Ж.Дэлгэрсайхан: Төсвийн тэлэлтийн эсрэг мөнгөний бодлогоо чангаруулж таарна
Монгол Улсын төсөв болон төсвийг тойрсон эдийн засгийн хүндрэлийн асуудлаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.-Төсвийн зарлагын хэмжээ 2024 онд 3.1 их наяд, 2025 онд 3.6 их наяд, 2026 онд 4.9 наяд төгрөгөөр өсөж гурван жилийн хугацаанд нийт 11.6 их наяд төгрөгөөр өсөхөөр байна. Төсвийн тэлэлт нь эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх вэ?-Бидний гол анхаарах зүйл бол төсвийн тэлэлт макро эдийн засгийнхаа хувьд зөв үү, буруу юу гэдгийг бодох хэрэгтэй. Сүүлийн 20-иад жилийн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь хэмжээ дунджаар 13-14 хувиар өсөж, одоо 37-38 хувьд хүрсэн байна. Энэ бол эдийн засагт төрийн оролцооны нэлээд нэмэгдсэний шинж. Төрийн оролцоо ийм өндөр түвшинд байхад хувийн хэвшлийг дэмжих орон зай нь хаана гарах вэ. Мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжиж тэтгэх орон зай нь хаана байх вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Төсвийн энэ хэмжээний зардал мөнгөний нийлүүлэлт, импортыг өдөөнө. Магадгүй инфляцад дам нөлөөлөх нөлөөлөл байгаа. Тэгэхээр төсвийн зардал хэт тэлж байгаа нь бодлогын хувьд зөв гэж үзэх юм бол үүнийгээ бид оновчтой эсэхийг нь тодорхойлох ёстой. Яагаад урсгал зардал тэлээд байгаа шалтгаануудыг нь Сангийн яам, Засгийн газрын зүгээс тайлбарлаж байна. Ингэхдээ хууль, хүн амын цэвэр өсөлт, динамик өсөлт, хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмжийн зардлуудын өсөлттэй холбоотой гэж тайлбарлаж байна. Өмнөх жилүүдийн гол алдаа нь эрдсийн бүтээгдэхүүний экспорт, үнэ өндөр үед төсвөө тэлээд явдаг. Хэрвээ эдийн засаг дахь эрдсийн бүтээгдэхүүний эерэг цикл дуусах юм бол төсвөө танадаг, хөрөнгө оруулалтууд дээрээ хүндрэл хүлээдэг. Түүнчлэн, эдийн засагтаа тодорхой хэмжээний цохилт авч явсаар ирсэн. Ийм л түүхтэй. Тийм учраас бид огцом тэлэлтээ үргэлжлүүлэх юм уу эсвэл төсвийн зарлагаа хумих замаар хуримтлуулаад ирээдүйн эрсдэлээс хамгаалсан бодлого барих уу гэсэн сонголт байгаа юм. Гэтэл бидний сонгосон бодлого бол төсвөө тэлээд явъя, эдийн засгийн өссөн дээр нь улам илүү эрчимтэй өсөлтийг бий болгоё, хөрөнгө оруулалт хийе гээд байна. Үүнд эрсдэл үүсэж болзошгүй гэж миний хувьд болгоомжилж байна.-2025 оны төсвийн тухайд нүүрсний экспортын орлого, эдийн засгийн өсөлтөд найдаж байгаа бололтой. Нүүрсний экспорт тооцоолсон хэмжээнд хүрч чадахгүй бол дахиад л эрсдэл үүснэ гэсэн үг?-Энэ жилийн аравдугаар сарын эхэн үеийн байдлаар Монгол Улс 60 гаруй сая тонн нүүрс экспортолсон байна. 2024 онд 78 орчим сая нүүрс экспортолно гэдэгтээ хүрчих бололтой. Харин үнийн хувьд асуудал байна. Дараа жилийн хувьд 83.3 орчим сая тонн нүүрс экспортолно гэж тооцож байгаа. Хэрэв энэ хэмжээндээ экспортолж чадахгүй бол бидний өндрөөр төсөөлөөд байгаа төсвийн орлого тасалдана. Ингэхээр урсгал зардлаа л санхүүжүүлнэ. Тэгвэл хөрөнгө оруулалтын зардлууд дээр тодорхой хэмжээний дутагдал үүсэж эхэлнэ.-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. Төсвийн тэлэлтээс болоод эдийн засаг уналтад орох эрсдэлтэй юү?-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засаг эерэг байгаа гэдгийг заавал дурдах ёстой. Олон улсын зээлжих зэрэглэлийн агентлагууд ч гэсэн хоорондоо маш ойрхон зайтай Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиуллаа. Энэ бол Монгол Улсын төсөв, санхүүгийн нөхцөл байдал харьцангуй сайжирсныг илтгэж байгаа. Эерэг зүйлс олон бий. Эдийн засгийн нөхцөл байдлыг харвал цар тахлын өмнөх үеэс буюу 2017 оноос эдийн засгийн сэргэлт явсан. Тэрнээс хойш эрдсийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй гайгүй яваад байгаа. Дээрээс нь Монгол Улсын эрдсийн бүтээгдэхүүний гарц нэмэгдсэнтэй холбоотойгоор эерэг өсөлтүүд бий болж байгаа. Гэхдээ БНХАУ-ын эдийн засагтай холбоотойгоор гол эрсдэл үүсэж болзошгүй. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг харьцангуй багаар 4.8 хувь руу таамаглаж байна. Мөн Хятадад дотоодын эдийн засгийн томоохон гангийн үйлдвэрлэл, үл хөдлөхийн салбар болон томоохон бүтээн байгуулалтын салбарууд дээр эргэлзээтэй нөхцөл байдлууд үүсэж байна. Үүнтэй холбоотой төмрийн хүдрийн үнэ унаад эхэлсэн. Тэгэхээр цаашдаа гангийн хэрэглээ буурах, кокос болон бусад нүүрсний хэрэглээ багасах юм бол энэ эрсдэл бидэнд ирж болзошгүй. Монгол Улсын төсвөөр дамжаад томоохон хөгжлийг авчирч болно. Гэхдээ эрсдэл үүсэх юм бол 2016 оны нөхцөл байдалтай төстэй зүйлсийг л бид ажиглана. Тухайлбал, төсвийн зардлаа танах хэрэгтэй болно, хөрөнгө оруулалтын зардлуудаа санхүүжүүлж чадахгүйд хүрнэ, өрийн үйлчилгээний зардлууд дээрээ тодорхой хэмжээний дарамтууд авах эрсдэлтэй. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг томоохон сөрөг нөхцөл байдалд ордог. Гэхдээ ойрын жилүүдэд энэ эрсдэл тод харагдахгүй байна. Магадгүй 2025 оны сүүл 2026 оны эхээр илүү тодорхой харагдах байх.-Төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтыг та хэр оновчтой гэж харж байгаа вэ?-2025 төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтад эерэг зүйлс олон гарч байгаа. Ялангуяа сүүлийн 2-3 жилд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үнэлэх дүрэм, журмаа сайжруулж байгаа. Дээрээс нь төсвийн хөрөнгө оруулалтыг олон жилээр сунжирсан нөхцөл байдлыг хязгаарлаж байна. Ямартай ч 2025 оны төсвийн хөрөнгө оруулалт бүтцийн хувьд маш сайжирсан. Дийлэнх нь дэд бүтэц, эрчим хүч, замын төслүүд рүү хуваарилж байгаа нь сайшаалтай зүйл мөн. Одоо энэхүү төлөвлөлтийн гол эргэлзээтэй зүйл нь үүнийгээ хэрэгжүүлэх ёстой төсвийн том тэлэлтийг орлого нь тогтвортой байхад найдвартай баталгаа юу байна гэдэг дээр анхаарах, хэрэгжилтийг маш өндөр түвшинд хэрэгжүүлэх ёстой. Учир нь өмнө нь бид томоохон төсөл, хөтөлбөрүүд санаачилдаг, түүнийг хэрэгжүүлж чадахгүй сунжирдаг асуудлууд тодорхой хэмжээнд байдаг. Тийм болохоор үнэхээр зориглож хийж байгаа нь үнэн юм бол хэрэгжүүлэлтдээ анхаарах ёстой.-Ирэх оноос 14 мега төслийг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Мега төслүүдийг хэрэгжүүлэхдээ мөнгө бодлоготой хэрхэн хослуулах вэ?-Мега төслүүдийн дийлэнх санхүүжилт төсвөөс гадуур явна. Мега төслүүд хэрэгжиж чадвал Монгол Улсын эдийн засагт томоохон тэлэлт авчрах суурь өөрчлөлт бол мөн. Бид улсын хөрөнгө оруулалтаар дамжсан хөгжлийн замыг сонгочхоод байна. Тийм учраас мөнгөний бодлого гарцаагүй хумигдана. Иймд дараа жилээс бид мөнгөний бодлогоос томоохон орон зай, эдийн засгийн тэлэлт рүү хандсан хүчтэй өсөлтүүдийг харахгүй байх. Төсвийн хөрөнгийн оруулалт ийм их хэмжээгээр нэмэгдэж байгаа үед Монгол Улсын импорт, инфляцад нөлөөлнө. Тэр хэмжээгээрээ мөнгө бодлогыг эрсдэлээс хамгаалах нөхцөл рүү залахаас өөр аргагүй.-Ярилцсанд баярлалаа.