Улаан тэнгист аюулгүй байдлыг хангах ажиллагаанд 20 гаруй орон нэгджээ
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 24 /AFP/. Улаан тэнгист аюулгүй байдлыг хангах зорилгоор АНУ-ын тэргүүлсэн олон улсын ажиллагаанд 20 гаруй орон нэгдсэн гэж Пентагон мэдэгджээ.
Ираны дэмжлэгтэй хутичууд ХАМАС бүлэглэлийг дэмжиж байгаагаа мэдэгдэж, тээвэр ложистикийн чухал ач холбогдолтой зам болох Улаан тэнгисээр зорчиж буй хөлөг онгоцуудыг удаа дараа онилон халдлага үйлдэх болоод байгаа юм.Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Пэт Райдер сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “Prosperity Guardian” хэмээн нэрлэсэн аюулгүй байдлыг хангах ажиллагаанд нэгдэхээр 20 гаруй улс орон гарын үсэг зурсан гэж хэлжээ. Хутичууд “дэлхийн улс орнуудын эдийн засгийн сайн сайхан байдал, хөгжил цэцэглэлт рүү халдаж” байгааг тэрбээр онцолсон байна.
“Prosperity Guardian” ажиллагаанд нэгдсэн орнууд Улаан тэнгис, Адены буланд эргүүл хийж, олон улсын усан замаар дамжин өнгөрч буй арилжааны хөлөг онгоцуудад шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлнэ гэж П.Райдер мэдэгдээд, халдлага үйлдэхээ зогсоохыг хутичуудад уриалжээ.