Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах төрийн бодлогыг тодорхой болгоно

0

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран Монголын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Уул уурхайн 7 хоног” /Mining Week & MinePro 2024/ арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа.Арга хэмжээний гурав дахь өдрийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар оролцож илтгэл тавьсан юм.

undefined

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Монгол Улсад 2007 онд стратегийн орд эзэмшигч ордуудын жагсаалтыг Их хурлаас батлахад 14 стратегийн орд байсан. Улсын төсвийн хөрөнгөөр 14 стратегийн ордыг нөөцийг тодорхойлсон. Стратегийн ордын нөөцийг улсын төсвөөр тогтоосон бол 50 хүртэлх хувийг нь төр эзэмшиж, иргэдэд хэрхэн ногдол ашгийг талаар хуульчилсан. Хувийн хэвшлийнхэн “Улс төрийн тогтворгүй байдал үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлдөг” гэдгийг хэлдэг. Том төслүүдээс ард түмэн хэрхэн ногдол ашиг хүртэх арга зам нь ойлгомжтой болсон учраас хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын гэрээгээ их хурлаар батлуулж чадвал хувийн хэвшил үйл ажиллагаа явуулахад дөхөм болно. Өөрөөр хэлбэл Их хурлаар баталсан хөрөнгө оруулалтын гэрээтэй төсөл гаднын хөрөнгө оруулалтыг татах бололцоо бүрдэнэ. Мөн ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэж шүүх, арбитрт очвол эрх ашгаа хамгаалуулах боломж бүрдэнэ. Төрийн эзэмшил ч тодорхой байна. Төр, иргэд, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын тал бүрийн оролцоог хангуулж, асуудлаа нэг талд нь гаргая. Лиценз авчхаад үйл ажиллагаа явуулдаггүй олон компани байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татаж ажиллах гэхээр гэрээ хэлцэл нь тодорхойгүй, төр засагтай ажиллах ойлгомжгүй байдлыг арилгана.Тогтвортой байдлын гэрээ байгуулсан ч гэрээний хугацаа дууссан олон компани байна. Тэгэхээр хувийн хэвшил, ААН, хөрөнгө оруулагч нарын үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах ёстой учраас хэлэлцээр хийгээд хөрөнгө оруулалтын гэрээг Их хурлаар оруулах зорилт л дэвшүүлнэ.

undefined

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: ДНБ-ий 3.1 хувийг, төсвийн орлогын 30, экспортын 94 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Монгол уул уурхайн орон болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Дэлхийн уул уурхайн гол тоглогч болсон. Энэ салбар руу бид хууль эрх зүй, Засгийн газрын үйл ажиллагаануудыг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай. Уул уурхайн салбар, тэр дундаа экспортолж байгаа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд боломжийн байгаа үед бид энэ салбараа түлхүү хөгжүүлж, салбараас олох ашгаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.00 ам.доллар давуулах зорилтдоо хүрэх ёстой.Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан 14 мега төслийн зургаа нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд харьяалагдаж байгаа. Мега төслүүдийг яаралтай зохион байгуулалтад оруулж, явуулах асуудал бидний өмнө тулгарч байна. Төслүүдийг дан ганц төр биш хувийн хэвшлүүдтэй хамтарч хэрэгжүүлнэ.Бид үйлдвэржүүлэх буюу нэмүү өртөг, ажлын байр нээх тал руугаа шинээр бодлого явуулна. Аж үйлдвэрээ хэрхэн явуулах вэ гэдгийг үйлдвэр технологийн паркийн хуулийн дагуу үйлдвэр технологийн парк байдлаар, цогц байдлаар шийднэ. Үндсэн дэд бүтэц, үйлдвэрлэл явуулах үндсэн түүхий эд боловсруулж гаргаж ирэх асуудлыг төр хариуцна. Харин цаашаа тухайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг хувийн хэвшлүүд хийнэ.

undefined

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл нь ашигт малтмалаас төрийн эзэмшилд ногдох эрдэс баялгийг зохистой ашиглаж, үр өгөөжийг нь улс орны хөгжил болон иргэддээ тэгш, шударга хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний баялгийн сангийн хуулиар хүлээсэн тодорхой эрх үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүнд 31 охин, хараат компани харьяалагддаг. 2023 оны баталгаажсан тайлангаар улс орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Мөн борлуулалтын орлого 3.6 дахин өсөж, 14.9 их наяд төгрөгт хүрч, цэвэр ашиг 3.7 дахин өсөж 4.4 их наяд төгрөгт хүрсэн. Түүнчлэн экспортыг 2.6 дахин нэмэгдүүлж, улсын валютын нөөцийн 70 орчим хувийг нэгдлийн компаниуд бүрдүүлж ажилласан.“Эрдэнэс Монгол” нэгдэл Засгийн газраас хийж хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслийн дөрөв нь буюу

  • Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор
  • Зас боловсруулах цогцолбор
  • Гангийн үйлдвэрийн ҮТП-ийн төсөл
  • Хэрлэн тооно, Орхон Онги төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд Үндэсний баялгийн санд энэ онд 500 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь онцлох ажил мөн. Цаашид энэхүү сангийн орлогыг нэмэгдүүлэхэд төрийн эзэмшлийн ногдол ашгийн 34 хувийг эзэмшдэг нэгдлийн харьяа компаниудын үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой. Орлого тогтвортой өсөн нэмэгдэж байж Хуримтлалын сан тогтвортой ажиллана. Энэ утгаараа Үндэсний баялгийн сан хэрхэн ажиллах нь биднээс хамаарч байна.

undefined

“Хэрлэн тооно” төслийн зөвлөх Ш.Мягмар: Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг бол “Хэрлэн тооно” төсөл. Хэрлэн тооно төслийг хэрэгжүүлснээр нэгд, Монгол Улсын усны нөөцийг тодорхой хувиар нэмэгдүүлнэ.Хоёрт, Хэрлэн голын экологийн урсац хэзээ ч тасрахгүй. Ямар ч ган гачигтай байсан ч Хэрлэн гол 19-20м/сек урсдаг болно. Тухайн бүс нутагт томоохон хэмжээний нуур, усан сан үүссэнээр тухайн нутгийн уур амьсгал чийглэг, зөөлөн болно. Мөн нутгийн иргэдийн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон ахиц гарна. Мөн тухайн бүс нутагт усны эрчим хүчийг гаргаж авснаар хүлэмжийн ялгарлыг бууруулах давуу талтай. Мөн үерийн усыг хуримтлуулаад Говь тал хээрийн бүс нутагт байгаа хатуулгатай ус хэрэглэдэг хүмүүсийг чанарын шаардлага хангасан усаар хангана. Манай улсын эдийн засгийн хөгжлийн сааруулах нэг хүчин зүйл бол усны нөөц. “Хэрлэн тооно” төслийг хэрэгжүүлснээр үйлдвэр, уурхай, станцуудаа усаар хангах боломж бүрдэнэ. Мөн цаашдаа говийн бүсэд газрын доорх усыг нөхөн сэргээх боломж бүрдэнэ. Ингэснээр газрын доорх болон гадаргын усаа хосолсон байдлаар ашиглаж, улс орны эдийн засагт маш үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.Усан сангийн гэрээ байгуулах ТЭЗҮ-ийн судалгаа хийх гэрээ байгуулж байгаа. Хэрлэн говь, Хэрлэн тооно, Хэрлэн  Баянмөнх гэх гурван байршил ТЭЗҮ-ийн судалгаа хийж хамгийн оновчтой байршлыг сонгоно. Судалгааны дараа олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулна. Мөн Хэнтий, Дорнод, Говь-Сүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *