Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбарт хатуу шийдвэр гаргахаас аргагүй байгаа
Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарт томоохон шинэчлэл хийнэ гэдгээ зарласан. Ингэхийн тулд үнэ тарифыг ч эргэн харж, зах зээлийнх нь гольдрол руу оруулахаас аргагүй гэдгээ мэдэгдээд буй. Энэ нь цахилгааны үнийг нэмж, бодит өртөг дээр нь аваачихаас аргагүй гэсэн үг юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудалд өчигдөр дараах тайлбар хийлээ. Тэрбээр “Эрчим хүчний салбарт зарим хатуу шийдвэр гаргахаас аргагүй байгаа. Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэрлэж байгаа өртөг зарж байгаа өртгөөсөө зөүүтэй байгаа. Энэ тохиолдолд эрчим хүчний салбар хэзээ ч ашигтай бизнес болж чадахгүй.
Цаашдаа бид цэвэр эрчим хүчний салбар луу шилжихийн тулд үнийг индексжүүлэх шаардлагатай. Энийг хийхийн тулд аж ахуй нэгж болон иргэд дээр инфляц ямар дарамт үүсгэх вэ гэдгийг тооцоод үе шаттай хийхээс аргагүй.
Хэрвээ бид энэ хэвээр байвал эрчим хүч ашиггүй учраас хэн ч хөрөнгө оруулахгүй байгаад л байна. Эрчим хүчнийхээ салбарын боомыг нь тайлаад ДНБ-ээ тэлээд эрчим хүчний салбараа ашигтай болгоод хөрөнгө оруулагч болоод хувийн хэвшилд орох боломжийг нь нээгээд явах нь чухал. Бидэнд хоёр сонголт байгаа, мэдээж ирээдүйгээ харсан сонголт руу л явахаас өөр сонголтгүй” гэлээ.
Шадар сайд Т.Доржханд “Монгол Улс газар доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний тавд ордог бол газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрт ордог. Гэсэн хэдий ч бид улсаараа эрчим хүчний дутагдалтай, дотоод улстөрийн зөрчил болон гадны нөлөөгөөр сүүлийн 40 жил шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй нь бодит үнэн. Тэгвэл бие биедээ дэгээ тавьсан улстөрийн зөрчлийг давж Хамтарсан Засгийн газарт орох урилгыг ХҮН нам хүлээн авч Эрчим хүчний реформыг хийх Үндэсний хороог ахалж ажиллаж байна.
Үндэсний хорооны зүгээс эрчим хүчний салбарт эрх зүйн шинэчлэл хийх, төрийн монополийг задалж үр ашгийг нэмэгдүүлэх, үнэ тарифийг зах зээлийн зарчимд шилжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа ногоон эрчим хүчний зах зээлд зөвхөн хувийн хэвшлийг дэмжих замаар дунд хугацаандаа эрчим хүчний бие даасан тогтолцоог үүсгэж, урт хугацаанд эрчим хүчний экспортыг хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
Эдгээр ажлыг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн 600 МВТ, Цэнэг хураагуурын 50 МВТ, Баян сумын 660 МВТ төслүүдийг дэмжиж, яаралтай ашиглалтад оруулах арга хэмжээг авч ажиллана.
Эрчим хүч байхгүй бол Эдийн засгийн өсөлт байхгүй. Эрчим хүчний биеэ даасан байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг гацаах, няцаах аливаа сонирхол, популист үйлдлүүдийг хаана, зогсооно” гэж мэдэгдэв.