Н.Тэгшбаяр: Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ яриа хэлэлцээрийн төгсгөл шатанд яваа
Физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
———————–
-2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийсэн айлчлалын үеэр олон жил яригдсан ураны асуудлыг эцэслэн шийдвэрлэж, хөдөлгөхөөр болсон. Франц улстай хамтран явуулах ураны төсөл ямар шатандаа яваа вэ. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Энэ бол аль болох хурдлах ёстой төсөл. Уран бол цацраг идэвхт ашигт малтмал. Үелэх системд байдаг бусад элементтэй л адил. Гэхдээ бусад элементээс хэд, хэдэн ялгаатай. Нэг талаас химийн хувьд хоруу чанартай. Нөгөө талаас цацрагийн хувьд эрсдэлтэй элемент юм.
Орчин үед уран олборлолтыг газар дор уусган баяжуулж хийдэг болсон нь хамгийн шилдэг арга. Битүү системээр олборлодог учраас цацрагийн эрсдэлийг хянах боломжтой. Үүний зэрэгцээ химийн хоруу чанараас сэргийлэх давуу талтай. Дэлхий нийтээрээ ураныг ийм аргаар олборлож байна.
Франц улстай хамтран явуулах ураны төслийн хувьд гэвэл аливаа бизнес хоёр талт харилцан ашигтай байх ёстой. Францын “Орона”, манай “Эрдэнэс Монгол” гэсэн хоёр компанийн хоорондох хөрөнгө оруулалтын гэрээ яриа хэлэлцээрийн төгсгөл шатанд яваа. Харилцан ашигтай байх тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам хийж байгаа. Бусад нь бол болсон.
Францын талаас жилд 2.5 тонн орчим уран экспортлох санал тавьсан. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 200 мянган тонн ураны тогтоогдсон нөөцтэй. Үүний 100 орчим нь энэ төсөл хэрэгжих Зөөвч-Овоо, Дулаан-Уул орчимд байгаа. Ирээдүйд байж болох таамаг нөөц нь 1.5 сая орчим. Хоёр улс хамгийн дээд түвшинд энэ гэрээг явуулах зарчмын тохироогоо хийчихсэн. Тиймээс энэ гэрээ урагшлах ёстой. Уг төсөл амжилттай болвол сүүлийн 10 жилд Зүүн хойд азид ашиглалтад орох хамгийн том ураны төсөл болно.
–ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад есдүгээр сарын 3-нд айлчлал хийсэн. Улмаар Монголд бага оврын атомын цахилгаан станц барих санал тавьсан. Гэвч нийгмийн дунд Францтай хамтрах ураны төсөл унтрах замдаа орчих вий дээ гэх болгоомжлол ч байна л даа.
-Тэр зөвхөн хэлсэн. Франц, Монголын хоёр улсын Ерөнхийлөгч нар яриад тохирчихсон ч гэсэн эдийн засаг талаасаа харилцан ашигтай байх загвар дээрээ л хэлэлцэж байгаа гэдгийг би ярианы эхэнд дурдсан. Түүнээс биш энэ төслийг зогсоох ноцтой шалтгаан байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Монгол Улс тусгаар тогтгол, аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрийн замаар хамгаална гэж заасан. Цөмийн энергийн салбараар дамжуулаад НҮБ-ын аюулгүй зөвлөлийн байнгын таван гишүүн орон болох Франц, АНУ, Их Британи, Орос, Хятадтай хамтарч ажиллах ёстой. Франц улс нь мөн Европын холбооны гол тоглогч орон учраас Францаар дамжуулан Европын орнуудын итгэлийг олж, хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байна. Цөмийн энергийн салбартаа ч Франц тэргүүлэгч орон учраас тус улстай хамтран ажиллах нь стратегийн хувьд өндөр ач холбогдолтой. Би цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч, олон улсын атомын энергийн Монгол дахь бүрэн эрхт төлөөлөгч байсан, шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтны хувьд уг төсөл урагшлах нь үндэсний эрх ашигт бүрэн нийцнэ гэж харж байна.
-Энэ хөрөнгө оруулалтын гэрээг одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж батлаад ажил хэрэг болгож чадах болов уу. Учир нь нэлээд хэдэн “Эх оронч” гишүүн бий шүү дээ?
–Зүгээр нэг Засгийн газар, эсхүл Ерөнхийлөгч дурлаад хийгээд байгаа ажил огт биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, дэмжээд хийж байгаа ажил. ҮАБЗ-ийн зөвлөмж гараад хэрэгжээд явж байгаа ажлыг эсэргүүцэх юм бол ҮАБЗ-ийн үзэл санааны эсрэг үйл ажиллагаа болно. Тэгэхээр улс орны зүгээс үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг анхааралдаа авах шаардлагатай. Тэгэхгүй бол заримдаа тэдний популизмыг давж чадахгүй том төслүүд нурах нь бий. Би гадны гар хөл болсон нөхдүүд ураныг эсэргүүцэж байгааг анзаарч харж байгаа. Монгол төр нүдтэй бол тэр хүмүүсийг олж харна гэдэгт итгэдэг. Үнэхээр улс оронд хэрэгтэйтомоохон төслийг эсэргүүцэж байгаа хүмүүст хариуцлага ярих цаг болсон гэж боддог.
Нэг кг цэвэр уранаас гаргах эрчим хүч нь эрчим хүчний нэг сая тонн орчим нүүрснээс гаргах эрчим хүчтэй ойролцоо. Аливаа зүйл өндөр үр ашигтай байх тусам, өндөр эсэргүүцэлтэй тулдаг жамтай.
Өндөр ашигтай байх тусмаа аливаа зүйл өндөр эрсдэлтэй байдаг. Цөмийн болон цацрагийн хяналтыг барьж ажиллах шаардлагатай. Химийн хувьд хоруу чанартай. Идэж, уугаад байж болохгүй. “Н.Тэгшбаяр чи идэж болно гээ биз дээ” гээд дайрч л байдаг юм. Гэтэл уран идээд сууж байдаг физикч битгий хэл хуруугаа амандаа хийдэг хүүхэд ч орчин үед байхгүй.
–МУИС-ийг физикчээр төгссөн, танай намын гишүүн Б.Цэгмид уран, атомын цахилгаан станцыг байнга эсэргүүцдэг. Ураны олборлолтоос болж Дорноговь аймагт зургаан хөлтэй ямаа гарлаа гэж суртал ухуулга хийдэг. Тэгэхээр физикч болгон шинжлэх ухаанч байдаггүй бололтой.
–Цөмийн энергийг эсэргүүцээд явдаг физикчийг ямар физикч гэх вэ дээ. Ойн мод урттай, богинотой.Олон хүн дотор сайнтай, муутай гэгчээр. Ц.Цэгмидтэй АН дээр таарч л байдаг. Магадгүй амьдрах арга нь байж магадгүй гээд заримдаа ч өрөвдөх юм. Тэр хүнтэй ярих юм байхгүй.
–Тэгвэл манайх ойрын хэдэн жилдээ атомын цахилгаан станцтай болох боломж бий юу?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт атомын цахилгаан станцыг барих суурь судалгааг хийнэ гэж туссан. Энэ бол үнэхээр чухал. Ямар ч зүйлд судлагаа, шинжлэх ухаанч байдал хэрэгтэй. Тэгэхээр судалгааг нь энэ Засгийн газар бүрэн хийж дуусгах юм байна гэсэн ойлголттой байгаа. Ингэсэн тохиолдолд атомын цахилгаан станцтай болох бүрэн боломжтой болно. Би нэг зүйлийг баттай амлаж чадна. Монгол Улс атомын цахилгаан станцтай болж байж аймшигт утаанаас сална, өөр ямар ч гарц, арга байхгүй. Манай улсад 300 мегабайтын атомын цахилгаан станц барьснаар эрчим хүчний хэрэглээгээ бүрэн ханган. Ахиад 300 мегабайтын атомын цахилгаан атомын цахилгаан станцыг барих юм бол эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авна.
Өнөөдөр хойд хөршөөс тог тасрахад баруун тал хөлдөх гээд, ур хөршөөс тог тасрахаар Оюу толгойн цахилгаан бүрдүүдэг газрууд ажиллагаагүй болчихдог. Тог нь тасраад байнгын үйл ажиллагаа нь доголддог газарт ямар ч гадны том компани хөрөнгө оруулалт хийхгүй.
Тог нь 10-20 жил огт тасрахгүй газар л томоохон үйлдвэрүүд бий болдог. Манайх стратегийн хувьд гайхамшигтай байршилтай. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд байдаг. Гэвч бид яагаад өсөж дэвжиж чадахгүй, эдийн засаг давжаа байна вэ гэхээр эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй. Эрчим хүчний үнийг чөлөөлж чадахгүй, уян хатан тарифийг хийж чадахгүй байна. Ийм тэнэг тогтоолцоог зоригтой өөрчлөхгүй бол Монгол Улсын эдийн засаг өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн хэвээрээ л байна.
-Ярилцсанд баярлалаа.