Сураг ажиг: МАН, АН, ХҮН, ИЗНН-д дэд сайдын суудал өгнө

0

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар дэд сайдгүй ажиллана хэмээн ам гарч байсан нь саяхан. Тэрбээр сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёрын дунд ажил хийх, шийдвэр гаргах эрхгүй, санхүүгийн ч мэдэлгүй албан тушаал учраас Дэд сайдгүй ажиллах нь зөв гэсэн байр суурийг Ерөнхий сайд илэрхийлж байв. Тиймээс ч хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаараа өмнөх Засгийн газарт ажиллаж байсан 16 дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар нэг ч дэд сайдгүй ажиллаж байгаа гэсэн үг.

Гэвч МАН, АН, ХҮН-ий хамтралд дэд сайдын хэрэгцээ, шахалт, шаардлага бий болж, зарим намд нь 200 гаруй дэд сайдын хүсэлт, анкет ирж, аргагүйдэж дэд сайдуудаа буцаан томилохоор болжээ. МАН, АН-д аль алинд нь дэд сайдад горилж байгаа хүмүүсийн тоо 100 хол гарсан учраас ийнхүү дэд сайдын суудлыг бий болгож, дахин томилох сургаар намын дарга нартаа анкетаа өгөхөөр горилогчдын тоо эрс өссөн гэнэ.

Хамтарсан Засгийн газар Ерөнхий сайд болон 21 сайдтай. Үүнээс гурван Шадар сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Хяналт үнэлгээний үндэсний хороо, 20 минутын хот төслийн үндэсний хороод яамгүй бөгөөд дэд сайд томилох боломжгүй юм.

Хамтарсан Засгийн газарт байгаа МАН, АН, ХҮН намаас дэд сайд томилохоос гадна УИХ-д цөөнх болсон ИЗНН-д ганц, хоёр дэд сайдын суудал өгөхөөр тохирсон гэх мэдээлэл бий. Түүнээс гадна УИХ-аас хэд хэдэн гишүүнд яамгүй үндэсний хорооны сайдын суудал өгч, Засгийн газрынхаа сайдын тоог нэмнэ гэсэн албан бус мэдээлэл ч бий.

ДЭД САЙДАД ГОРИЛОГЧИД

МАН: Парламентад олонх болсон МАН хамтарсан Засгийн газарт 12 сайдын суудалтай болсон. Тиймээс хамгийн олон дэд сайдыг тус намаас сонгох болов уу. УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон, сонгогдож чадаагүй хүмүүсийн нэрс дэд сайдад горилогчдын дунд явж буй. Гэхдээ МАН-ын дарга эхний ээлжинд намын жагсаалтад бичигдсэн ч сонгогдож чадаагүй хүмүүсийг дэд сайдад дэвшүүлэх сурагтай. МАН дотор дэд сайдад горилж буй 100 гаруй хүн байгаа бөгөөд эхнээсээ нэрс нь ч ил, далд яригдаж эхлэв.

Тухайлбал, Сангийн дэд сайд Н.Мөнгөнчимэг, С.Далхаасүрэн, У.Болортуяа, Г.Баярхүү,  Б.Дөлгөөн, Т.Сайнжаргал, А.Адилбиш нарын жагсаалтад бичигдээд сонгогдож чадаагүй хүмүүсийг дэд сайдад дэвшүүлэх сурагтай. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн экс хүргэн МАН-ын намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Ж.Тана нарын нэрс яригдаж байна.

АН: Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт найман сайдын суудал авсан. Харин дэд сайдуудынхаа тоог үүнээс бууруулахгүй байх гэсэн таамаглал бий. Удаан хугацаанд парламентад олонх болж чадаагүй Ардчилсан намд албан тушаалд горилогчдын тоо хамгийн их байгаа сурагтай. Тиймээс ч дэд сайдуудтай болох шахалт АН-аас илүү их ирсэн гэж улс төрийн хүрээнд ярих болсон.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хувьд жагсаалтад бичигдсэн хүмүүсээс дэд сайдад томилохоос гадна улс төрийн фракциудын төлөөллийг багтаахаар зэхэж байгаа гэх. Тухайлбал, АН-ын гишүүн  Х.Номингэрэл, Б.Баттулга, Э.Галбадрал, Д.Батсайхан,  К.Жандос, П.Нүрзэд, Р.Булгамаа, Э.Энхпүрэв, М.Чимэддорж, О.Чулуунбилэг, Б.Ган-Очир, Б.Баттөмөр нарын нэрс яригдаж байна.

ХҮН: Хамтарсан Засгийн газарт Шадар сайд, Боловсролын сайдын суудал авсан ХҮН нам ч мөн дэд сайдуудын томилгоонд оролцож, дэд сайд томилно. Ингэхдээ нэг эсвэл хоёр л дэд сайдын суудал өгнө гэсэн таамаг байгаа бөгөөд УИХ-ын сонгуулиар намын жагсаалтад бичигдсэн, намдаа олон жил зүтгэсэн Д.Үүрцайх, Ц.Алтансор,  Л.Одсүрэн нарын нэрс яригдаж байна.

ИЗНН: УИХ-ын сонгуульд тойргоос нэг ч суудал авч чадаагүй ч намд өгсөн саналаараа дөрвөн ч суудалтай болсон ИЗНН ч энэ удаагийн дэд сайдын томилгооноос хоцрохгүй нь бололтой. Тус намын дарга Б.Батбаатар 2025 оны төсөв дэмжих болон Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж ажилласныхаа хариуд ганц дэд сайдын суудал горилж буй гэх мэдээлэл бий. НИТХ-ын сонгуульд өөрийн төрсөн дүүгээ Чингэлтэй дүүрэгт нэр дэвшүүлж, сонгогдох тохироо хийсэн ч МАН түүнийг “мурьсан” байдаг. Тиймээс дэд сайдын томилгоонд ч түүнийг “мурих” магадлал өндөр гэсэн бор шувуу жиргэх болсон. Учир нь АН, МАН-д дэд сайдад горилогчид олон учраас цөөн суудалтай Б.Батбаатарын намд дэд сайдын суудал өгнө гэдэг юу л бол хэмээн дүгнэх хүмүүс ч олон байна.

Эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *