Ерөнхийлөгч өө, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эсрэг хийж буй хууль бус үйл ажиллагаануудыг зогсооход дэмжлэг үзүүлнэ үү

0

Ил захидал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танаа 

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн асуудлаар энэ 2024 онд Төрийн тэргүүн танд дөрөв дэх удаагаа хандаж байгаа нь энэ. Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн үйл явцтай зэрэгцэн монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулсан эмчилгээ үйлчилгээг ард иргэдэд хүргэх зорилготой “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” анх 1989 онд тухайн үеийн “Эх нялхсын нэгдсэн төв”-д байгуулагдан, 1991 оноос Улаанбаатар хотын захиргаанд харьяалагдан 30 гаруй жил ард иргэдийхээ эрүүл энхийн төлөөх үйлсэд зүтгэж, үйлчлүүлэгч олны итгэлийг хүлээн ажиллаж байна.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн Менежментийн хувьчлал Монгол Улсын Их хурлын 56 дугаар тогтоол, Засгийн газрын 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 128 болон 61 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын комисс (НӨХК)-ын 73 дугаар тогтоолуудын дагуу 2008-2011 онд нийт 3 жилийн хугацаатай явагдаж, НӨХК-ын 2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12-р тогтоолоор Менежментийн гэрээний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль (ТБОНӨТХ) болон гэрээнд заасны дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр Менежментийн хувьчлал хийгдэж дууссан тул НӨХКомисс нь хууль, гэрээний заалтын дагуу өмчийг шилжүүлж, дуусгавар болгох шийдвэрийг гаргах ёстой байсан атал гэрээнд огт заагдаагүй “нэг жилээр сунган ажиллуулах” гэдэг шийдвэр гаргасны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй байсаар “Уламжпалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлалын асуудал шүүхийн байгууллагад шилжсэн.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж, Улсын дээд шүүх 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, “Гэрээний дагуу дуусгавар болгосон шийдвэрийг гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисст даалгасугай” гэсэн 620 дугаартай шийдвэр гаргасан болно. Одоогоор Нийслэлийн өмч хувьчлах комисст Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай албадан гүйцэтгүүлэх хуудас хүргэгдэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Улсын дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үйл ажиллагаа явагдаж байхад Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2024 оны 10 дугаар сарын 01 -ны өдрийн 01/1637 дугаартай албан бичиг ирүүлж тус албан бичигт Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын 2000 оны 468 дугаар захирамжаар баталсан Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиникийн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн байна. Гэтэл тус клиник төв нь 1989 онд анх байгуулагдан БНМАУ-ын Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны хамтарсан хурлын 1991 оны А/17/68 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны шууд харъяанд /одоогийн нэршил нь Нийслэлийн засаг даргын дэргэдэх/ харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Ийнхүү Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газраас Улсын дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхтай зэрэгцүүлэн НЭМГ-аас 2024.09.02-нд ирүүлсэн бичигт хариу холбогдох мэдээллийг 2024.09.03-нд өгсөн байхад 2024.9.6-нд баасан гарагт дахин адил агуулгатай шаардлага гаргасан бичгээ бямба гарагт бидэнд өгөөд даваа гаригт хариу ирүүл гэж, элдэв янзын дарамт шахалтыг үзүүлсээр байна. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Менежментийн баг нь 2008-2011 оны хооронд Менежментийн хувьчлал явагдаж, ТБОНӨТХууль, гэрээнд заасны дагуу НӨХКомиссын 12 дугаар тогтоолоор Гэрээний биелэлтийг “хангалттай” биелэгдсэн гэж дүгнэгдэн дуусгавар болсон учраас 2012 онд Гүйцэтгэх захирал Х.Гүрбазарыг хууль, журамд заасны дагуу менежментийн багаас томилсон, мөн ажлаас чөлөөлөх эрх менежментийн багт байхад НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган дарга өөрт байхгүй эрхийг эдлэн, тушаал гаргаж чөлөөлөх зэргээр хууль дүрэмд үл нийцэх, хууль бус зарчимгүй үйл ажиллагаануудыг удаа дараалан давтан үйлдсээр, төрийн хууль цаазыг завхруулсаар байна. 

Энэ нь олон түмэнд үйлчилдэг эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаагаанд ямар нэгэн байдлаар саад учруулах, тасалдуулах гэсэн башир, бусармаг оролдлоготой байнга нүүр тулж байгаагийн өөр нэгэн жишээ болж байна. Иргэд, байгууллагуудыг хууль журам зөрчихөөс сэргийлж, тэднийг туслан дэмжих үүрэгтэй хотын харьяа хэдэн байгууллагын түр орлон гүйцэтгэгч удирдлагууд өөрсдөө ёс жудаггүйгээр хууль зөрчих, бидний хуулийн хугацаанд өгсөн албан тоотыг огт уншиж танилцахгүйгээр сөргүүлэн тавих, өөрсдийн шийдвэрлээгүй асуудлын төлөөх бурууг, хариуцлагыг бидэнд тохох гэж ингэж элдэвлэж байгааг харах үнэхээр инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй байна. Хууль болон УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн удирдлага дахь хэсэг бүлэг хүмүүс үүрэг гүйцэтгэгч дарга нарыг хэрхэн ашиглаж төрийн албыг цалгардуулж, иргэд олон нийтийг хохироож байгааг 10 жилийн турш туулж ирсэн бодит жишээ нь бид байна. 

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлалыг дуусгавар болгох тухай шүүхийн шийдвэр биелэгдээгүйн улмаас хохирч байгаа хүний эрхийн зөрчлийн байдал жил ирэх тусам нэмэгдэж, эрх болон эрх зүйн байдал улам дордож, нийтэд үйлчилдэг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч, сувилагч, асрагч, нийгмийн ажилтнууд зэрэг тус төвийн үйл ажиллагааг хоногийн 24 цагт тасралтгүй авч яваа олон арван хүний эрх хөндөгдөж буй тул бид Монгол Улсын Төрийн тэргүүн танд нээлттэй ил захидлаар хандаж, дэмжлэг хүссээр байгаа билээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалт болон Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хэрэгжүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасны дагуу дэмжлэг, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, гүйцэтгэх ажиллагааг шуурхай шийдвэрлэж дуусгавар болгож өгнө үү хэмээн Төрийн тэргүүн Танаас хүсч байна. Эрхэм Ерөнхийлөгч өө. Монголын баялаг болсон монгол хүний эрүүл энхийг хамгаалахын төлөө ажилладаг байгууллагын нэг болох Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эсрэг хийж байгаа хууль бус үйл ажиллагаануудыг таслах, зогсооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү. Мөн 14 жил гацсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр явагдсан Менежментийн гэрээтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү.

 Хүндэтгэсэн: Монгол Улсын ардын эмч Ж.Хатанбаатар

Эх сурвалж: Sonin.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *