“Чайна энержи”-тэй ойлголцохын өмнө #1: Н.Алтанхуягтай нэг анги Х.Ганболдоор консорциумыг ТӨЛӨӨЛҮҮЛСЭН асуудал, MCS-ийн эрх ашиг
Гашуунсухайт-Ганцмод боомтыг одоо нэг холбож авах ажилд төвлөрч, БНХАУ-ын талтай уулзаад эхэлмэгц айлын тал нэг хүсэлтийг албан бусаар илэрхийлсэн гэх. Тэр нь “Энэ удаа дундын зуучлагчгүй явна шүү. Та нар тийм албан тушаал үүсгэчхээд ажил хийлгэдэггүй, төвөгтэй юм билээ” гэсэн утга бүхий мессеж.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ хэлэлцээр хийгдэж байгаад зогссон. Одоогоос 10 жилийн өмнөх явдал. Тийм ч учраас Монголын ард түмэнд төдийгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шинэдсэн мэдээллүүд зарим талаар ил болсоор байна. Тэдний нэг нь энэхүү “Дундын зуучлагч” гэх сэдэв бололтой. Хэн гэж дундын зуучлагч, яаж Монголын талыг төлөөлөөд, тэр нь ямар бичиг үзэглээд явсан юм бэ гэж сураглавал, манай архиваас лав олдоогүй гэгдэж байна.
Улмаар ЗГХЭГ, ГХЯ-ны хэмжээнд огт үзэгдээгүй, өнгөрсөн 10 жилийн турш хав дарагдаж мартагдсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” гэгч баримт бичгийг илрүүлж, сая дөнгөж л танилцаад байгаа аж.
Харин тус хэлэлцээрт, “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь Хөхөөгийн Ганболд гэгч байхаар тусгаж. Ийнхүү хил холболтын стандарт цариг бүхий төмөр замын санхүүжилтийн,
- 30 хувийг хувьцаа эзэмшигчид нь
- Үлдсэн 70 хувийг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээлж шийдвэрлэхээр тохирчээ. Энэ хүрээнд нийт 150 сая ам.долларын зээл авна гэж төсөөлсөн байна.
Тус хэлэлцээрийг 2014.08.21-нд байгуулжээ.
Дарагдсан санхүүжилтийн хэлэлцээр: Хилийн төмөр зам барих хамтарсан компанид Монголыг талыг Хөхөөгийн Ганболдоор төлөөлүүлжээ
Одоо ингэхээр “Гашуунсухайтын төмөр зам” гэж ямар компани байв, Хөхөөгийн Ганболд гэж хэн бэ? хэмээх асуулт үүсэж байна.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, 2014.03.21-ний өдрийн шийдвэрээр энэ компанийг байгуулсан. Боомт холбосон төмөр замыг барих, санхүүжилтийг босгох чиг үүрэгтэй.
Монголын талаас: “Эрдэнэс тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК (Нийлээд 51 хувийг)
БНХАУ-ын талаас: “Шэньхуа” компани (Үлдсэн 49 хувийг эзэмшиж) хувь нийлүүлснээр, дөрөвдүгээр сард нь албан ёсоор баримт бичгээ үзэглэж авсан юм.
Өмнө нь 2013 онд “Эрдэнэс тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” болон БНХАУ-ын “Шэньхуа” групп хамтарсан консорциум байгуулаад байсан. Консорциум хил холболтын төмөр замыг барина, дараа нь “Монголын төмөр зам” ХК-д шилжүүлнэ гэсэн ойлголцолтой. БНХАУ-ын “Шэньхуа”-тай хамтраад манай талаас “Энержи ресурс” болон ЭТТ, ТТ компаниуд консорциум болж, хил холболтын төмөр замыг барья гэдгээ тохирчихсон үе.
Энэ суурь ойлголцлын үргэлжлэл дээр дээрх “Гашуунсухайтын төмөр зам” гэж хамтарсан компани байгуулж, санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрээ хийж л дээ.
Харин анхны Гүйцэтгэх захирлаар нь шууд Хөхөөгийн Ганболдыг томилов.
Бидний мэдэж буйчлан, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед (2015 он) ер Тавантолгойн бүлэг ордыг 100 жилээр БНХАУ-ын “Шэньхуа”, Монголын “Энержи ресурс”-т өгч гэдэг санаачилга УИХ дээр унасан. З.Энхболд УИХ-ын дарга байв. Ингээд дээрх консорциум ч худлаа болсон. Боомтын бүү хэл Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа барих гэж 10 жил болчихлоо. Харин одоо төмөр замаа юутай ч барьчихсан. Одоо хилээ холбох, боомтын төмөр замаа барих ажил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нуруун дээр байна.
Харин хил холболтын төмөр зам дээр хамтран ажиллахаар уулзаад буй “Чайна энержи” нь 10 жилийн өмнөх “Шэньхуа” группийн охин компани юм. Ийм ч учраас айлын тал манай адал түүхийг мэдэж байгаа.
Гэтэл Хөхөөгийн Ганболд гэгчийг шууд Гүйцэтгэх захирлаар нь томилж, “Гашуунсухайтын төмөр зам” компанийн хууль ёсны төлөөлөгч болгоод цаашид хэрхэх гэж байсан нь өнөөдөр анхаарал татаад эхэлчихлээ.
Х.Ганболд нь Н.Алтанхуягтай нэг анги, Ц.Элбэгдоржийн үеэс өнөөг хүртэл УТҮГ-ыг удирдаж байна
Хөхөөгийн Ганболдыг сонирхох шалтгаан нэг биш. Учир нь түүнийг хуулийн байгууллагаас шалгаад эхэлжээ.
Нэг хэсэг улс төрд идэвхтэй явсан нь цахим орчин дахь мэдээллүүдээс ойлгогдож байна. АН-ын ууган гишүүдийн нэг, тус намын Анхдугаар их хурлыг хийлцэж явсан. Гэвч хил холболтын төмөр замын асуудлаас хойш 10-аад жил улс төрийн идэвхгүй болсон байна.
Хоёрт гэвэл, Х.Ганболд Увс аймгийнх. Ерөнхий сайд Н.Алтанхуягтай нэг анги юм байна. Тийм ч учраас Н.Алтанхуягийн Засгийн газрын үед шууд “Гашуунсухайтын төмөр зам” компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон нь анхаарал татаж байна.
Тэрбээр “Гашуунсухайтын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирал болохоосоо өмнө “Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба” УТҮГ-т дарга байв. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсон дор 2009 онд энэ албан тушаалдаа очжээ. Түүнээс өмнө төрд алба хашиж байгаагүй. 149.6 сая төгрөгийн дөрвөн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэх мэдээлэл олдов.
Сонирхолтой нь, тэр одоо хүртэл “Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба” УТҮГ-ын захирал хэвээрээ байна. Ямар ажил хийдэг, хэчнээн төсөвтэй болох нь тодорхойгүй энэ УТҮГ-ыг анх байгуулагдсанаас нь хойш Х.Ганболд удирдаж байгаа аж.
Х.Ганболд “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-д 2015 оны есдүгээр сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд Чойжилийн Жаргалсайхан мөн тус компанийн ТУЗ-д байв. Харин Ч.Жаргалсайхан Өмнөговьд, нүүрс тээврийн компанитай. Х.Ганболд нь Ч.Жаргалсайхан болон түүний хүүтэй нэг ТББ хамтран эзэмшиж байжээ. Мөн Х.Ганболд Увсын хүн мөртлөө Өмнөговь аймгаас АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Харин Ч.Жаргалсайхан нь “ажнай” Д.Бат-Эрдэнэд холбогдох хамаарал гарч ирж байна.
Ингэхээр өөрийн хамаарал бүхий, нүүрс тээврийн салбарын хүнтэй “Гашуунсухайтын төмөр зам” компанид ажиллаж байсан болж таарч байна.
Х.Ганболд тэгвэл ямар бизнестэй вэ?
Улсын бүртгэлээс шүүвэл,
- Өөрийн үүсгэн байгуулсан “Парамо могул” ХХК
- “Эртний тоонот гэр” ХХК-ийг Д.Үүрийнтуяа нарын хамт
- “Баянхайрхан хас”, “Увс хар азарга” хоршоонд хувьцаа эзэмшдэг.
Харин “Нүхэн жорлонгүй ногоон хот”, “Говийн ус, ногоон хөгжил” ТББ-уудад хувьцаа эзэмшиж БАЙСАН. 2020 онд бүртгэлээ хасуулжээ. Энэ хоёр ТББ-ыг дээр дурдсан Ч.Жаргалсайханы хүү Ж.Энхманлай удирддаг юм байна.
Гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Парамо могул”-ыг эс тооцвол Х.Ганболд төдийлөн бизнес эрхлэгч нэгэн биш аж.
Намтрын тухайд дараах мэдээллүүд олдлоо,
- 2001-2009 онд “Баярс Констракшн” ХХК-д
- 2010-2012 онд Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба
- 2013.01-2013.12-р сарын хооронд “Шинротте” ХХК
- 2014.01-2014.06-р сарын хооронд “Эрдэнэс Тавантолгой” ХК
- 2014.07-2015.09-р сарын хооронд “Гашуунсухайт төмөр зам” ХХК
- 2015.10-2016.02-р сарын хооронд ажил эрхлээгүй, өөрөө нийгмийн даатгалаа төлсөн
- 2019.10-2019.12-р сарын хооронд ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнд тус тус ажиллаж байжээ.
Үүнээс харахад, тэрбээр “Гашуунсухайт төмөр зам”-д ирэхээсээ өмнө таван сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-гоос ч цалинжиж байж.
Н.Алтанхуяг, Ц.Элбэгдоржид ойр, мөн “сахал” Д.Эрдэнэбилэгтэй ч хамаарал бүхий гэж яригддаг Хөхөөгийн Ганболд ингэж хэсэгхэн хугацаанд Монголын талын консорциумыг төлөөлж, БНХАУ-ын “Шэньхау”-тай хил холболтын төмөр замын хэлэлцээрийг хийж байжээ.
Консорциумд MCS-ийн том охин компани “Энержи ресурс” хүртэл байхад яагаад чухам заавал түүнийг “тавьсан” нь өнөөдөр анхаарал татахаас аргагүйд хүрч байна.
“Энержи ресурс” 17 хувь эзэмшсэн “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-д одоо Сингапурын компани хөрөнгө оруулж байна
Дараагийн мэдээлэл, “Гашуунсухайтын төмөр зам” ХХК одоо ч татан буугдаагүй хэвээр байна.
Тодруулбал, 49 хувийн хувьцааг нь “Шэньхау” биш Сингапурт бүртгэлтэй “Lodestar Investment Pte.Ltd” компани эзэмшдэг болчихож. Харин, “Энержи ресурс” 17 хувь, “Эрдэнэс тавантолгой” болон “Тавантолгой” ХК тус тус 17 хувь эзэмшиж байна.
Тэгэхээр манай талын консорциумын гишүүд хэвээрээ. “Төмөр замын судалгаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг” гэж бүртгэгджээ.
Иймд ер “Энержи ресурс” одоог хүртэл Гашуунсухайтын хил холболтын төмөр замын төслийг анхаарлын төвөөс орхиогүй явж ирснийг илтгэх магадлалтай.
2014 оны ажлын хэсгийг MCS талаас УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахалж байжээ
Анх 2014 онд “Шэньхау”-тай хэлэлцээр хийхэд л “Энержи ресурс” 17 хувийг нь авсан байсан. Харин урьдач ажлын хэсгийг “Энержи ресурс” талаас одоогийн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахалж оржээ.
Иймд Ерөнхий сайдыг БНХАУ-д томилолтоор ажиллаж, “Чайна энержи”-тэй хил холболтын асуудал ярьж байх зуур Д.Энхтүвшин төсөв ярьж “попорсон” давхцал тодорхой болох шиг?
10 жилийн өмнөх асуудал сөхөгдөж, улс төр бужигнах уу
Харин өнөөгийн нөхцөл байдлын хувьд БНХАУ-ын “Чайна энержи” компани 300 орчим сая ам.долларын өртгөөр хил холбож өгье. Ингэхдээ манай Эрдэнэс тавантолгойн хоёр орд дээр операторын үүрэг гүйцэтгэе буюу өөрсдөө олборлоё. Тэгээд 2025-2029 онд 27 сая тонн, 2030 оноос хойш 20 сая тонноос багагүй нүүрсийг тогтмол авъя. Ингэхдээ үнийг манай дотоодын биржээр биш, өөрсдийн мөрддөг схемээр тогтооё. Өнгөрсөн 10 жил дэх алдагдлыг НЭХЭМЖЛЭХГҮЙ гэсэн санал тавиад байгаа юм.
Угтаа энэ домогт өргөн, нарийн царигийн асуудлаас хаа хол ч дахиад л асуудлыг Х.Баттулга руу нааж эхэлсэн нь дотоодын улс төр эрчимжиж буйнх. “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийг байгуулах үед Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Алтанхуяг одоо УИХ-д сууж байна. Мэдээж “Энержи ресурс” буюу MCS-ийн ашиг сонирхол дахин хөндөгдөх нь. Тэд юмыг яаж мэдэх вэ гэсэн шиг консорциум болж орсон компаниа татан буулгаагүй байна. Тэгээд ч 2014 онд болсон процесс сөхөгдөж, Н.Алтанхуягтай нэг анги Хөхөөгийг Ганболд гэгч манай талыг төлөөлж харьцахдаа хэрхсэн нууц хөвөрдөхийн эхлэлд иржээ. Бүхэлдээ 10 гаруй жилийн өмнөх Тавантолгойн том сэдэв, тухайн үед шийдвэр гаргалцаж байсан Сү.Батболд, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, С.Баяр гээд олон улстөрчдийн асуудал ч сөхөгдөхөөр харагдаж байна.
Адаглаад шууд холбоотой Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, MCS-ийн Д.Энхтүвшин хоёр өдгөө парламентад сууж байна.
“Чайна энержи”-гийн хувьд хамгийн эхэнд дурдсанчлан, шууд Засгийн газар хооронд л харцья. Ахиж дундын зуучлагчийн үүрэгтэй компани, хууль ёсны төлөөлөгч бий болгохгүй гэсэн нэгэн шаардлагыг тавиад буй.
“Чайна энержи”, Гашуунсухайтын хил холболт гэж ярихаар цаана нь бүлэглэл сандарч байна гэсэн утга бүхий мэдэгдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралдаанд хэлсэн гэгдсэн. Учир нь энэ байсан бололтой.
Бид дараагийн удаа, “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д Х.Ганболдын хамт ажиллаж байсан Ч.Жаргалсайхан, түүний Өмнөговь дахь нүүрсний бизнес, “ажнай” Д.Бат-Эрдэнэд холбогдох хамаарлыг үргэлжлүүлэн хөндөнө.
Эх сурвалж: Eguur.mn