УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг хоёр жил гаруйн хугацаанд Улсын төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж, улс төрийн намууд, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудыг оролцуулсан цуврал хэлэлцүүлгийг явуулж, санал авсан тухай онцлон тэмдэглэв. Их Хурлын дарга үргэлжлүүлэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа ардчилсан улс орнуудад тавигддаг нийтлэг, гол шалгууруудыг хангахыг зорьсон. Мөн төрөөс намуудад үзүүлэх дэмжлэг, санхүүжилтийг ил тод болгох, бодлогын намыг төлөвшүүлэх, жендэрийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй хангах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Монголын ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намын тогтолцооны шинэчлэлийг хийхэд дэлхий дахины ардчиллын гол байгууллагууд болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комисс, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын дэмжлэг, санал зөвлөмж чухал ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын дарга хэлж байлаа.
Харин хатагтай Илейн М.Конкиевич цаг гарган хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумын талаар товч танилцуулсан юм.
Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын зургаан эксперт оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр, шийдвэр гаргах түвшинд тэр дундаа парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн чухлыг онцлоод Улсын Их Хурлын даргын хувьд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.