Ж.Пунцаг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргажээ
Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас 2022 оны нэгдүгээр сарын 19-нд гүйцэтгэх ажиллагаа явуулж “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан билээ.
Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 25-нд АТГ-аас Ж.Пунцагийн яллагдагчаар татаж, 2022 оны нэгдүгээр сарын 26-нд тэрбээр “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод Аудитын албаны даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг. Түүнийг хоёр жилийн хугацаанд АТГ-аас саатуулан, шалгаж байсан юм.
Түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.
Ийнхүү хэргийн мөрдөн байцаалт 2023 оны наймдугаар сард дуусч хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны аравдугаар сард болж, Ж.Пунцагийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 12 сая төгрөгөөр торгох ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ж.Пунцаг анхан шатны шүүхээс оноосон торгох ялыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор шүүх хурал товлогдоогүй байна.