З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүх хурал хойшиллоо
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэрэг өнөөдөр дахин анхан шатны шүүхээр хэлэлцэгдэх байсан ч хойшилжээ. Хэрэгт хяналт тавьж буй прокурор шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр тус шүүх хурлыг ирэх хоёрдугаар сарын 03-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫН ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг өнөөдөр /2025.01.20/ 12.00 цагт дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр товложээ.
Хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг /2024.09.25/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан атал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.