Б.Чойжилсүрэн: Эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй болсон тохиолдолд нөхөх эх үүсвэргүй учраас сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд холбож чадахгүй байгаа

0

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: 2025 оны хөгжлийн хөтөлбөрт эрчим хүчтэй холбоотой 24 заалт бий. Үүнээс гуравхан заалт нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Бусад 21 төслийг гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлнэ. Эрчим хүчний бүхий л эх үүсвэрээ гадаадын зээл тусламжаар горьдоод суугаад байвал бид яаж эрчим хүчний өнөөдрийн дутагдлаасаа гарах юм бэ. Тиймээс ядаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бага оврын нар салхины эх үүсвэрүүдийг баримаар байна.

Тухайлбал, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудын эрчим хүчээр хангаж байгаа эх үүсвэр нь насжилт өндөртэй, энэ зун засвар орсон. Гэтэл тэр шугамууд дээр тулгуур унах эрсдэл үүсдэг. Бүхэл бүтэн аймаг, олон сумууд, энэ өвөл хөлдөх хүртэл эрсдэл нүүрлээд буй. Тиймээс аймгийн төвүүдэд нарны эх үүсвэр батерэйтэй тавьж болохгүй юм уу. Хөрөнгө оруулалт нь маш бага. 16-17 тэрбум төгрөг л байгаа. Гэтэл эсрэгээрээ улсын төсвөөр хийх маш их замын ажлыг тусгасан байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Бодит байдал нь ердөө л энэ. Манай эрчим хүчний салбарын төсөвт өртгийг авч үзвэл 300 мВт нэг цахилгаан станц гэхэд 600 сая ам.доллар буюу хоёр их наяд төгрөгт хүрчхээд байгаа учраас төсөвт бүгдийг нь суулгах орон зай харамсалтай нь бага байгаа юм. Харин гадаад зээл тусламжаар нэлээд төсөл хөтөлбөрүүд хэрэгжих асуудал сүүлийн хэдэн жил давтагдаж байгаа нь үнэн. Бидний байгаа боломж л энэ гэсэн үг.

Хоёрдугаарт, нар салхины цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч барьж ашиглалтад оруулъя гэвэл хувийн салбарынхны дунд уралдаант сонгон шалгаруулалтын зарчмаар барих ийм эрх зүйн тогтолцоо 2019 онд хийсэн өөрчлөлтөөр бий болсон. 2019 оноос өмнө авчихсан төвийн эрчим хүчний системд 6 нарны станц, гурван салхины станц нийт суурилагдсан хүчин чадал нь 245 мянга. Түүнээс гадна найман нарны станц, 3 салхин цахилгаан станц суурилуулах тусгай зөвшөөрөл авчихсан хэлэлцээр хийгээд явж байна. Сэргээгдэх эрчим хүчийг холбоход хоёр төрлийн хүндрэл бидэнд байна. Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүч тогтвортой эрчим хүч нийлүүлж чадахгүй байгаа учраас нар гарсны дараа юм уу, эсвэл салхи намжсаны дараа тэр хэмжээний хүчин чадлыг нөөцлөх учиртай. Гэтэл нөөцөлж чадахгүй байгаа учраас 2019 оноос хойш эрчим хүчний салбарт тендер зарлаагүй байгаа.

Нарны станцын тухайд нэг кВт цагийг 10 цент, суурилагдсан хүчин чадлын 20 хувьтай тэнцэх хэмжээний 4 цаг нөөцөө хадгалах батерэй байгаа тохиолдолд энэ төслийг хэрэгжүүлье гэж ярьж байгаа.

Салхины станцын тухайд төвийн эрчим хүчинд нийлүүлэх үнэ нь 8.5 цент. Нарыг бодоход илүү тогтвор муутай тул 40 хувьтай тэнцэх батерэй хураагуурыг хамт барьсан тохиолдолд эрчим хүчний системд нийлүүлье гэдэг шийдвэрийг энэ оны 4-р сарын 22-ны өдөр Эрчим хүчний зөвлөлөөр батлаад хэлэлцээр хийгээд явж байна. Гол асуудал, үнэтэйгээс гадна Сэргээгдэх эрчим хүч цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй болсон тохиолдолд хаанаас эх үүсвэрийг нөхөх вэ гэдэг асуудал хамгийн их тулгамдсан асуудал болж байгаа учраас сэргээгдэх эрчим хүчийг бид дэмжиж сүлжээнд холбож чадахгүй байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *