Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал ажлаа үргэлжлүүлнэ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр /2024.10.17/-нд боллоо.Орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө таван нам, хоёр бие даагч нийт 95 нэр дэвшигч өрсөлдөн МАН 24, АН 16, бие даагч нэг суудал авсан юм.АН-аас аймгийн ИТХ-д Шарын гол суманд нэр дэвшин олонхын санал авсан нэг төлөөлөгч холбогдох хуулийн дагуу нэрээ татсанаар энэ удаагийн аймгийн ИТХ-ын сонгууль нэг суудал дутуу буюу 40 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хуралдаанаа хийсэн юм.
Үдээс өмнөх хуралдаанаар МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад 7-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Алтангэрэлийн Янжмааг, АН-аас 8-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Лувсаншаравын Анар-Эрдэнийг дэвшүүлэн нууцаар санал хураасан байна.Санал хураалтад оролцсон 40 хүчинтэй саналаас 25 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 62.5 хувийн саналаар Алтангэрэл овогтой Янжмааг Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонгосон байна. А.Янжмаа нь 1975 онд төрсөн, ам бүл дөрөв, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Сэтгүүлч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны бакалавр, боловсрол судлалын магистр, аймгийн ИТХ–ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон аж.
Ийнхүү Дархан-Уул аймаг түүхэндээ анх удаа эмэгтэй ИТХ-ын даргатай болж байна.
Үргэлжлүүлэн аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан аймгийн засаг даргыг сонгох санал хураалт болжээ.МАН-ын бүлгээс Б.Азжаргалын нэрийг дэвшүүлсэн бол, танхимаас төлөөлөгч Д.Түмэн-Өлзий 2020-2024 онд ИТХ–ын даргаар ажилласан Сундуйжавын Насанбатын нэрийг дэвшүүлсэн байна. Санал хураалтад 40 төлөөлөгч оролцсоноос С.Насанбат 19 санал, Б.Азжаргал 21 санал буюу 52.5 хувийн санал авч аймгийн засаг даргаар Болдбаатарын Азжаргалыг томилохоор нэрийг нь Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ. Ийнхүү 2020-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Б.Азжаргал ийнхүү улиран ажиллахаар сонгогдлоо.