Томилолт: Саналын хайрцагнаас гээгддэг 100 мянган сонгох “ЭРХ”

0


Монголчууд дөрвөн жил буюу 1095 хоногт нэг удаа төрийн эрх барих эрхээ эдэлдэг. Тиймдээ ч ард түмэн засаглалын эрхийг гартаа авч, ирээдүйгээ сонгох нь ардчилсан нийгмийн амин сүнс билээ. Ийн төрийн сонгуульдаа иргэн бүр гар бие оролцож, Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхээ эдлэх учиртай.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасанчлан “Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй” гэдгээс харвал 2.238.360 иргэн дөрвөн жилд ганц тохиодог онцгой эрхээ эдлэх ёстой. Гэтэл өөрийн хүсэл сонирхлоос үл хамаарч ажлын онцлог, амьдралын шаардлага, төр засгийн оновчгүй бодлогоос төлөөллөө илгээж чадахгүй сонгох эрхийн гадна үлдэж буй иргэд хэдэн мянгаараа байна. Уул уурхай, ачаа тээврийн салбарын ажлын ид өрнөл нь дулааны улиралд буюу сонгуулийн үеэр эхэлдэг онцлогтой. Тодруулбал, энэ салбарт ажилладаг 100 мянга гаруй иргэний сонгох эрх саналын хайрцагнаас гээгдээд удаж буй. УУХҮЯ-наас уул уурхай, ачаа тээвэр, эрдэс баялгийн салбарт 295 аж ахуйн нэгжийн 40.5 мянган иргэн бусад газраас очиж ажилладаг, ЗТХЯ-аас 899 аж ахуйн нэгжийн 23.9 мянган жолооч ачаа тээврийн салбарт ажилладаг буюу нийт 1194 аж ахуйн нэгжийн 64.4 мянган сонгогч байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Үүн дээр оршин суугаа газраасаа хол хил дээр ээлжинд ажилладаг төрийн албан хаагч, тухайн бүсэд бүртгэлтэй ч өөр газар амьдардаг иргэд, оюутнуудыг нэмбэл зуун мянга байтугай тоо гарах нь лавтай. Зүйрлэж хэлбэл, 100 мянган сонгогч гэдэг сонгуулийн бүхэл бүтэн тойрог, 10-20 сумын сонгогчийн санал хаягдаж байгаатай агаар нэг юм. Тиймээс уул уурхайн салбарт ажиллагсдын сонгох эрхийг хангахад төрийн тусгайлсан бодлого, шийдэл, хөшүүрэг бий болгож өгөхгүй бол дараагийн, түүний дараагийн сонгуулиар ч дахиад л 100 мянган иргэний сонгох эрхийн асуудал хөндөгдсөөр, эрхээ эдэлж чадахгүй хэвээр байх вий.

АЖИЛЧДЫНХАА СОНГОХ ЭРХИЙГ ХАНГААГҮЙ БОЛ 10-100 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Уул уурхайн компаниуд буюу ажил олгогчид ажилчдынхаа сонгох эрхийг хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээх зохицуулалт бий. Мөн үүн дээр сонгуулийн төв байгууллага хэрхэн анхаардаг талаар Сонгуулийн ерөнхий хорооны газрын дарга Н.Булгамаагаас тодруулахад “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 дахь хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчдод тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал  өгөх боломжоор хангах үүрэгтэй“ гэж хуульчилсан. Энэхүү заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийг хэрэгжүүлж, үлгэрлэж, дэмжиж ажиллах уулзалтыг Сонгуулийн ерөнхий хороо хэд хэдэн удаа зохион байгуулсан.  Санал авах өдөр ажиллахгүй байхаас гадна унаа, тээврийн хэрэгслээр хангах талаар саналыг цөөнгүй оролцогч гаргасан. Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.31 дэх хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг” гэлээ. Эндээс харвал ажилчдаа сонгуульд санал өгөх боломжоор хангаагүй бол иргэнийг 10 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай юм. Иргэн сонгох эрхээ эдэлж чадаагүй бол гомдлоо цагдаагийн байгууллагад гаргах боломжтой бөгөөд гомдол гаргасан иргэний тоогоор торгуулийн арга хэмжээ авах юм.

Уул уурхайн салбараас гээгддэг 100 мянган иргэний сонгох эрхийг хэрхэн хангадаг талаар Сонгуулийн ерөнхий хорооны ажлын хэсэг болон сэтгүүлч, судлаачдын “Сонгуулийн боловсрол” клуб хамтран уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь, Дундговь аймагт ажиллаад ирлээ. 

МӨНГӨНД ДӨНГӨЛҮҮЛСЭН СОНГОХ ЭРХ

Уул уурхай, ачаа тээврийн салбарынхан сонгох эрхээ эдлэх боломжгүй нь хэд хэдэн шалтгаантай. Нэг талаас уурхайнууд 24 цаг зогсолтгүй ажилладаг учраас ажилчдадаа чөлөө өгөөд явуулах боломж хомс. Тиймээс зөвхөн орон нутгаас ирж ажилладаг хүмүүсээ сонгуульд оролцох боломжоор хангадаг. Хоёрдугаарт, ажилчдын цалин хөлстэй шууд холбоотой. Хэдийгээр ажил олгогчдын зүгээс санал өгөх хүсэлтийг нь харгалзаж үзээд 3-4 хоногийн чөлөө олгох боломжтой гэдэг ч энэ хугацаанд цалин, урамшуулалгүй учраас ихэнх нь саналаа өгөхийг илүүд үздэггүй. Уурхай болоод тээврийн компаниуд ихэнхдээ 14 хоногоор ээлж солигддог.  Өөрөөр хэлбэл, 14 хоногт бүтэн сарынхаа ажлыг гүйцэтгээд цалингаа авдаг онцлогтой салбар. Үүнээс 3-5 хоногт нь саналаа өгмөөр байна гээд чөлөө авах юм бол цалин, урамшуулал хасагдана. Ойролцоогоор 3-5 хоногт багадаа 1-2 сая төгрөгийн цалин алдах учраас саналаа өгье гэж боддоггүй гэдгийг ажил олгогч болоод ажилчид ч хэлж байв.

Харин санал өгөх боломжоор хангах үүрэгтэй гэж заасны дагуу нэг өдөр буюу ажлын найман цагийн чөлөө олгодог. Энэ хугацаа ойрхон сумд болон орон нутгийнханд саналаа өгөөд ирэхэд хүрэлцдэг ч Улаанбаатар болон бусад аймаг, сумаас ирсэн хүмүүс ирж очиход хүрэлцэхгүй. Энэ нөхцөл байдлаас харвал эдийн засгийн боломж цалин мөнгөндөө дөнгөлүүлдэг, улмаар санал өгөхдөө идэвхгүй ханддаг аж. Нөгөө талаас хуулийн боломж хязгаарлагдмал учраас ажилчдадаа байгаа бүх боломжийг тайлбарлаж ойлголцдог учраас гомдол санал гаргадаггүй.  

Уул уурхайн компаниуд: ЗӨӨВРИЙН ХАЙРЦАГ БОЛОН ЦАХИМААР САНАЛ АВДАГ БОЛООСОЙ

Оюутолгой: ЦАЛИНГАА АЛДАХГҮЙ ГЭВЭЛ БҮГДЭД НЬ ЧӨЛӨӨ ӨГӨӨД ЯВУУЛЖ БОЛНО

Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдаас ажиллаж буй иргэдэд өдөрт тав хүртэлх цаг, Улаанбаатар болон бусад аймаг сумдаас ирсэн бол нэг өдрийн буюу найман цагийн цалинтай чөлөө олгодог.

Оюутолгой компанийн хэмжээнд 20 гаруй мянга, нэг ээлжиндээ 10 мянга гаруй хүн ажилладаг. Үүний 97 хувь нь монгол ажилчин. Мөн л 14 хоногоор ээлжилдэг.

Тус компаниас өгсөн мэдээллээр орон нутгийн сонгуультай холбоотойгоор аймгийн сонгуулийн хорооноос ажилчдынхаа сонгох эрхийг хангах талаар албан бичиг ирүүлсэн. Ер нь сонгуулиас нэлээн хэд хоногийн өмнө сонгуульдаа идэвхтэй хамрагдаарай гэсэн мэдээллийг нийт ажилтнууддаа мэйл болон дотоод сүлжээгээрээ өгдөг. Энэ дагуу чөлөөний зохицуулалт хийдэг. Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдаас ажиллаж буй иргэдэд өдөрт тав хүртэлх цаг, Улаанбаатар болон бусад аймаг сумдаас ирсэн бол нэг өдрийн буюу найман цагийн цалинтай чөлөө олгодог. Эдгээр зохицуулалтууд өмнөх сонгуулийн жилүүдэд үйлчилж ирсэн. Тээвэр, нислэгийн мэдээллээс гадна  Ханбогд, Манлай, Баян-Овоо сумын иргэдэд ажилчдын тооноос хамаарч автобус гаргадаг. Гэхдээ чөлөө аваад саналаа өгсөн үгүйг нь хянаж чадахгүй.

Харин УИХ-ын сонгуулиар ажилчдынхаа сонгох эрхийг хэрхэн хангаж байгаа талаар асуухад “Асуултаа бичгээр өгвөл хариулах боломжтой. Ер нь ажилчид өөрсдөө цалингүй чөлөөгөө аваад саналаа өгье гэвэл асуудалгүй, бүгд явж болно. Бүх хүнд боломжоор нь хангаж өгч болно. Өөрсдөө саналаа өгөхгүй хойрго ханддаг, цалин мөнгөнөөсөө хасуулах дургүй. Тухайн хүн сонголтоо хийх боломжтой” гэж хариуллаа.

ЭТТ: СОНГУУЛИЙН ӨДӨР ДӨРВӨН ЦАГИЙН ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОСОН

УИХ-ын сонгуулийн өдөр Цогтцэций болон залгаа 1-2 сумдаас ирж ажилладаг хүмүүстээ санал өгөх боломжийг олгосон. Ажлын зохицуулалтыг урьдчилан төлөвлөж унаагаар хангасан.

“Эрдэнэс тавантолгой” компанийн уурхай 24 цаг зогсолтгүй ажилладаг. Уурхайн хэмжээнд 5400 гаруй иргэн ажилладаг бөгөөд гэрээтэй 10 гаруй аж ахуйн нэгж бий. Ажилчдын 60 хувь Улаанбаатар, 40 хувь аймаг сумдаас ирж ажилладаг аж.

Харин УИХ-ын сонгуулиар хэрхэн ажилладаг талаар “Эрдэнэс тавантолгой” компанийн салбарын захирал Л.Доржсүрэн “УИХ-ын сонгуулийн өдөр Цогтцэций болон залгаа 1-2 сумдаас ирж ажилладаг хүмүүстээ санал өгөх боломжийг олгосон. Ажлын зохицуулалтыг урьдчилан төлөвлөж унаагаар хангасан. Сонгуулийн өдөр ажилдаа ирэх гэж байгаа хүмүүсийн нэг өдрийн ажлыг зохицуулсан. Ер нь ажилчдадаа урьдчилсан зохицуулалт хийгээд саналаа өгөхөд нээлттэй шүү гэдэг мэдээллийг өгсөн. Даланзадгад, Цогтцэций, Хангиас 90 гаруй хүн бий. УИХ-ын сонгуулийн үеэр 45 хүний суудалтай хоёр автобус гаргасан. Сонгуулийн өдөр дөрвөн цагийн чөлөө олгосон. Гэхдээ ажилчид гурван сарын өмнө орон нутаг руу шилжиж ирээд сонгуулиа өгөх боломж байсан. 3-4 сарын өмнө шилжүүлэг хийх болоод сонгуульд оролцох боломжтой шүү гэдэг мэдээллийг өгдөг. Тухайн ажилтан шилжин ажиллах, чөлөө авах, ижил ажлын байранд байгаа хүнийг дуудах бол долоо хоногийн өмнө хүсэлтээ гаргах ёстой. Чөлөө зөвшөөрлийн асуудал харьцангуй нээлттэй шуурхай шийдэгддэг.

Хэн хэзээ уурхай дээр ажиллаж таарах вэ гэдэг хуваарь тодорхой учраас тухайн мэдээллийг аваад урьдчилсан байдлаар зохион байгуулалт хийх бүрэн боломжтой. Мөн иргэд заавал өөрийн оршин суугаа байршилдаа санал өгнө гэдэг нь хүндрэлтэй санагддаг. Гадаадад байгаа хүмүүс хэд хоногийн өмнө саналаа өгдөг. Үүнтэй адил урьдчилаад юм уу зөөврийн хайрцгаар авч болдоггүй юм болов уу. Эсвэл оршин байгаа газраасаа цахимаар саналаа өгдөг байвал үр дүнтэй гэж харж байгаа” гэлээ.

“Эко глобал ложистик” ХХК: ГЭРЭЭТ ЖОЛООЧ НАР 60 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ИРДЭГ УЧРААС ДУНДААС НЬ БУЦАХАД ХҮНДРЭЛТЭЙ

Ер нь жолооч нарын хувьд идэвх муутай. Гэрээсээ хол нэгэнт зориод ирсэн болохоор нэг ч гэсэн рейс хийхийг боддог байх. Тээврээс хамаараад рейсийн үнэлгээ өөр. Гэрээт жолооч нар 60 хоногийн хугацаатай ирдэг учраас дундаас нь буцахад хүндрэлтэй.

Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй тээврийн компаниудын төлөөлөл “Эко глобал ложистик” ХХК-тай гэрээгээр 500 гаруй жолооч уртын тээвэрт явдаг. Эдгээр жолоочдын сонгох эрхийг хэрхэн хангадаг талаар тээвэр зохицуулагч А.Алтандэнс “Санал өгөх хүсэлтэй хүмүүсийг амраагаад явуулдаг. Нэг өдрийн үндсэн цалин олгоно. Орон нутгаас 20 гаруй хүн л ажилладаг. Эдгээр хүмүүс бүгд саналаа өгдөг. Ер нь жолооч нарын хувьд идэвх муутай. Гэрээсээ хол нэгэнт зориод ирсэн болохоор нэг ч гэсэн рейс хийхийг боддог байх. Тээврээс хамаараад рейсийн үнэлгээ өөр. Гэрээт жолооч нар 60 хоногийн хугацаатай ирдэг учраас дундаас нь буцахад хүндрэлтэй. Жолооч нар саналаа өгмөөр байна гэвэл хорих боох боломжгүй. Цахимаар юм уу зөөврийн хайрцгаар санал авдаг бол тээврийн жолооч нар сонгуульдаа оролцох боломжтой” гэв.

“Эрдэнэс силвер ресурс”: ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ

тасралтгүй ажиллах ажил үүргийн хуваарьтай хүмүүсээс зөөврийн хайрцгаар саналыг нь авдаг бол бүрэн хэмжээнд хамрагдах боломжтой. Түүнээс 300-400 хүн бүгд нэг өдөрт явна гэвэл уурхайн алдагдал, унаа тэрэгнээс эхлээд асуудалтай

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компани тэтгэвэр, бондын өр зээл төлж байгаа учраас нэг өдөр байтугай нэг секунд зогсох эрхгүй. Компанийн хэмжээнд 300 гаруй хүн ажилладаг бөгөөд нэг өдөр зогсоход хэчнээн сая ам.долларын алдагдалд орно. Үйлдвэрээ зогсоохгүйн тулд заавал ажиллах хүмүүсээ үлдээгээд бусдыг нь саналаа өгөх боломжоор хангахыг хичээсэн. Хөвсгөл, Баян-Өлгийгөөс ирсэн хүмүүс байдаг учраас нэг хоногт ирж, очиж амжихгүй. 3-5 хоног болоод ирэхээр цалингийн асуудал яригдана. Компани мэдээж тодорхой хэмжээний зохицуулалтыг хийдэг. Гэхдээ тасралтгүй ажиллах ажил үүргийн хуваарьтай хүмүүсээс зөөврийн хайрцгаар саналыг нь авдаг бол бүрэн хэмжээнд хамрагдах боломжтой. Түүнээс 300-400 хүн бүгд нэг өдөрт явна гэвэл уурхайн алдагдал, унаа тэрэгнээс эхлээд асуудалтай. Орон нутгийн харьяалалтай хүмүүс 10-20 хувийг эзэлдэг. Харьцангуй цөөн учраас нэг өдрийн цалинтай чөлөө өгөөд явуулдаг.

Ажилчдын хувьд саналаа өгсөнгүй гэж гомдол гаргах нь ховор. Ажлын нөхцөл болоод үнэхээр боломжгүй гэдгээ ойлгож байгаа учраас гомдол гаргадаггүй байх. Эндээс 3-4 хоног төрийн үйлдвэр зогсоож хэдэн зуун сая долларын алдагдалд орж байснаас зөөврийн хайрцгаар санал авах зохицуулалт байвал зүгээр юм гэдгийг ажилчид ч хэлдэг. УИХ-ын сонгуулиар үйлдвэрээ зогсоогоод саналыг нь өгүүлье гэж ярилцсан ч шийдэл биш юм билээ гэж үйлдвэрийн захирал Ч.Болдбаатар ярилаа. Эднийх 14 хоногийн ээлжтэй, 24 цагт өдөр, шөнийн тасралтгүй ажиллагаатай. Нэг нь ажлаасаа буулаа гэхэд нөгөөх нь нөхөх боломжгүй юм.

Бид уул уурхай, ачаа тээвэр эрдэс баялгийн салбарынхны сонгох эрхийг хангах талаар үргэлжлүүлэн хөндөн бичих болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *