“7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн 1 хүний бие хүндэвтэр, хагалгаанд орно”
Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 сарын 23-ны өдрийн 21.10 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг Чулуут гэх газарт хоёр машин мөргөлдөж улмаар нэг машин шатсаны улмаас 7 иргэн амиа алдаж нэг иргэн эмнэлэгт хүргэгдсэн байдаг.
Тодруулбал, осол болсон газарт Mitsubishi l-200 маркийн тээврийн хэрэгсэл Ford F 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Ford F 150 маркийн автомашин шатсан. Тухайн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дөрвийнх нь цогцос танигдаагүй гэх мэдээллийг бидэнд өгч байсан.
Тэгвэл тухайн ослоос амьд үлдсэн нэг хүн тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн иргэний биеийн байдлыг эмчлэгч эмчээс нь тодруулахад “Ослын газраас нэг хүн манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд зүүн хөлийн чөмгөндөө хугаралтай, биеийн бүх хэсэг доргисон, хөхөрч хавдсан, биеийн ерөнхий байдал хүнд байсан. Одоогоор ухаан санаа саруул, антибиотик эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал хүндэвтэр. Манай эмнэлгийн зүгээс бие нь дээрдмэгц хагалгаанд оруулахаар төлөвлөж буй.
Тус хэргийн явцын талаар ЦЕГ-аас тодруулахад “Одоогоор уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа Дорнод аймгийн цагдаагийн газарт явагдаж буй. Ослоор амиа алдсан хүмүүсийн цогцсыг таних ажил дууссан. Тухайн осолтой холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна” хэмээсэн юм.
Харин тус хэргийг шалгаж буй Дорнод аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Ослын шалтгаан болон бусад холбоотой мөрдлөгийн ажил явагдаж байна. Хувь хүний нууцын асуудал тул ослын дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна” гэв.