Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн индекстэй болно
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хуурайшлын индексээр тодорхойлж, 2030-2050 он хүртэлх хуурайшил, зудын эрсдэлийн индексийг Монголын 330 сум тус бүрээр тооцон гаргана.
Ингэхдээ мал аж ахуйн салбарт үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг зудын эрсдэлийн зургаар, газар тариалан, хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах усны нөөцөд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тодорхойлж, дээрх индексийг гаргах юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны нийгэм-эдийн засгийн салбараас хамгийн их эрсдэлтэй тулгарч буй нь мал аж ахуй, газар тариалан билээ. БОУАӨЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй АДАПТ төслийн хүрээнд зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн стратеги” уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн индексэд суурилсан санхүүжилт, төлөвлөлтийн арга зүй, үр дүнг хэлэлцэхдээ энэ тухай мэдээлсэн юм.
Судалгаагаар 2050 оны үед Монголд зудын эрсдэл нэмэгдэж, их эрсдэлтэй нутаг 10, нэн их эрсдэлтэй нутаг 17 хувиар нэмэгдэх, хуурайшлын индексээр хуурай, нэн хуурай бүс 10 хувиар тэлж, нийт нутаг хуурайших дүр зураг ажиглагджээ. Иймд зудын эрсдэл, хуурайшлын индексийг аймаг, сумын түвшний дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт, аймгийн газар зохион байгуулалтын, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн, гамшгийн эрсдэлийн төлөвлөгөө хийхэд, дасан зохицох арга хэмжээг эрэмбэлэхэд ашиглах шаардлагатай байгаа.
Төслийн удирдах хорооны дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга уур амьсгалын эрсдэлийн индексийг хөгжлийн, санхүүгийн төлөвлөлтөд бүх шатанд ашигласнаар гамшгийн эрсдэлээс сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход шийдэх нөлөөтэйг онцлов.
“Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж бай уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөг багасгах тухай хууль”-д нийцүүлж сайжруулах, оролцогч талуудын хэлэлцүүлгээс гарсан саналыг тусган батлуулахыг БОУӨЯ мэдээлжээ.