Төрд шилжсэн Хөтөл аудитын шалгалтад унаж, Л.Наранбаатар хэмнэлтийн хууль зөрчжээ
Жил гарны өмнө “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн мэдэлд буцаан авсан. Тус үйлдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд Цемент шохой ТӨХК болгон өөрчилж, гүйцэтгэх захирлаар нь Л.Наранбаатарыг томилсон байдаг.
Тэгвэл Үндэсний аудитын газраас Цемент шохой ТӨХК-ийн 2022 оны жилийн эцсийн байдлаарх санхүүгийн байдал, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайланд аудит хийсэн байна. Товчхондоо, Хөтөлийн цементийн үйлдвэр төрд бүрэн шилжсэний дараах есөн сарын санхүүгийн балансыг шалгажээ. Ингэхэд, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайлангаас 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчил илэрч, сөрөг дүгнэлт өгчээ.
Шууд гэрээ байгуулдаг, шилэн данс хөтөлдөггүй зөрчил
Тайлант онд хийсэн худалдан авалтын батлагдсан төлөвлөгөөг тендерийн баримттай тулган шалгахад 21 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн аж. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлээгүй зөрчил гэсэн үг. Үүнээс 11.7 тэрбум төгрөгийн 9 удаагийн худалдан авалтыг тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулсан. Мөн төлөвлөгөөнд батлаагүй, дээд газрын шийдвэргүй 300 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
Цемент шохой ТӨХК-ийн охин компани Хөтөл Энержи дулаан ХХК-тай холбоотой 2.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.
Мөн Шилэн дансны мэдээлэл дутуу, мэдүүлсэн дүнтэй зөрсөн, байнга хоцроож мэдүүлдэг зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Шилэн дансанд байршуулбал зохих 168.1 тэрбум төгрөгийн 115 мэдээллээс 72 тэрбум төгрөгийн 55 мэдээллийг хугацаа хоцроож байршуулжээ. Ийм алдаа зөрчил давтан гаргахгүй, хууль тогтоомж хэрэгжүүлж ажиллахыг гүйцэтгэх удирдлага Л.Наранбаатарт даалгасан байна.
Аудитаас Цемент шохой ТӨХК-д сөрөг дүгнэлт үйлдэхээс гадна удирдлагуудад нь төлбөрийн хоёр акт тавьжээ. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд хэмнэж болох байсан 64.1 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн бөгөөд үүнийг нөхөн төлүүлэх акт тавьсан байна.
Акт-1
-Гүйцэтгэх захирлын хувийн зардалд 6.4 сая төгрөг, хайрхан тахисан, бумбын баярт оролцсон 5.9 сая төгрөг, Улаанбаатар дахь оффисын үйл ажиллгаанд батлагдсан төлөвлөгөөнд тусгаагүй 26.9 сая, Сангийн сайдын тушаалаар баталсан хэмжээнээс илүү ажилдчын томилолтод зарцуулсан 7.7 сая, баримтаар нотлогдоогүй ажилчдын хор саармагжуулах гэсэн гүйлгээний 11 сая төгрөг зэрэг 58 сая төгрөгийн үргүй зардлыг холбогдох албан тушаалтнаар төлүүлж, Төрийн сан дахь Үндэсний аудитын газрын орлогод төвлөрүүлэхийг даалгажээ.
Акт-2
-Цемент шохой ТӨХК-ийн охин компани болох Хөтөл Энержи Дулаан ХХК-ийн удирдлагын томилолтын зардалд 2.5 сая төгрөг илүү зарцуулсан, урлагийн наамдын үйл ажиллагаанд 900 мянга, улсын баяр наадам зохион байгуулахад 789 мянга, барилгачдын баяр зохион байгуулахад 1.8 сая төгрөг, нийт 6.1 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар төлүүлж, төрийн санд төвлөрүүлэхийг Гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт даалгажээ.
Тэвчиж болох 1.1 тэрбумыг зарлагаджээ
Дээрхээс гадна Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлээгүй дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд,
-Бараа материалын дансанд тайлант оны 4-12 сарын хугацаанд яаралтай ашиглагдахгүй 816.9 сая төгрөгийн бараа материалын худалдан авалт хийж, зарцуулагдаагүй их хэмжээний үлдэгдэл байна.
-Гүйцэтгэх захирал, газар хэлтсийн дарга нарын 7 хүн Дархан аймагт амьдрах байр түрээсэлж, 40.5 сая төгрөгийг байгууллагаас төлсөн. Улаанбаатар хотод компанийн төлөөлөгчийн газар ТӨБЗГ-ын зөвшөөрөлгүй 206.4 м2 талбай бүхий байрийг 1м2-ыг нь 66.000 төгрөгөөр үнэлж түрээсэлсэн. Түрээсийн үнэ Засгийн газрын тогтоолоор баталсан үнэлгээнээс хэт өндөр 53.7 сая төгрөгийн илүү зардал гаргасан.
-Компаниас эдийн засгийн форумд 66.2 сая, урлагийн наадам 10.2 сая, хөлбөмбөгийн талбай тохижуулахад 25.6 сая, 3х3 сагсан бөмбөгийн талбай тохижуулахад 22.3 сая, Сэлэнгэ аймгийн жүдо бөхийн холбоо, 2-р цэцэрлэг, Орхон сумын ЗДТГ зэрэгт 26.1 сая, барилгачдын баярт 33.1 сая, хүлээн авалтын зардалд 14.4 сая төгрөгийг тус тус зарцуулж, 1.1 тэрбум төгрөгийн тэвчиж болох зардал гаргасан.
Аудитын дүгнэлтээс харахад, Хөтөлийн цемент шохой үйлдвэр төрд шилжүүлснээс хойших эхний шалгалтад унаж, гүйцэтгэх захирал Л.Наранбаатар Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, үргүй зардал гаргажээ.