Гурилыг татваргүй болгож үнэ буулгах Д.Амарбаясгалангийн санаачилга “алдаа” байсан нь батлагдав

0

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох, гурилын үнийг бууруулах зорилгоор гурилын импортын татварыг хэмжээгүй, хугацаагүй тэглэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжлэг авч, УИХ-аар шуурхай горимоор хэлэлцүүлэн батлуулсан.

Энэ хүрээнд гурилыг 2024 оны тавдугаар сарын 1-нээс импортын татвараас чөлөөлсөн.

Ингэхдээ Д.Амарбаясгалан “улаан буудайн өртөг гурилын үнэ өсч байгаа нь зүй бус гэж Засгийн газар үзсэн.  Гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр авчрах зорилгоор Засгийн газраас гурилын импортын татварыг чөлөөлөх, ингэхдээ хэмжээ, хугацаа тавихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй” хэмээж байсан.

Гэвч гурилыг татвараас чөлөөлснөөр үнэ буурна гэдэг түүний “гоё” үг худлаа болж уг хуулийн төсөл бүтэн жилийн турш шүүмжлэл дагууллаа.


Тэгвэл гурилыг гаалийн татвараас чөлөөлснөөр үүсээд буй бодит нөхцөл байдал өнөөдөр болж буй Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар ил болов.

Үнэн хэрэгтээ гаалийн татварыг чөлөөлснөөр өнгөрсөн хугацаанд ОХУ-аас 64 мянган тонн улайн буудайн гурил импортоор орж ирсэн. Гэсэн ч гурилын үнэ буураагүй. Эсрэгээрээ гурил, буудайн салбар хохирол амсаж, өрөнд орж доголдох эрсдэл үүсээд байгаа аж. Тиймээс Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болгох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гарчээ.

Энэ талаар Байнгын хорооны хуралдааны үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуультай холбоотой үр дүнгүүд бий. Энэ хууль хэрэгжсэнээр нийтдээ 64 мянган тонн улайн буудаан гурилыг ОХУ-аас импортоор авсан дүн байгаа. Мөн 2024 оны жилийн эцсээр 17.9 мянган тонн тэжээлийн импортоор авсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад нэг дахин их дүн. Энэ үзүүлэлтүүд стратегийн хүнд болох улайн буудайн болон гурилын үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээнд нэлээдгүй доголдол бий болгосон. Гурилын үнэ зах зээл дээр тогтворжоогүй. Үнэ буураагүй. Импортын гурил л нэмэгдсэн үзүүлэлт байгаа.

ХХААХҮЯ-ны Газрын дарга Ц.Болорчулуун:

-Гаалийн албан татварыг тэглэх тухай хууль батлагдаж тодорхой хэмжээний үр дүн өгсөн боловч яг газар тариалангийн салбарт нэлээд хүнд цохилт өгсөн. Тухайлбал, Улаанбуудайн тариалалт 35.7 мянган га талбай, нийт ургац 57 мянган га талбайгаар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Газар тариалангийн салбар гэдэг бол зөвхөн тариаланчдын асуудал биш. Үүссэн асуудлаас болж энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа техник тоног төхөөрөмж нийлүүлдэг ААН-үүд, Ургамал хамгааллын бодис, бордоо нийлүүлдэг ААН-үүдээс авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Цаашлаад салбар сүлжээгээрээ доголдох асуудал үүсээд байгаа учраас тооцоо судалгаа гаргаж ажилласан. Тиймээс Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болгох хуулийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гарсан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *