“Яллагдагчаар татагдсан хүнийг ЭМДЕГ-ын даргаар томиллоо”
Авлигатай тэмцэх газарт шалгагдан, яллагдагчаар татагдсан байсан хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-ын даргаар томилсон гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдэгдлээ. Энэ тухай тэрбээр “УИХ-аас сонсгол хийгээд тогтоол гаргаад байгаа ч хэрэгжилтэд нь анхаарахгүй бол болохгүй нь. УИХ-ын даргын зөвлөл энэ асуудалд онцгой анхаараач ээ. Эмийн сонсголтой холбоотой хоёр ч тогтоол гарсан. Хоёр тогтоолд тусгасан асуудлыг УИХ-ын намрын чуулганд багтааж Нийгмийн бодлогын хороонд танилцуулах ёстой байтал танилцуулаагүй. Нэхээд байхад танилцуулдаггүй. Бүлгийн даргаар дамжуулж асуулгасан ч, хариу байхгүй. Ингэхлээр УИХ-аас гаргаж байгаа тогтоол үнэ цэнэгүй болж байна.
Авлигатай тэмцэх газар дээр яллагдагчаар татагдаж байсан хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилж байна. Ийм байж болох юм уу, УИХ-ын дарга аа. Эрүүл мэндийн сайд хаа байна. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бус хойш нь чирсэн хүмүүсийг албан тушаалд тавиад байдаг. Нэг ёсондоо эрүүл мэндийн салбар улс төрийн албан тушаал хашдаг эрхтэн мэдэлтнүүдийн сэлгэж суудаг талбар болчихоод байгаа юм уу. Эрүүл мэндийн салбарыг ингэж тоглуулж болохгүй. Мөнгөний авдрыг сахиад суух хүнийг ингээд тавьж байна гэдэг ямар учиртай юм бэ. Иймэрхүү байдал гарч байгаа нь УИХ ын өөрийнх нь легитив чанарыг ч алдагдуулж байна. Тийм учраас УИХ-ын хаврын чуулганаар энэ олон тогтоолуудынхаа хэрэгжилтийг шаардая нэхье.
Утааны сонсгол хийх гэж байна, та нар сонсгол хийгээд гаргаж байгаа үр дүн чинь юу юм бэ гээд ард иргэд шаардаж байна” гэлээ.
Эл асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр хөндлөө.