэвтрэх хүчин чадал сайжирч, эрдэс баялгийн салбарын далд эдийн засаг ил болж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдсэнээр 2023 онд 6,000 ам.доллар давсан бол, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ79.2 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах бол манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөвтэй байна.
Мэдээж өдрөөс өдөрт дэлхий улам хуваагдмал болж, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын геополитикийн нөхцөл байдал эдийн засагт том хэмжээний эрсдэлийг дагуулах нь тодорхой.
Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн  банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласнаас хойш төсөөллөө ахиулж зургаа болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилж, энэхүү төсвийн хэлэлцүүлгийг анхаарал тавин ажиглаж байна. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагчид биднийг харж байна.
Мэдээж бид эрсдэлийг тооцох учиртай. Гэхдээ хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв. Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байна гэж үзлээ. 
Нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт Монгол Улс хүрч үзээгүй. Гэвч хүрсэн улс орнуудын хувьд дараах эерэг өөрчлөлтүүд гарсан байдаг.
●      Зээлжих зэрэглэл 1-2 түвшин дээшилж, зээлийн хүү 30 хүртэл хувь буурна.
●      Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-аас гурав дахин өсөж, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэнэ.
●      Шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалтын хувь нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдсэнээр эдийн засаг төрөлждөг.
●      Чадварлаг хүний нөөц эх орондоо буцан ирж, гадаадын чадварлаг мэргэжилтнүүд тус улсад ажиллаж эхэлнэ.
●      Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсөж, өрхийн орлого нэмэгдсэнээр ядуурлын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр засаглалын бүтээмж сайжирдаг.
●      Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанар сайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгддэг.
Дэлхий дээр хөгжлийн өөр жор, өөр ид шид байхгүй бөгөөд бид алхам алхмаар эдийн засгаа тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ аль болох ойрын хугацаанд 10,000 ам.доллар түүнээс дээш гаргах учиртай.
Хүн төрөлхтний амьдралын хэв маягийг асар хурдтай өөрчилж буй хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн энэ үед монголчууд бид хөгжлийг хөөж биш харин угтаж түрүүлэх, өнгөрсөнтэй зууралдах бус алсыг харж, цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулж хурдтай хөгжих шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Монгол Улс хурдтай хөгжлийн төлөө эдийн засгийн 14 мега төслийг дараах эрэмбээр 2025 онд Улсын Их Хуралд танилцуулж, ил тод хэлэлцэн шийдвэрлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
 
·      Хэлэлцээрийн шатанд 18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой.
·      Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр 2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана.
·      26 жилийн туршид хайгуулын үйл ажиллагаа явуулсан Монгол Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлж чадвал манай улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төсөл болох ба улсын төсөвт 4.5 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх боломжтой.

·      Уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилттэй уялдуулан
Орхон-Онги, Хэрлэн-Тооно ус дамжуулах хоолой барих төслийг хэрэгжүүлснээр говийн бүсэд хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэж, Улаан нуурыг сэргээж, нуур орчмын экосистем, биологийн олон янз байдал сэргэж, цөлжилтийг бууруулах чухал ач холбогдолтой. Говийн бүсийг усжуулахгүйгээр эдийн засгийн бусад томоохон төслүүдийг урагшлуулах боломжгүй юм.
·      2013 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 жил гацсан Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ. 
·      Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах Үндэсний хиймэл дагуулын төсөл хэрэгжсэнээр 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Мөн бид хиймэл оюун ухаан, технологийн шилжилтэд бэлтгэлээ хангах суурь болно.
·      Түүнчлэн боловсруулах үйлдвэрийн багц төслүүд
·      Сэргээгдэх эрчим хүчний багц төслүүд
·      Нийслэлийн дэд бүтцийн багц төслүүдийг Улсын Их Хуралд танилцуулж хамтын шийдэл гаргах болно.
 
Дахин хэлэхэд эдгээр 14 төслийн таваас доошгүй нь хэрэгжиж эхэлснээр 2025 оны төсвийн жил төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй байх болно. Уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг мөн 2025 оны төсөвт суулгалаа.

Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих, үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас
·      Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, худалдан авах ажиллагаа,
·      Татвар, төсвийн зарлагын шинэчлэл,
·      Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглал,
·      Үндэсний орон сууцжуулалтын тогтолцоо, хуримтлалын сан,
·      Бүсчилсэн хөгжил,
·      Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хотын засаглал,
·      Эрчим хүчний салбарын шинэчлэл,
·      Ногоон эдийн засаг, ногоон шилжилт,
·      Их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан цахим шилжилт,
·      Төрийн албаны эрх зүйн шинэчлэл,
·      Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага,
·      Уул уурхайн тусгай зөвшөөрлийн олголт, ашиглалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг 14 багц эрхзүйн реформыг 2025 оны төсвийн жилд багтаан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөлөө.
 
Эдгээр эрхзүйн суурь реформыг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар Ажлын хэсгүүд байгуулагдаж ажиллаж байгаад Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Ажлын хэсгийн эрхэм гишүүдэд талархал илэрхийлж, Засгийн газар нягт хамтран ажиллахаа илэрхийлье.


 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Та бид хамтдаа энэ бүрэн эрхийн хугацаанд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд 2025 оны төсвийг эдийн засгийн суурийг тэлэх дэд бүтцэд зарцуулж, төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гарган салах шаардлагатай байна.
Энэ агуулгаар Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 шинэ төсөл эхлүүлдэг байсан бол 2025 оны төсвийн төсөлд дэд бүтцийн 38 шинэ төслийг санхүүжүүлэхээр тусгалаа.
Монгол Улс Мянганы замын бүтээн байгуулалтын хүрээнд 7,000 км авто зам тавихад 21 жил зарцуулж байсан бол Бүсчилсэн хөгжлийн суурийг тавихад чиглэсэн аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай эдийн засгийн ач холбогдлын дарааллаар нь холбохын тулд ирэх 4 жилд 4,440 км орчим авто зам барих, ирэх оны төсөвт 2,100 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.
Төрөлжсөн болон дэд бүсүүдийг дэмжих хүрээнд 1,650 МВт шинэ эх үүсвэрийг бий болгох болон цэвэр эрчим хүчний шилжилтийн зардлыг тусгалаа.
Нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг бүрэн санхүүжүүлж чадаагүйгээс барилгын чанарын асуудал гардаг байдлыг бүрэн шийдвэрлэхийн тулд шилжих нэртэй сунжирсан 602 төслийг бүрэн дуусгах санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь оновчтой гэж үзлээ.
Ингэснээр улсын хэмжээнд 90 сургууль, 62 цэцэрлэг, 31 эмнэлэг, 22 дотуур байр, соёл, спортын байгууламж 60, гэр бүл, нийгмийн хамгааллын 18 байгууламж бүрэн ашиглалтад орно. Ингэснээрсургуулийн хүчин чадал 40,610 суудлаар, цэцэрлэгийнх 9,540 ороор тус тус нэмэгдэнэ.
Нийгмийн суурь үйлчилгээг иргэд, нийгмийн бүлгүүдэд чиглүүлж, чанартай, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч, ирэх оны нэгдүгээр сараас өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалинг инфляцтай уялдуулан зургаан хувь нэмэгдүүлэхээр тусгалаа.
Орон сууцжуулалт бол иргэдийн амьдралын баталгааны нэг тул Засгийн газраас үндэсний орон сууцжуулалтын реформыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай уялдуулан хэрэгжүүлж, 1.0 их наяд төгрөгийг орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд зарцуулж, 13.0 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөж байна.
Бүсчилсэн хөгжлийн реформын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотод 1992-2021 оны хооронд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2028 он хүртэл үүнээс гурав дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүссэн байна.
Засгийн газраас Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг энэ жилийн төсвийн жилд багтан Улсын Их Хуралд өргөн барьж,  
●      Нийслэлийг Хөшигийн хөндийтэй холбосон туннел,
●      Нийслэлийн төвийг тус туннелтэй холбосон ган татлагат гүүр
●      Туулын хурдны зам,
●      Тэрэлжийн замын бүтээн байгуулалт
●      Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км “Метроны нэгдүгээр шугам” зэрэг бүтээн байгуулалтын төслийг 2025 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхийн тулд төсвийн болон санхүүгийн бусад эх үүсвэрээр дэмжих бодлогыг мөн тусгав.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  нэгдсэн төсвийн үзүүлэлтийг дараах байдлаар тусгалаа.
Үүнд:
2025 оны төсвийн нийт эх үүсвэр-35.8 их наяд төгрөг,
Урсгал зардал-24.5 их наяд төгрөг,
Хөрөнгө оруулалтын зардал – 4.3 их наяд төгрөг,
Тогтворжуулалтын сан-608.9 тэрбум төгрөг,
Үндэсний баялгийн сан-2.4 их наяд төгрөг байхаар тооцов.

2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал:
·      Эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж,
·      Экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч
·      Гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж,
·      Өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж
·      Бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ,
·      35.0 мянган ажлын байр шинээр бий болно.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *