УИХ дахь МАН-ын бүлэг “2025 оны улсын төсвийн тухай асуудал”-аар ажлын тав хоногийн завсарлага авлаа
УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.10.04/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан.
Гэвч УИХ дахь Монгол Ардын Нам (МАН)-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага хүсэв. МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, “Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд явбал УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. Яагаад гэвэл УИХ нь Монгол Улсын жилийн төлөвлөгөөг баталсны үндсэн дээр төсвийг хэлэлцдэг дэгтэй. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хаврын чуулганаар батлах ёстой байсан. Гэвч цаг хугацааны хувьд амжаагүй. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Хуульд нийцүүлэх үүднээс “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсны дараа 2025 оны улсын төсвийг хэлэлцэх нь зүйтэй гэж манай намын бүлгээс үзсэн. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 31.5-д заасны дагуу ажлын тав хоногийн завсарлага олгохыг хүсье” гэв.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга МАН-ын бүлэгт ажлын тав хоногийн завсарлага өглөө. Ийнхүү хэлэлцэх асуудал дууссан учраас өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.