Тойм: Засгийн газар, УИХ хамтран хоёр хөршийнхөө геополитикийн нөлөөллийг сөрсөн шийдвэрийг гаргаж чадлаа

0
uran-gariin-useg-orona-12-1

Жагсаал цуглаантай улс төрийн араас энэ долоо хоногт Монголын улс төр, эдийн засагт тун сонирхолтой томоохон шийдвэрүүд гарав.

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод метро байгуулах төслийн хүрээнд Их Британийн Засгийн газар баталгаа гаргах болсон талаар мэдэгдсэн. Нийслэлийн засаг дарга болсноосоо хойш энэ сэдвээр “шүүсээ шахуулж” яваа Х.Нямбаатарын хувьд метрогоо барьдгаараа л барина гэдэг хор шартай байхаас аргагүй. Түүний улс төрийн цаашдын карьер хэрхэх нь угтаа энэ төслөөс ч шалтгаалж мэднэ.

Хэд хэдэн удаагийн хотын даргын барьж аваад бүтээж чадаагүй төслийг ийн өөр дээрээ шүүрч, галыг атгасан нь түүний өөрийн сонголт мөн.

АН-ын дарга асан С.Эрдэнэ улс төрөөс “зодог тайлж” АНУ-ын Чикаго хот руу консулаар явахаар болов. Цагтаа намын лидерүүдийнхээ тоонд орж явсан хүн өнөөдөр ийн улс төрөөс “тэтгэвэртээ гарч” буй бололтой. АН-ын ганц алдаа энэ. Намынхаа гишүүдэд адлуулж, мадлуулж, намаа хагаралдуулчихаад хариуцлага ярьж чаддаггүй. Эрх баригч намтай эвийг олоод ирэхээрээ чимээгүй суудал горилоод, сураг нь алдардаг.

АН өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гээд цагтаа намынхаа түрүүнд явсан атлаа өдгөө намын дотоод асуудлаа ярилцах зориг байтугай хилийн дээс давж орж ирж чадахаа байсан хэдэн хуучин лидерүүдийн клуб л боллоо. С.Эрдэнэ ч мөн хулчийн одов.

Улс төрийн халуун үйл явдал дундуур нам гүмхэн батлагдаад өнгөрсөн ганц асуудал бий. Газрын тос боловсруулах үйлдвэр барих зорилгоор Монгол Улс Энэтхэгээс 1 тэрбум 236 сая ам.долларын зээл авч, ажил эхлүүлсэн.

Гэвч төслийг хэрэгжүүлэх шатанд нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тул дахин 462.2 сая ам.долларын зээл авах шаардлага гарч Эдийн засгийн байнгын хороогоор Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ч.Туваан нар даруйхан оруулж ирээд өчигдрийн чуулганаар батлуулаад авна лээ. Энэ оны шинээр өргөн барьж батлуулсан төсөвт газрын тос боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалтаас 270 тэрбумыг нь хасчихаад буцаагаад өргөн бариад батлуулчихсан. Зах зээлийн эрэлт нь 1.5 сая тонн түүхий тос байхад нийлүүлж чадах хүчин чадал нь 552 мянган тонн гэх жишээтэй.

Гэсэн ч Б.Жавхлан сайд 14 мега төслөөс хамгийн эрт өгөөжөө өгөх төсөл гэж цээжээрээ хамгаалсаар батлуулсан. Ингэхээр Засгийн газар төсвийн зарлагын хязгаарлалтад нэг удаагийн дүрэм хийхээс аргагүй нөхцөл үүсчихэж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болон 126 гишүүнтэй анхны парламентийн өмнөх хамгийн том сорилт нь Францын төрийн өмчит Орано Майнинг компанитай хийх “Зөөвч овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байлаа. Яагаад заавал бусад мега төслүүдээсээ ялгаатай, илүү өндөр ач холбогдолтой вэ. Монгол Улс стратегийн голлох бүтээгдэхүүн болох шатахуун, эрчим хүчээр хоёр хөршөөсөө хараат.

Манай улсын хувьд зөвхөн хоёр хөршөөс хамааралтай улс төр, эдийн засаг, хамтын ажиллагааны олон шийдвэр гаргаж ирсэн гашуун сургамж бий. Монголын ураны зах зээл гэдэг Хятад, Оросын аль алинд хамгийн сонирхолтой талбар байж ирсэн. ОХУ өөрөө дэлхийн ураны олборлолт, борлуулалтаар тэргүүлэгч орон болох Казахстан улсад өндөр нөлөөтэй.

Иймд манай улс өөрсдийн тусгаар тогтнол, ардчилсан улсын сонголт шийдвэрээ харуулж гуравдагч хөрштэй шинэ боломж үүсгэж буй нь өнөөдрийн Засгийн газар, УИХ-ын нэг гавьяа гэж хэлэхэд магтаал болохгүй биз.

Зүгээр ч нэг уул уурхайн салбарын хамтын түншлэл биш. Энэ нь бид өөрсдийн сонголт, шийдвэрээр улс орныхоо эдийн засгийн голлох талбарууд дээр шийдвэр гаргагч нь, гол тоглогч нь гэдгээ харуулах боломж юм. Араас нь сэргээгдэх эрчим хүчний салбарт мөн бидэнд дараа дараагийн боломжууд хүлээж буй.

Мега төслүүдээ бичил асуудалд бүдрэлгүй урагшлах, урагшлуулах эсэх нь цэвэр бидний сонголт. Эгийн голын УЦС, Хархорум дахь ЦЦС гээд хоёр хөршийн геополитикийн нөлөөгүйгээр хөдөлгөх мега төслүүд одоогийн Засгийн газар, парламентийн нуруун дээр ирэх хамгийн чухал ачаа байсаар байх болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *