Дэлхийн хамтын ажиллагааг шинэчлэн зохион байгуулах 5 зөвлөмж
Геополитикийн хурцадмал, тогтворгүй байдал нэмэгдсэнээр дэлхийн хамтын ажиллагаа доройтох эрсдэлтэй байгааг Дэлхийн эдийн засгийн форум “Дэлхийн хамтын ажиллагааны барометр 2025” тайландаа анхааруулсан байна
Дэлхийн эдийн засгийн форум нийт 41 индикатор ашиглаж, дэлхий нийтийн хамтын ажиллагааны орчин хэрхэн өөрчлөгдөж байгааг үндсэн таван бүлэгт хувааж харууллаа. Олон улсын хамтын ажиллагаа 2020 оноос хойш ерөнхийдөө зогсонги байдалд орсон ч уур амьсгал, инновац болон технологи, эрүүл мэнд болон худалдааны чиглэлд сайжирч байгааг харуулжээ.
Харин сүүлийн жилүүдэд энх тайван болон аюулгүй байдлын талбарт дэлхийн хамтын ажиллагаа хамгийн их доройтсон үзүүлэлттэй байгаа юм.
Улмаар хамтын ажиллагааны дүрэм журам алдагдаж, дэлхий нийтийг хамарсан тааварлашгүй, тодорхойгүй мөчлөг эхэлж болзошгүй байгааг анхааруулжээ. Энэ хүрээнд уламжлалт хамтын ажиллагааны стратеги төдийлөн үр дүнгүй байна гэж үзэж, өнөө цагт тохирсон шинэ хамтын ажиллагааг бий болгох таван зөвлөмжийг улс орнуудын удирдагчдад хүргэж байна.
- Нөхцөл байдал тодорхойгүй болж, асар хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа тул хамтын ажиллагааны илүү уян хатан байдлыг эрэлхийлэх нь зүйтэй
- Шинэ боломж, эрсдэл бий болсон даруйд хурдтай шилжилт хийхэд бэлэн байж, “төлөвлөгөөт оппортунизм” сэтгэлгээтэй байх хэрэгтэй
- “Ойр байдлыг” дахин тодорхойлох буюу газар зүй болон үзэл санааны хувьд ойр эсэхээс үл хамааран хамтын ажиллагааг эрэлхийлэх нь зүйтэй
- Хамтын ажиллагааны цар хүрээ жижиг, том байхаас үл хамааран урт хугацааны үр дүнд төвлөрч, эхлүүлэх нь оновчтой
- Геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед эрсдлээс сэргийлэх үүднээс бүтцийн сегментчилэл хийхийг харгалзан үзэхийг уриалжээ.