Монгол Улсад эрэлттэй байгаа мэргэжлээр оюутан залуусыг ОХУ-д суралцуулах асуудлаар санал солилцлоо
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Урт удаан хугацааны баялаг түүх, олон жилийн уламжлалтай манай хоёр ард түмний нөхөрлөлд суурилсан Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дайн тулалдааны хүнд бэрх үед ч, энх цагийн бүтээн байгуулалтын он жилүүдийг ч туулж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины манай улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны, боловсрол, шинжлэх ухааны болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцсан.
Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн даргын хувиар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой ойр хамтарч ажилладаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон ЗГХК-ын өмнөх хуралдаанаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох хүрээнд ЗГХК-ын 26 дугаар хуралдааныг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эрчим хүч, төмөр зам, зам тээвэр, байгаль орчин, нефть, хийн хоолой, байгалийн хий, хүнс хөдөө аж ахуйн салбаруудын боловсон хүчнийг бэлтгэх, сургалцагчдын тоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Манай улсын хувьд эрчим хүч, нефть, зам тээврийн салбарын үе үеийн эрдэмтэн судлаачдаа ОХУ-д бэлтгэж ирсэн арвин түүхтэй. Монгол Улсад эрэлттэй байгаа мэргэжлээр оюутан залуусыг ОХУ-д суралцуулах, мөн монгол залуус эх орондоо энэ чиглэлээр суралцах боломжийг олгож буйд талархал илэрхийллээ.