ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР НАМ, ЭВСЭЛ, БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН АВСАН СУУДЛЫН ТОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.3.4-т тус тус заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод тухайн шатны сонгуулийн дүнг нэгтгэж, нийтэд албан ёсоор мэдээлдэг.
Сонгуулийн хороодоос ирүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр нам, эвсэл, бие даагчдын авсан суудлын тоог танилцуулъя.
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 796 мандатад Монгол Ардын нам 449, Ардчилсан нам 340, ХҮН нам 3, бие даан нэр дэвшигч 4 суудал авсан байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр 14 аймагт болон нийслэлд Монгол Ардын нам, 7 аймагт Ардчилсан нам олох болжээ. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 17.9 хувь нь эмэгтэй, 82.1 хувь нь эрэгтэй аж.
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд, 21 аймгийн 330 сумын 174 суманд Монгол Ардын нам, 151 суманд Ардчилсан нам, 1 сум (Булган аймгийн Баян-Агт сум)-д Иргэний хөдөлгөөний нам, 3 сум (Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Жаргалант, Чандмань-Өндөр сум)-д бие даагч олонх болжээ. 21 аймгийн 330, нийслэлийн 9 дүүргийн 7235 мандатаас Монгол Ардын нам 3879, Ардчилсан нам 3231, Иргэний хөдөлгөөний нам 23, Иргэний зориг ногоон нам 4, Үнэн ба Зөв нам 1, бие даан нэр дэвшигч 86 суудал авчээ. Тодруулбал: Нийслэлийн 9 дүүргээс Монгол Ардын нам 8-д, Ардчилсан нам 1 (Сүхбаатар дүүрэг)-д олонх болжээ. Есөн дүүргийн 313 мандатаас Монгол Ардын нам 250, Ардчилсан нам 55, ХҮН нам 5, Үндэсний эвсэл 2, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам 1 суудал авчээ. Хүйсийн харьцааны хувьд сонгогдсон 7235 төлөөлөгчийн 2069 (28.6 хувь) нь эмэгтэй, 4977 (71. хувь) нь эрэгтэй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнтэй https://report.m-election.mn/ холбоосоор танилцах боломжтой.