Д.Ламжав: Шинэ Үндсэн хууль бол 1924 оны Үндсэн хуулиас сургамж авсан түүний зүй ёсны халаа

0

Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай ярилцлаа.-Юун түрүүнд Анхдугаар үндсэн хууль баталж байсан тэр өдрийн тухай яриагаа эхлэх үү?-А.Бямбажаргал, Б.Батбаяр нарын эрхлэн бүтээсэн “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИУД-1924, 1940, 1960, 1992 он” номд “Монгол Улсын арван дөрөвдүгээр он, арван сарын гучин бөгөөд аргын улирлын арван нэгэн сарын хорин зургааны өдрийн үдийн хойт, дөрвөн цаг арван долоон минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын Анхдугаар Их Хурлын арван дөрөвдүгээр тогтоолын нэгдүгээр зүйлд батлав” гэжээ.Монголын шинэ үеийн эрх зүйн тогтолцоог бүрэн төсөөлөхийн тулд Манж Чин гүрнээс тусгаарлан Хэмжээгүй эрхт хаант засагт шилжсэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг ч, Хэмжээт цаазат хаант засагт шилжсэн 1921 оны долоодугаар сарын 8-ны өдрийг ч нэгэн адил тухайн цаг үеийн их гүрнүүдийн нөлөө, Монголын нийгмийн төлөв байдалтай холбон судалж дүгнэх нь улс төрийн явцуу зорилгод хөтлөгдөн түүхэн үнэнийг ноцтой гажуудуулж ирсэн гашуун сургамжаа ухаарахад нэн чухал. Миний энэхүү сануулга бол өмнө иш татсан чухал ном болон түүнийг бүтээгч хоёр эрхмийн эсрэг огтхон ч чиглээгүй гэдгийг онцлон тэмдэглэе.-Анхдугаар Үндсэн хуулийн хэзээ ч гээж болохгүй үнэт зүйл нь юу вэ?-Монгол хатуу ширүүн сорилтыг туулан эцэст нь ялагч гурван их гүрний тохиролцсон ёсоор БНМАУ-ыг ЗХУ-ын дагуул улс мөн гэдгийг эрх зүйн хувьд баталгаажуулж чадсан явдал. Энэхүү баталгаажсан явдал нь хожим БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болоход, улмаар гурав дахь хөршийн бодлого бүхий МОНГОЛ УЛС болоход дам нөлөөлсөн үнэт зүйл даруй мөн.-Ялагч гурван их гүрний шийдвэрийн дагуу БНМАУ-ыг ЗХУ-ын дагуул улс мөн гэдгийг эрх зүйн хувьд хэрхэн баталгаажуулсан талаар тодруулмаар байна?-Монгол удаан хугацааны турш, харгис дарлал дор байсан гэж болмооргүй маш өвөрмөц гэрээний дагуу Манж Чин гүрний эрхшээлд байсан. Манж Чин гүрэн бөхсөн тохиолдолд уг гэрээ хүчингүй болох тухай тус гэрээний заалт нь Богд хаант Монгол Улсыг зарлах эрх зүйн үндэслэл болсон хэмээн манай зарим мэргэжлийн шинжээч ярьж бичсээр байна. Хятадад Манжийн ноёрхол бөхөхтэй зэрэгцэн манай хойд их хөрш Орос, геополитикийн талбар дээр шинээр гарч ирсэн Япон хоёр тохиролцон, Орос нь Монголд, Япон нь Манжуурт нөлөөгөө тогтоосон билээ.Ялагч нь дүрмээ тогтоодог бичигдээгүй хууль ёсоор дэлхийн хоёрдугаар дайны дараа ирээдүйн дэлхий дээрх дэг журмыг тогтоох үүрэг ЗХУ, АНУ, Их Британи гуравт оногдсон. Крымын хойг дээрх Ялта хотноо 1945 оны хоёрдугаар сарын 4-11 хооронд Энэхүү гурван их гүрний удирдагч нар дэлхий дахиныг тохинуулах том уулзалт хийсэн. Уулзалтын сүүлчийн өдөр И.Сталин, Ф.Рузвелт, У.Черчил нар бичвэр нь нүүр хагас зай эзлэх маш нууц тохиролцоонд хүрч гарын үсгээ зуржээ.-Тэр маш нууц тохиролцоо манай уншигчдад сонин байх болов уу?-Харин тийм ээ. Хоёрын хооронд тайлбарлах гэж нуршиж байхаар маш нууц тохиролцоог нь орчуулчихъя.МАШ НУУЦ. ТОХИРОЛЦООЗөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс болон Их Британи-гурван их гүрний удирдагч нар Герман бууж өгч, Европт дайн дууссанаас хойш хоёроос гурван сарын дотор Зөвлөлт Холбоот Улс  Холбоотнуудын талд дараах болзол шаардлага дор Японы эсрэг дайнд орохоор тохиролцов:1. Гадаад Монгол (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын статус кво-г хадгалах;2.Япон 1904 онд итгэлийг эвдэн довтолсны улмаас зөрчигдсөн, Оросын зүй ёсны эрхийг сэргээх, Үүнд:a) Сахалины хойгийн өмнөд хэсгийг дагалдах арлуудын хамт Зөвлөлт   Холбоот Улсад буцаах;b) Дайрен боомтод Зөвлөлт Холбоот Улсын давуу эрхийг хангаж; тус худалдааны боомтыг олон улсын болгохоос гадна Порт-Артурыг Зөвлөлт Холбоот Улсын тэнгисийн цэргийн бааз болгон ашиглах түрээсийг сэргээх;c) Дайрен руу гарах гарц болох Дорнод-Хятадын төмөр зам болон Өмнөд-Манжуурын төмөр замыг Зөвлөлт Холбоот Улсын давуу эрхийг хангаж, Зөвлөлт-Хятадын хамтарсан байгууллага хэлбэрээр хамтран ашиглах, ингэхдээ Манжуур нь Хятадын салшгүй хэсэг хэвээр байна.

  1. Зөвлөлт Холбоот Улсад Курилийн арлуудыг шилжүүлэх.

Гадаад Монголд болон дээр дурдсан боомтууд, төмөр замуудад холбогдох тохиролцоонд генералиссимус Чан Кай-ши-гийн зөвшөөрөл шаардлагатай. Маршал И.В.Сталины зөвлөснөөр энэхүү зөвшөөрлийг авах ажлыг Ерөнхийлөгч хариуцна.Гурван их гүрний засгийн газрын толгойлогч нар Японыг ялсны дараа Зөвлөлт Холбоот Улсын зүгээс тавьсан эдгээр болзол шаардлагыг шууд хангахаар тохиролцлоо.Зөвлөлт Холбоот Улс өөрийн зүгээс Хятадыг Японы дарлалаас чөлөөлөхийн тулд Хятадын Үндэсний Засгийн газартай Зөвлөлт Холбоот Улс, Хятадын хооронд найрамдаж холбоо тогтооход, түүнд өөрийн зэвсэгт хүчнээр тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна.   -Та гурван их гүрний Монголд холбогдох тохиролцоо эрх зүйн хувьд хэрэгжсэн гэж дээр дурдлаа. Хэрхэн яаж хэрэгжсэн юм бол?-Маш товчхон хариулъя. Тухайн цаг үеийн Хятадын байдал Зөвлөлтийн болзол шаардлагыг хүлээж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Хамгийн эцэст нь Чан Кай-Ши-гийн хүү нь утгачилбал “Бид наанадаж нэр нүүрээ барахгүйн тулд Гадаад Монголын статус квог хүлээн зөвшөөрөх эсэх талаар Гадаад Монголд санал асуулга явуулмаар байна” хэмээн Сталинд учирласан ёсоор 1945 оны аравдугаар сарын 20-нд санал асуулга явуулсан байна. Санал асуулга 97.8 хувийн ирцтэй явагдаж, санал асуулгад оролцогсод 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгсөн түүхтэй. Санал асуулгыг ажиглахаар ДИУ-ын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллан, арваннэгдүгээр сарын 1-нд “Гадаад Монголын ард түмний санал хураалтын тухай илтгэл”-ийг ерөнхийлөгч Чан Кай Ши-д өргөн барьжээ.  Дундад Иргэн Улсын Засгийн газар 1946 оны нэгдүгээр сарын 5-нд санал асуулгын дүн болон хил хязгаарыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, Гадаад харилцааны Яам нь мөн сарын 12-нд маршал Х.Чойбалсанд энэ тухай нот бичгийг ирүүлж, мөн оны хоёрдугаар сарын 13-нд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцжээ. Хэдхэн жилийн дараа БНХАУ ч мөн адил хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосноос гадна манай улсад хамтын ажиллагааны том төслийг хэрэгжүүлсэн билээ.Сталины ачаар Монгол тусгаар тогтносон гэх нь үнэний хувьтай боловч яг тийм биш. Хятадын хямрал, ялсан гүрний сүр хүчээр жийрэг улс байгуулах нь хойд их хөршийн үндсэн эрх ашиг байсан. Энэ бол ирээдүйн НҮБ-ын байнгын таван гишүүний нэг, ирээдүйн их гүрэн -эх газрын Хятадын нөлөөнөөс сэргийлэх бодлого байж. Нэгэн цагт ЗХУ Хятадын том ах байсан бол одоо Хятад нь Оросын том ах нэгэнт болжээ.-Манай улсын 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиудын хүйн холбоо юунд орших вэ?-Сөрөг талаас нь хандвал 1924 оны Үндсэн хууль бол Комминтернээс тулгасан, манай УИХ тулгалтыг нь хүлээн зөвшөөрсөн, “дарлагч анги”-ийг устгах эрхэм зорилго бүхий зөвлөлт маягийн үндсэн хууль. Энэхүү эрхэм зорилго хэрэгжсэнийг, дараа шатны арга хэмжээ юу байхыг 1940 оны Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заажээ:“БНМАУ бол эзэрхэг түрэмгийг ба феодалын дарлалыг устгасан цаашид нийгэм журамд дэвшин орохын учир улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин (малчин, ажилчин, оюутан) ардын тусгаар тогтносон улс мөн болно”.Өмнөх дөчин оны Үндсэн хуулийн эрхэм зорилго нь хөрөнгөтөн үүсэх шимтэй хөрс -хувийн өмчийг устагахад чиглэж байв. Энэхүү зорилго хэрэгжсэнийг 1960 оны Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “БНМАУ бол ажилчид, хоршоолсон ардууд (малчид, тариаланчид), хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн” хэмээн бэхэлж, цаашдын арга хэмжээ буюу эрхэм зорилго, түүнийг хэн удирдаж хэрэгжүүлэхийг Жаран оны Үндсэн хуулийн оршил дотор илэрхийлжээ:“БНМАУ-ын зорилго бол социализмыг төгөлдөр байгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн. … БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн”.1960 оны Үндсэн хуулийн төр хэрхэн мөхөх тухай төгсгөлийн Ерэн дөрөвдүгээр зүйл бүр сонирхолтой: “Коммунизмын үед төрийн зарим үүрэг мөхөх тутам тэр үүргийн тухай Үндсэн хуульд бичигдсэн зүйлс хүчингүй болж байна. Социализм, коммунизм байгуулах гол зэвсэг болсон төр байх хэрэгцээгүй болж, түүнийг хөдөлмөрчдийн коммунист эвлэлээр сольсон цагт БНМАУ-ын Үндсэн хууль халагдана” гэжээ.Ийнхүү 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь бие биеийн зүй ёсны үргэлжлэл, төвлөн удирдах хүчирхийллийн хэрэгсэл болон хувирсан МАХН-ын мөрийн хөтөлбөрүүд хэмээн үзэж болно.-1992 оны ардчилсан Үндсэн хуульд хүргэсэн тухайн үеийн манай нийгмийн нөхцөл байдлын талаар ярина уу. Хөшигний арын мэдээлэлтэй бас байгаа болов уу?-Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 1990 он хүртэл 50 шахам жил үргэлжилсэн хүйтэн дайнд ЗХУ-аар толгойлуулсан социалист лагерийн орнууд, АНУ-аар толгойлуулсан капиталист лагерийн орнуудад эдийн засгийн хувьд том ялагдал амссан тул Зөвлөлтийн шинэ удирдагч М.Горбачев ленинизмыг завхруулсан алдааг засах ПЕРЕСТРОЙКА (Өөрчлөн байгуулалт)-г зарласан нь энэхүү социалист лагерийг задрахад хүргэсэн ба Зөвлөлтийн зүгээс Ж.Батмөнхөөр толгойлуулсан МАХН-ын УТТ энэхүү өөрчлөн байгуулалтыг саатуулагч гэсэн зэмлэлийг хүртэж, том ах янз бүрийн шугамаар нөлөөллийн арга хэмжээ авснаар УТТ өөрчлөн байгуулалтыг дэмжигч, Н.С.Хрушёвийн түүх давтагдана хэмээн болгоомжлогч гэсэн хоёр хэсэгт хуваагдсан юм. Дэмжигч хэсгийг толгойлогч нь Ц.Намсрай.Өөрчлөн байгуулалтыг хөдөлгөөнд оруулахын тулд Ц.Намсрайн далд удирдлага, мэдээж НАХЯ-ны сайд А.Жамсранжавын оролцоотойгоор “Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, Доктор Нэргүйн удирдлага дор МоАХ-г байгуулан тус холбооны нүргээнтэй анхдугаар хурал болсон. Хурлын улс төрийн илтгэлийг Доктор Нэргүй бичсэн. Жүжигчин Д.Сосорбарам уншсан. Маргааш нь гэхэд уншигдсан ганц хувь илтгэл Ж.Батмөнх даргын ширээн дээр байсан бөгөөд ирээдүйн сайд Дорлигжав дамжуулсан эзнээр тодорсон гэдэг. Төлөвлөгөө Эдийн Засгийн Улсын Хорооны ахлах мэргэжилтэн Н.Дугар илтгэлд холбогдох албан ёсны тоо баримтыг хариуцаж байсан байдаг.-1990 оны гуравдугаар сарын 4-нд эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн хамтарсан цуглаан, мөн сарын 7-ноос 9-ний хооронд МоАХ-ноос Засгийн ордны өмнө Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж шаардсаны дагуу Батмөнх дарга УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгдсэн. Энэ талаар?-Улаанбаатар хотын намын хороон дарга Лантуу Батмөнх дарга дээр орж ирэн “юу болж байгаа энэ вэ. Төр засгийн эрхийг ямар хүмүүст өгч орхив гэдгийг наанадаж мэдмээр байна” гэсэнд дарга хариуд нь “Чи яахаараа дандаа над руу давшилж байдаг юм бэ. Чаддаг юм бол тэр УТТ-гоо зарлан хуралдуул” гэсэн гэдэг. Өмнө нь “Ж.Батмөнх даргыг огцруулах, хэн хэнийг ямар албан тушаалд тавих талаар төлөвлөсөн бичиг”-ийг холбогдох албан тушаалтны халааснаас хулгайлсан нэгэн эмэгтэй уг бичгийг Л.Лантуу даргад өгчээ. Дээд удирдлагадаа үнэнч Л.Лантуу дарга Ж.Батмөнх дарга дээр орон тэр бичиг ямар учиртай болохыг лавласанд Батмөнх дарга хариуд нь “Би аюулаас хамгаалах яамгүй болоод хэдэн сар болж байна. Тэндээс өдөр алгасахгүй ирүүлдэг мэдээлэл ирэхээ болиод хэдэн сар болж байна” гэсэн гэдэг.Ж.Батмөнх даргын мэдэгдэл нь УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ тэр есний шөнө л огцорчихлоо гэж ойлгогдохоор байсан тул Лантуу даргын тэвдсэнийг зөвтгөх хуулийн шалтгаан байсан. УТТ, орлогчдын хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох процесс ерэн оны 3-р сард хуралдсан АИХ-ын 8-р чуулганаар шийдвэрлэгдсэн.-1992 оны ардчилсан Үндсэн хуулийг өмнөх гурван Үндсэн хуультай харьцуулбал ямар онцлогтой вэ?-1992 оны Үндсэн хуулиар хувийн өмчийг хуулиар хамгаалдаг, жинхэнэ утгаар олон намын тогтолцоонд шилжих хос шилжилтийг хэрэгжүүлэх, иргэний нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилго тавьсан. Энэ Үндсэн хуулийг батлахад ардчиллын төлөө эсэргүүцлийн хөдөлгөөнүүд, эрх баригч МАХН-ын зүгээс хийсэн буулт тэдгээрийн хамтын ажиллагаа онц содон үүрэг гүйцэтгэсэн. Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль үүний тод баталгаа болон үлджээ.Монгол Улсын Үндсэн хууль бол 1924 оны Үндсэн хуулиас сургамж авсан, түүний зүй ёсны халаа байлаа.-Ярилцсанд баярлалаа.      

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *