Б.Жамбаацэрэн: Нутагтаа очоод ганц өөрийн хашаанд сайхан амьдрах биш, сумаараа сайхан амьдрахыг хүсэж байна
Их сургуулиа төгсөн багш болж, мэргэжлээрээ 20 жил ажилласан гэр бүл төрөлх нутаг, нийслэлээс 630 км алслагдсан Дорнод аймгийн Баян-Уул сум руугаа шилжиж, нутагтаа амьдрах шийдвэр гаргажээ.
Базарсадын Жамбаацэрэн УБИС-ийг Дүрслэх урлагийн багш мэргэжлээр, түүний эхнэр Ганболдын Одтуяа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн нэг нутгийн хоёр. Тэд сургуулиа төгсөөд Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбороос ажлын гараагаа эхэлсэн ба эхнэр Г.Одтуяа 21 дэх жилдээ энэ сургуульдаа багшилж байна.
Харин өрхийн тэргүүн Б.Жамбаацэрэн “Ирээдүй” цогцолборт долоон ажиллаад, хувийн сургуульд шугам зураг, геометрийн багш, Тэнхимийн эрхлэгч хийсэн. Хамгийн сүүлд Барилгын коллежид мужааны багш хийж байгаад 2022 оноос өөрийн “Буриад дизайн“ нэртэй урлангаа байгуулснаар хувиараа ажиллах болжээ.
Анх ихэвчлэн модон медаль, өргөмжлөл урлаж эхэлсэн бөгөөд энэ нь зах зээлд шинэлэг санаа байжээ. Улс, аймаг, дүүрэг болон албан байгууллагуудын нэрэмжит тэмцээн уралдаан тасрахгүй. Тэдгээрийн өргөмжлөл, цомыг модоор урлаж болох юм байна гэсэн санааг анх гарган нэвтрүүлж, хэдийнэ байнгын харилцагчидтай болжээ.
“Буриад дизайн” урлангийн медалиуд Улаанбаатар хот болон 21 аймгаар тархаж, танигджээ. Үйл ажиллагаа нь тэлэхийн хэрээр төрөл бүрийн модон эдлэл, бэлэг дурсгалын зүйлс, авдар, тавилга зэрэг айл гэрт хэрэгцээт зүйлсийг урлах болж.
Гарын дүйтэй тул дунд сургуульд байхаас аав болон нагац нараа дагаж модон эдлэл, дүнзэн байшин барих арга ухаанд суралцаж, энэ сонирхлоороо ирээдүйн мэргэжлээ сонгожээ. Хүүхэд байхад аав, нагац нарынхаа хийсэн дархны багажуудыг ашиглаж байсан бол орчин үед тэдгээр нь бүрэн автоматжиж, ашиглахад улам хялбар болжээ. Түүний төрж, өссөн нутаг Баян-Уул сум Дорнод аймгийн нийт ойн сангийн 80 хувийг эзэлдэг баян хангай. Социализмын үеийн Ойн анги, мод үржүүлгийн газар одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байдаг.
Модоо дагасан үйлдвэрлэл социализмын үеэс хөгжсөн бөгөөд Баян-Уул сумын 6-р баг болох Эрээний тэрэгний үйлдвэр гэж улсад алдартай үйлдвэр байж. Мөн монгол гэрийн модноос эхлээд гэрийн тавилга, ахуйг хэрэглээний төрөл бүрийн модон эдлэл хийдэг Артелтай, нутгийн урчууд, дархчуудтай. Удам дамжсан дархчууд одоо ч гэрийн мод, байшингаа барихад бусдын гар хардаггүй. Орчин үед барилгын багаж хэрэгсэл нь хөгжиж, хөдөлмөр хөнгөвчлөхийн хэрээр дүнзэн байшин ч улам нарийн, ур хийц сайтай болжээ
Жамбаа арван жилийн сургуулиа төгсөөд, 1996 онд нутгаасаа гарчээ. Их сургуулиа төгсөнгүүт нутагтаа ажиллахаар очсон боловч ажлын байрны орон тоо гараагүй тул Улаанбаатарт суурьшсан гэнэ. Хотод 30-аад жил ажиллаж, мөрөөдлийн тохилог байшингаа барьж, амьдрал ахуйгаа төвхнүүллээ. Төрийн, хувийн сургууль болон техник мэргэжлийн сургуульд мэргэжлээрээ ажиллалаа. Монгол орноороо тойрлоо, гадагшаа явж ч үзэж, харлаа. Уран бүтээлч хүний хувьд гадуур явж, үзэж харахын хэрээр сэтгэлгээний хувьд задарч, юу хийх яах ёстойгоо ухаарна.
Нутаг руугаа буцах тухай тэр таван жилийн өмнөөс ярьсан ч ардчиллын зарчмаар бол аавын санал цөөнх болжээ. Харин өнгөрсөн хугацаанд гэр бүлийнхэн нь ч сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн гэхэд болно. Хүүхдүүд нь өсөж том болж, эхнээсээ аавынхаа ажлыг өвлөж, том хүү нь уран дархны машинууд дээрээ аавын гар харалгүй ажиллаж сурчээ. Удаах хүү удахгүй оюутан болно, хоёр хүү хотод бие даан амьдарч чадахаар болжээ.
Утаа, түгжрэлтэй ч гэсэн Улаанбаатар сайхан л даа. Төвхнөчихлөө, эндээ амьдаръя гэвэл болохгүй юм алга. Гэхдээ хүүхдүүд том болж байна, бидний хувьд хотод амжуулах ажлаа амжуулсан гэж ярилцаад санааны мухарт байсан нутгаа зорих шийдвэрээ гаргажээ. Байгалийн сайханд тааваараа уран бүтээл хийхийн зэрэгцээ нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл түүнд бий.
Би 15-16-тайгаасаа нагац нараа дагаж дүнзэн байшин барьж сурсан. Аав, ээж болон нагац нараас уламжилж ирсэн ажлыг ирээдүйн мэргэжил болгон сонгосон. Буриад зон өөрийн гэр байшин, гэрийн тавилгыг өөрсдөө хийдэг нарийн мужаанууд байсан.
Миний ээжийн ах, С.Пүрэвжав нагац уран сийлбэрч, зураач хүн байлаа. Цагаан-Овоо суманд амьдарч байгаад 1996 онд Баян-Уулд шилжиж ирсэн. Анх 1994 онд Цагаан-Овоод хоёр давхар хамгийн том байшинг барьсан, би есдүгээр ангид байхдаа очиж байшинг нь барилцаж байлаа. Тэр байшин одоо ч бий. “Нутгийн хүмүүс энэ том байшингаар юу хийдэг байна аа” гэцгээж байсан даа. Дараа нь 1996 онд Баян-Уулд ирээд, бас сумын хамгийн том байшинг барьсан. Цэргийн ангийн Хүндэтгэлийн өргөө, нутгийн хүмүүстэй хамтарч Баян-Уул сумынхаа ганданг барьсан уран дархан байлаа.
Дунд сургуульд байхад хөвгүүдийн Хөдөлмөрийн хичээл дээр Таавай багш еэвэнгийн хэв, зургийн жааз гэх мэт ахуйн хэрэгцээний зүйлсийг модоор сийлүүлнэ. Модон урлал сонирхоход Таавай багш надад их нөлөөлсөн. Сурагчид гэр ахуйн зүйлс сийлж, тодорхой хэмжээний үнээр худалдаж борлуулна, бэлэг дурсгалд өгнө. Цагаан сараар буриадууд хэвийн боов тавьдаггүй, еэвэн хийж идээгээ засдаг байсан тул еэвэнгийн хэв бас л хэрэгцээ ихтэй байжээ.
БУРИАДУУДЫН ДҮНЗЭН БАЙШИН БАРИХ УЛАМЖЛАЛТ АРГА ХАМГИЙН САЙН
Буриад хүн сүхээ бариад ууланд гарвал байшингийн модоо бэлдээд бууж ирдэг гэж үг бий. Уулнаас буулгасан модоо угсрахад л дүнзэн байшин дүнхийтэл босно. Энэ үнэн л дээ, одоо ч тийм. Дүнзэн байшингийн технологи бол гайхалтай. Сүхтэйгээ байхад л байшингийн бүх углуургыг цавчаад гаргачихна.
Байшингийн углуургыг маш нарийн гаргаж, дүнз хоорондын дулаалгад байгалийн хөвд хавчуулдаг. Хөвд нь чийгэндээ ургаж модонд наалдсанаар агаар салхи нэвтрүүлэхгүй маш дулаахан байшин болдог.
Хөвд нь ойд модны хожуул чийглэг, сүүдэр газарт ургадаг ургамал. Манай нутгийнхан хөвдийг дүнзэн байшингийн дулаалгад ашигласаар ирсэн бөгөөд дүнз хооронд хавчуулахад мод руугаа барьцалдан зай завсаргүй ургадаг. Тэр байгалийн зохилдолгоог нь буриад дархчууд ашигласаар иржээ. Энэ арга технологиор байшингаа барьж 60-70 жил болсон, үе дамжин амьдарч байгаа айлууд манай суманд олон бий.
Орчин үед барилгын материал төрөл бүрээр хөгжсөнөөр хөвдний оронд шилэн хөвөн, дулаалгын бусад материал хавчуулж байгаа ч тэр нь хөвд шиг барихгүй, сийгнэ. Сийгэлтийг зогсоох гэж силикон шахах зэргээр аргалж байна л даа. Одоо мод зүсэх цахилгаан багаж, хэрэгслүүд төрөл бүрээр гарсан тул байшингийн модыг гараар цавчдаг хүн ховор болсон. Сумын төвд хөрөө рамтай болсон нь ажлыг улам л хялбарчилж байна.
Тэр оюутан байхаасаа нутгийн залуучуудтай хамтарч дүнзэн байшин барьж эхэлжээ. ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуулийн Архитектурын зургийн тэнхимийн багш гэр бүлд байшин барьж өгсөн нь тэдний Улаанбаатарт барьсан анхны байшин байж.
Найзууд байшингийн зургийг гаргаж, тэр дагуу барьжээ. Дөрвүүлээ дүнзээ цавчиж, уулнаас хөвд түүжээ. Бид нар бүх юмыг хийж, “ороожоор” болгоод түлхүүр гардуулсан. Хэдийгээр ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуулийн мэргэжлийн багш нар ч гэлээ “Буриад хүнд байшин барих өгөгдөл байдаг юм байна. Та нарын дунд мэргэжлээр нь сурч, төгссөн хүн байхгүй. Амьдралын ухаанаар л хийж байна” гэж үнэлсэн нь дөнгөж 20, 21-тэй л залууст урам болжээ.
Түүнээс хойш найзуудтайгаа олон байшин барьж, Улаанбаатарт олон айлыг орон байртай болгосон доо. Дараа нь багш болсон ч зун болгон амралтаараа байшин барьж, цалингийн хажуугаар нэмэлт орлого олно.
МӨРӨӨДЛИЙН БАЙШИНГАА ЭХНЭР, ХОЁР ХҮҮТЭЙГЭЭ ДӨРВҮҮЛЭЭ БАРЬСАН
Б.Жамбаацэрэн мөрөөдлийн байшингийнхаа зургийг өөрөө бодож гаргаад, 2022 онд гэр бүлээрээ барьсан гэнэ. Байшингийн ерөнхий рамыг нь нутгийн залуу босголцоод, хадлан тэжээлийн ажилтай гээд буцсан. Зардлаа хэмнэж байгаа хүмүүс хөвүүдийнхээ хичээлийн зав зайгаар эхнэртэйгээ дөрвүүлээ барьсан даа.
Монгол гэр шиг хэлбэртэй ч дундаа баганагүй. Тооноо өндөрлөж, цонхтойгоор гаргасан бөгөөд яндангүй учир тэр орон зайд гэрлийн бүрхүүлээ өлгөсөн нь зохимжтой аж. Зочны өрөө нь дундаа, тойроод гал тогоо, ариун цэврийн өрөө, унтлагын, хүүхдүүдийн гэх мэтээр өрөөнүүдээ тойруулж гаргасан. Дулаан алдагдалгүй, том цонхтой учир голын зочны өрөөнд халаалт бараг хэрэглэдэггүй.
Манай байшинд өнцөг булан гэж байхгүй. Монгол гэрт өнцөг булан байдаггүй учир муу энерги тогтохгүй гэдэг. Тэр агуулгыг бодож голдоо гэр шиг дугуй том өрөө гаргасан, тойрч суугаад хооллох, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг бодсон. Буриадууд өнцөг булангүй 6-8 талтай, баганагүй байшингууд барьж байсан юм билээ
Тэрийг орчин үеийн хэлбэрт яаж оруулах вэ гэж бодсон, 6-8 талтай бол яг гэр шиг дугуй болохгүй. Тиймээс 12 талтай болгож, тал тал руу нь нарны цацраг шиг өрөөнүүдээ гаргасан. Гаднаас харахад жижигхэн юм шиг атлаа 90 гаруй ам.метр талбайтай, бид зургаан ам бүлдээ боломжийн орон зайтай. Халаалт, цэвэр бохирын шугам зэрэг инженерийн шийдлээ бүрэн хийж, орон сууцанд байгаа мэт тухтай байхаар шийдсэн.
Нэг юм онцолж хэлэхэд, байшингаа өөрөө барьж болно. Инженерийн шийдлийг хийхдээ заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Агааржуулалтаа буруу хийвэл гэрт бохир үнэртэнэ, энэ их чухал шүү гэв.
ЯАГААД НУТАГ БУЦАХААР ШИЙДЭВ
Манай нутаг байгалийн өгөгдөл ихтэй. Төрөл бүрийн жимс, ногоо ургана. Онон, Улзаас эхлээд олон голтой. Ямар ч ногоо тарьсан ургах үржил шимт хөрстэй, хамгийн гол нь ой модны нөөцтэй.
Модтой гээд ой руугаа дайрч тайрч зараад байх биш, нэмүү өртөг шингээж борлуулбал манай суманд үлдэцтэй. Суманд модны эрхтэй хоёр компани бий. Тэд модоо тайраад л гуалингаар нь, сайндаа л банз болгоод зарж байна. Энэ харамсалтай санагддаг. Банзаа ядаж харуулдаад зардаг болоосой. Ойн нөөц хязгаартай шүү дээ. Энэ чиглэлээр нутагтаа очиж ажиллаж, үлгэр жишээ үзүүлье гэж бодож байна.
Угсардаг буриад байшин бариад гадагш нь борлуулж болно. Баян-Уулын буриад сарай буюу зуны угсармал байшингийн брэнд гарах боломжтой. Хаана ч аваачаад угсарчихна. Тийм бэлэн байшин Оросоос оруулж байна. Тэгэхээр манайхан зах зээлээ алдаж эхлэх гээд л байна. Бидэнд мод нь, шийдэлтэйгээ байна шүү дээ.
Би Барилгын коллежид мужааны багш байхдаа Улаанбаатарт модоор юм хийдэг бүх компаниудаар явж судалгаа хийж оюутнуудаа дадлага хийлгэдэг байлаа. Барилгын коллежид багшлахын зэрэгцээ сурсан юм их ээ. Байшингаа барихаас гадна сантехникийн холболт, агааржуулалтаа технологийн дагуу хийхээс эхлээд бүх талаас нь сурсан. Илүү нарийнийг нь мэргэжлийн инженерүүдээсээ асууж, зөвлөгөө авна.
Суманд хийх ажил их байна аа. Улсаас төсөвлөөд өгсөн хөрөнгийг сумандаа үлдэцтэй, үр бүтээлтэй ажил болгох хэрэгтэй л дээ. Жишээ нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Шинэ сум” төслийн хүрээнд 10-аад жилийн өмнө манай суманд таван тэрбум төгрөгийн санхүүжилт ирсэн. Тэр их хөрөнгөөр газар дор сангийн хэдэн шугам “булаад” л орхисон, ашигласан юм байхгүй.
Бусад суманд энэ төсөл яаж хэрэгжсэнийг би төсөл дээр нь ажиллаж байсны хувьд сайн мэднэ. Сумын удирдлага, ажил хүлээж авах комисс нь ямар хариуцлагатай ажилласан гэж санана. Өмнөговийн Цогтцэций сумын цэвэр, бохир усны шугам хоолой барих төсөл дээр би ажилласан. Тэр шугамаа одоо ашиглаж байна. Айлууд нь халуун устай. Манай суманд цэвэр усны шугам хоолой татах инженерийн шийдлүүд бэлэн байна. Энэ мэтээр яривал суманд хийх ажил их харагддаг.
Би өнгөрсөн тавдугаар сараас хойш нутаг руугаа ойр ойрхон явж байна. Сумандаа нэг хашаа аваад, жижиг байшин барьж байна. Суманд юм хийх боломж нь байна. Би сая их сургуулийн ангийн найзууд, уран зураач Увс, Сүхбаатар, Төв аймгийн гурван залуутай нутаг руугаа яваад ирлээ. Олон газраар явж юм үзэж, нүд тайлсан залуус “Танай сум хөгжих өгөгдөлтэй юм байна” гэж байна. Байгалийн өгөгдөл, чадвартай хүмүүс нь байна. Тэднийг зохион байгуулалтад оруулах хэрэгтэй юм.
5000 хүн амтай, сум орон нутгийн удирдлагууд, сум орон нутаг хөгжүүлэх төсвөөс ямар шанагаар утгаж авах нь аймагт сум төлөөлж суугаа иргэдийн төлөөлөгчөөс шалтгаална. Хэнтий аймгийн нутгаар дамжин Оросын Ульхан боомт руу засмал зам тавьж байна. Замын компани одоо манай сумын нутагт ажиллаж байна. Замтай уралдаад гадны бизнесмэнүүд том том газар авна. Сумын иргэд юутай үлдэх вэ? Сумын удирдлагууд, нутгийн иргэд ч одоо л хөдлөхгүй бол оройтно.
Бид нутаг орныхоо хөгжил, аялал жуулчлалын төлөвлөлтийн өөрсдөө гаргаад, хөгжлийг тосоод сууж байх хэрэгтэй юм. Орос руу гарах явуулын хүмүүсийг Баян-Уул сумаар дамжин өнгөрүүлдэг, нутагтаа орлого оруулдаг, Баян-Уулд буудаллаад явъя гэдэг болгох ёстой юм. Тэгж байж л бид хөгжинэ.
Би нутагтаа очоод ганц өөрийн хашаандаа сайхан амьдрах биш, хашаанаасаа гараад сумаараа сайхан амьдрахыг хүсэж байна. Хашаандаа аспальтан зам тавьж, тохижуулаад нэмэргүй шүү дээ. Хашаанаас гараад гудамжны шавар шавхай угтах бол хөгжил биш. Гараад хөршүүдтэйгээ нийлж, гудамж талбайгаа засна. Ганцхан өөрийн гудамж биш, сумаараа хөдлөх хэрэгтэй болно. Тэгэхээр бусдад харуулах юмтай сум болох боломжтой. Яг одоо манай сумын нутагт замын компаниуд ажиллаж байна. Тэдний хүчтэй машин техник байгаа дээр хоршиж ажиллах боломж байна.
БИ УРГАА МОД ТАЙРДАГГҮЙ, УНАЖ БАЙГАЛИЙН ХЭРЭГЦЭЭНЭЭС ГАРСАН ЗҮЙЛСИЙГ УРЛАГИЙН БҮТЭЭЛ БОЛГОДОГ
Манайх хотод анх энэ хашаагаа худалдаж аваад, түрээсийн байрнаасаа гарч багш нарын амралтын мөнгөөрөө материалаа авч материал дундаа амьдарч байгаад, өөрсдөө анхны жижиг байшингаа барьсан гэж эхнэр Г.Одтуяа ярив. Анхны байшин нь одоо “Буриад дизайн” урлангийн байр болжээ.
Б.Жамбаацэрэн аав, нагац нарынхаа хэрэглэж байсан дархны багажууд, буриадын ходоог тэрэг зэрэг хуучны эд зүйлсийг цуглуулжээ. Ховилын харуул, эмээл цавчдаг ооль гэх зэрэг энэ нарийн багажуудыг буриадууд өөрсдөө хийж, хэрэглэж байсан. Би ч хүүхэд байхдаа энэ багажуудыг хэрэглэж байв. Энэ багажууд одоо бүгд автомат машин болсон тул хэрэглэхгүй, үзмэр болгож урландаа хадгална. Би хоёр дахь үе, манай хүү гурав дахь үеийн дархан болж байна. Манай хүү барилгын зургийн техникч, одоо тавилгаар дагнан ажиллаж байна гэв.
Би хөдөөгүүр их явна. Ойд явахад байгалийн давтагдашгүй бүтээлүүд хэвтэж байдаг. Тэрийг олж харах билгийн нүд хэрэгтэй, байгальдаа ойр байх хэрэгтэй. Би ургаа мод тайрдаггүй, унаж байгалийн хэрэгцээнээсээ гарсан модыг ашиглаж, төрөл бүрийн декор болгодог. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар их ярьж байна, миний уран бүтээл ч тэр бодлоготой яв цав нийцэж байгаа шүү.
Жишээ нь, энэ модны үндэс ульж буй чоно шиг харагдаж байна уу? Одоо үүн дээр төөнүүрийн үзгээр чонын дэл сүүлийг нь зурна. Тэгэхээр байгалийн тогтцоороо ганцхан ширхэг бүтээл гарна.
Булгарч унасан модны ёзоорыг ашиглаад ширээний гэрэл хийж байгаа юм. Дээр нь хадны сүг зураг дүрсэлсэн. Доогуур нь тэмээн жингийн цуваа зурна. Тэгвэл асар том хадны хормойгоор яваа юм шиг сүрлэг агаад амар амгалан харагдана. Энэ бүхэн ганцхан ширхэг бүтээл. Энэ бол түүний ажил мэргэжил төдийгүй сонирхол хообий ажээ
Тэдэнд хотынхны жишгээр орон сууцанд амьдраад, цагийн ажил хийгээд явах боломж бий. Гэвч уран бүтээлч, дархан хүнд байранд амьдрах гарыг нь барьсантай адил тул том хөвгүүд нь байрандаа, өөрсдөө хашаандаа дуртай ажлаа хийж, тааваараа амьдрах аж.
Гэвч түүнд хотод суух нь хангалтгүй болж, байгальд ойр байя, нутагтаа очъё гэж гэр бүлээ ятгасаар буцахаар болжээ. Нутагтаа очоод ганц өөрийн хашаанд сайхан амьдрах биш, нутгийн олноо уриалж төрөлх нутгаа хөгжүүлэх хүсэл тэмүүлэл тээн нийслэлээс хөдөөг зорьж буй залуу гэр бүлийн төлөөлөл болж Монгол орны зүүн хязгаар нутаг төрөлх нутаг Дорнод аймгийн Баян-Уул сум руугаа шилжиж байна.
Эх сурвалж:gogo.mn