Ж.Баттөр: БНСУ-ын Ерөнхийлөгч улс төрчийн амбиц, эрх мэдлээ бэхжүүлэх гэсэн оролдлогоор онц байдал зарласан байхыг үгүйсгэхгүй

0

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл зургаан цагийн хугацаатай цэргийн онц байдал зарласан. Энэ асуудлаар МУИС-ийн багш, солонгос судлаач Ж.Баттөрөөс зарим мэдээллийг тодрууллаа. Тэрбээр “БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарласан нь дотоод, гадаадын олон хүчин зүйлтэй холбоотой. Тус улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц нууцын чанартай мэдээллээс болж онц байдал зарласан байхыг ч үгүйсгэхгүй. Нөгөө талдаа цэвэр улс төрчийн хувийн амбиц, эрх мэдлээ бэхжүүлэх гэсэн оролдлого ч байж болно. Ерөнхийлөгч хууль зөрчсөн нь тогтоогдох юм бол огцруулах боломжтой. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Дээд шүүх нь шийддэг” гэж хэлж байна. 

МУИС-ийн багш, солонгос судлаач Ж.Баттөр:

-БНСУ-ын ерөнхийлөгч цэргийн онц байдал зарласан. БНСУ нь ерөнхийлөгчийн засаглалтай. Цэргийн дээд эрх мэдлийг ерөнхий командлагч буюу ерөнхийлөгч авдаг. Цэргийн гэдгийг илүү тодотгох шаардлагатай. Байгалийн гамшгийн үед гэх мэт янз бүрээр онц байдал тогтоох явдал байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар орж байж, онц байдал зарлах ёстой.

Онц байдал зарлачихаад зургаан цагийн дараа цуцалсан. Одоо ямар хуульд үндэслэж онц байдал зарласан бэ гэдэг асуултын хариултыг хайж байх шиг байна. Гэхдээ цэргийн эрх мэдэлтнүүд энэ асуудалд оролцсон байх магадлалтай. Ерөнхийлөгч Юн Сог Ёл хууль зөрчсөн нь тогтоогдох юм бол татан буулгаж огцруулах боломжтой. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Дээд шүүх нь шийднэ.

Цэргийн онц байдлын гол зорилго нь улс төрийн намуудыг мэдэгдэл хийхийг хориглож, арми бүх эрх мэдлийг бүрэн авч байна гэсэн үг. Ингэхээр ерөнхийлөгч, дараа нь Батлан хамгаалах яамны мэдэлд бүгд орно.

БНСУ-д өмнө олон удаа цэргийн онц байдал тогтоож байсан. Нийтдээ 13 ерөнхийлөгчтэй байсан. Үүнийг дөрөв нь олон жилийн турш ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Эдгээр хүмүүсийн дотор цэргийн генерал хүмүүс олон байсан. Цэргийн онц байдал олон тогтоож байсан.

Цэргийн онц байдлыг улс эх оронд онц аюултай нөхцөл байдал үүссэн үед тогтоодог. Харин энэ удаад ийм асуудал үүсээгүй үед онц байдал тогтоосон нь шүүмжлэл дагуулаад байна.

БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч барууны үзэл баримтлалтай. АНУ, Японтой ойрын харилцаатай. Хойд Солонгостой хатуу байр суурьтай байдаг. Зах зээлийн эдийн засгийн хүчтэй дэмждэг. Нийгмийн халамжийг багасгах бодлого баримталдаг.

БНСУ-ын улс төрд зүүн, барууны намууд ээлжилж эрх барьдаг. Зүүн төвийн нам эрх барих үед Хойд Солонгостой ойртох бодлого барьдаг. Баруун чиглэлийн намын гишүүн ерөнхийлөгч болсон үед харин ч эсрэгээрээ Хойд Солонгостой хатуу байр суурь баримталдаг. Ингээд цэргийн бодлогыг хүчтэй болгох АНУ, Японтой ойр байх бодлого баримталдаг.

Орос Украины дайн гурав дахь жилдээ үргэлжилж байна. Хойд Солонгосын цэргүүд тус дайнд оролцох магадлалтай гэдэг мэдээлэл гарч эхэлсэн. 8-10 мянган цэрэг ОХУ-д очсон гэх мэдээлэл ч гарсан. Үүн дээр нэмэгдээд ОХУ цөмийн технологио хойд Солонгос өгч байгаа гэх асуудал ч гарсан. Яагаад Өмнөд Солонгосчууд түгшиж эхэлсэн бэ гэхээр өндөр цэргийн технологийг хойдууд эзэмших вий гэдэг болгоомжлол байна.

Түүнчлэн хоёр Солонгос нэгдсэн тохиолдолд төмөр замаар явна гэж барьсан төмөр замаа дэлбэлсэн. Холбоход бэлэн болсон цахилгааны шугамуудыг ч дэлбэлжээ. Ер нь Өмнөд Солонгостой холбоотой бүх үйл ажиллагаа, гэрээгээ хүчингүй болгочихсон.

Харин дотоод хүчин зүйлс нь улс төрийн намуудын бодлоготой холбоотой. Ерөнхийлөгчийн хувь хүн талаас нийгэм бас шүүмжлэлтэй ханддаг. Эхнэрийг нь тойрсон олон асуудал яригддаг. Ерөнхийлөгч хүн үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэж үздэг. Ингэж чадахгүй бол шоронд явуулдаг. Өмнөх таван ерөнхийлөгчөө шоронд хийсэн. Маш хатуу хуультай.

БНСУ-ын эмч нар маш удаан хугацаанд ажил хаялт зарлаж байгаа. Эрүүл мэндийн салбар нь доголдолд орсон. Төр засаг нь дийлэхээ больсон.

Дотоод зөрчлөө дарах гэж гаргаж ирсэн арга нь энэ байсан болов уу гэж бодож байна. Гэхдээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц нууцын чанартай мэдээллээс болж онц байдал зарласан байхыг ч үгүйсгэхгүй. Нөгөө талдаа цэвэр улс төрчийн хувийн амбиц, эрх мэдлээ бэхжүүлэх гэсэн оролдлого ч байж болно.

Ерөнхийлөгчийг шахалтад оруулаад онц байдлыг нь зогсоосон ч байхыг үгүйсгэхгүй.

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёл прокурор байсан хүн улс төрийн баялаг туршлагагүй. Гэхдээ хуулийн алдаа хийх хүн биш. Бүр ерөнхий прокурор байсан хүн. Тухайн үедээ олон хэргийг шийдвэрлэж, иргэдийн дунд нэр хүнтэй болсон. Ингээд ерөнхийлөгчид нэр дэвшээд ялсан.

Үйл явдал буцалж байна. Удахгүй бүх зүйлс тодорхой болно гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *