Манлай уяач Т.Галбадрахад цохиулсан иргэнд “Хөнгөн зэрэг”-ийн гэмтэл тогтоогдсон тул түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
Дүрс бичлэг цацагдсаны дараа тухайн үйл явдал нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “G центр” төвийн гадна талбайд болсон
болох нь ил болсон. Мөн Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь буяны ажил үйлдээд салах ёс гүйцэтгэх цайллагыг G центр төвийн 15 давхарт хийгээд гарч
явсан 27 настай залууг “Автомашины хаалтаар гарсангүй” гэх шалтгааны улмаас цохиж, ухаан алдуулаад явсан болохыг хохирогчийн ээж хэвлэлд өгсөн
ярилцлагынхаа үеэр онцолсон байдаг. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байсан юм.
Тэгвэл Т.Галбадрахад цохиулж, ухаан алдаж унасан иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тухайн иргэнд “Хөнгөн
зэрэг”-ийн гэмтэл тогтоогдсон байна. Тиймээс бусдын биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан Монгол Улсын манлай уяач Т.Галбадрахыг яллагдагчаар татах
саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч
иргэний толгойн хэсэг хавдаж, буйл нь
урагдсан аж. Тиймээс ч гэмтлийн зэрэг
тогтоогдсон байна. Бид тус хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Эна талаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ 1-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр зуун дөчин цагаас долоон зуун
хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр
мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил
хийлгэх, эсвэл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ.