ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

0

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.23) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 09 цаг 27 минутад эхэлж, Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хуралдаанд танилцуулав.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.19-д “Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, өмч хувьчлалыг үе шаттай, үр дүнтэй явуулна.” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6.4-т “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна.” гэж заасан.  “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтыг тэргүүлэх чиглэл болгон, тус хөтөлбөрийн 3.1.2.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, олон улсын менежментийн багаар удирдуулж, нээлттэй хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлнэ.” гэж, 4.1.4.2-т “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлэх…” зорилтыг дэвшүүлсэн болохыг тэрбээр танилцуулгынхаа эхэнд дурдав.

Энэ хүрээнд хөгжлийн бодлого төлөвлөлтийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, олон улсын компанийн сайн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулахтай холбоотой тухайлсан харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн хүрээнд тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхийг зорьсон гэв. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журам, шалгуурыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төр, орон нутаг тооцоо судалгаагүйгээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, хувийн хэвшилтэй өрсөлдөж, зах зээлд оролцож байгаа нь эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжихэд сөргөөр нөлөөлж байгаа гэлээ. Улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний төсвийг төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд захиран зарцуулж байгаа ч эзэмшиж байгаа хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага, санхүүгийн сахилга бат сул, үр ашиггүй, их хэмжээний алдагдалтай ажиллаж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. 2023 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 99 хуулийн этгээдийн ашиг, алдагдлыг багцалж нийт цэвэр ашгийн дүнгээр үзэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Монгол” хөдөө аж ахуйн корпорац, Төрийн банк нийлээд 4.75 их наяд төгрөгийг,  бусад 51 хуулийн этгээд 380 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Үлдсэн 43 хуулийн этгээд нь алдагдалтай ажилласан ба алдагдлын нийт хэмжээ 150 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэн эрсдэлийн ерөнхий үнэлгээг ОУВС-ийн ашиглалтыг санхүүгийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож үзэхэд хөрөнгийн өгөөж дунд эрсдэлтэй 23, өндөр эрсдэлтэй 20 хуулийн этгээд байгаа аж. Иймд санхүүгийн алдагдалтай ажилласан, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаагүй, гүйцэтгэлийн үнэлгээ болон аудитын дүгнэлтээр хангалттай ажилласан төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагад хариуцлага хүлээлгэх, компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Удирдлагыг нь томилох, улс төрийн шийдвэр гаргах, төсвийн шинжтэй зардлыг санхүүжүүлэх зэргээр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцож, нөлөө үзүүлдэг хэмээгээд төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээн Засгийн газар үзсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хамааралтай нийт 74 төрлийн мэдээллийг цахим хуудсандаа ил тод нээлттэй болгох үүргийг хуульчилж, ил тод нээлттэй байдлыг хангах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, мэргэжлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж улс төрийн томилгоог халах, ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа яамд, УИХ-ын харьяа зарим байгууллага, аймаг, нийслэлийн дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон холбогдох хууль, хяналтын байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудаас санал авч, олон нийтийн хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулан, тэдгээрийн төсөлтэй холбоотой саналуудыг тусгасан болохыг Н.Учрал сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдав.

Хуулийн төслийг баталснаар үүсэх нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын шинж чанартай үр дагавруудын талаар төсөл санаачлагч танилцуулсан. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тогтолцоо сайжрах, үйл ажиллагааны ил тод байдал, удирдлагын хяналт, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар байгалийн баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоо бүрдэнэ гэлээ.

Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статус тодорхой болох юм байна. Түүнчлэн хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төр заавал оролцох шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр оролцох, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх нөхцөл бүрдэх аж. Төр болон орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхээ ил тод, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнд саад учруулахгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн Н.Учрал сайд танилцууллаа. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд хийсэн хууль зүйн дүн шинжилгээний талаарх дүгнэлтийг танилцуулсан.

Төсөл санаачлагчийн дээрх илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Р.Батболд, М.Энхцэцэг, П.Сайнзориг, Э.Батшугар, Б.Энхбаяр, Д.Энхтүвшин, М.Мандхай, М.Бадамсүрэн нар асуулт асууж, Монгол Улсын сайд Н.Учрал болон ажлын хэсгээс хариулт авав.

Төрийн өмчит гэж нэрлэж байгаа хэдий ч эцсийн өмчлөгч нь иргэд, нөгөө талаасаа нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэдэг утгаараа төлөөлөн удирдах зөвлөлд төр  хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тодорхой болгох шаардлагатай байгаа талаар Н.Учрал сайд тайлбарласан. Тухайн компанийн бие дааж засаглах, бизнес төлөвлөгөөгөө бодитойгоор төлөвлөж, хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж байж ашигт ажиллагаа шаардах нөхцөл бүрдэнэ гэв. Хуулийн төслийг баталснаар төрөөс төрийн өмчит компаниудын талаар баримтлах бодлого тодорхой болж, улмаар төрийн өмчит компаниудыг нэгтгэх, өөрчлөх, зохион байгуулах, татан буулгах, нээлттэй болгож, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг авах юм байна. Энэ хүрээнд чиг үүргийн болон орон тооны давхардлыг арилгаснаар нэн тэргүүнд цалингийн зардалаас 26.7 тэрбум төгрөг хэмнэх боломжтой хэмээн тооцсон байна. Мөн олон улсын жишгээр нийтийн үйлчилгээний байгууллага буюу төрийн үйлчилгээ явуулж байгаа байгууллагуудын статусыг тодорхой болгох аж.

Төрийн өмчит уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол”, уул уурхайн бус төрийн өмчит компаниудыг “Эрчист Монгол” компаний удирдлагад нэгтгэн, чиг үүргийн давхардлыг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа. Төрийн өмчийн хороонд бүртгэлтэй 122 компанийг 70 болгох боломжтой хэмээн тооцоолсон байна. Толгой компани байгуулснаар асуудал шийдэгдэх эсэхэд гишүүд эргэлзэж буйгаа илэрхийлж, удирдлага дахь компаниудаасаа “үйлчилгээний төлбөр” хэмээн их хэмжээний хөлс авдаг, мөн удирдлагын шатлалыг нэмэгдүүлэх эрсдэлийн талаар байр сууриа илэрхийлж байлаа. “Эрдэнэс Монгол” ХК-ийг байгуулснаар төрийн өмчит компаниуд дахь ТУЗ-ийн давхардсан чиг үүргүүдийг арилгаж, тоог бууруулсан талаар баримтыг Н.Учрал сайд танилцуулсан. Мөн 60 гаруй компанийг 31 хуулийн этгээд болгож, зохион байгуулсан болохыг дурдав. Харьяа компаниудын орлогыг толгой компани төвлөрүүлж, Үндэсний баялгийн сангийн орлогыг бүрдүүлдэг талаар мөн тайлбарласан. Энэ мэт зохион байгуулалтын үр ашиг, ач холбогдолтойн зэрэгцээ мега төсөл хэрэгжүүлэх, олон улсын хэлэлцээр хийхэд гол түшиц болдог талаар мэдээлэл өгөв. Иймд олон улсын сайн жишгээр уул уурхайн бус төрийн өмчит компаниудаа зохион байгуулалтад оруулах нь үр ашигтай, мөн авлигалыг бууруулах чиглэлд ч ахиц болно хэмээн тайлбарлаж байлаа. Гишүүдийн тодруулсны дагуу ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээрх төслийн зохицуулалтын талаар ажлын хэсгээс дэлгэрэнгүй тайлбарлаж, төслийн зохицуулалтаар ил тод байдлыг хангаж, хөндлөнгийн аудитыг ажиллууснаар компанийн засаглал сайжрах суурь нөхцөл бүрдэнэ хэмээн холбогдох тайлбарыг өгсөн. Хууль хоорондын нийцлийг хангах, давхардал үүссэн байгаа талаар гишүүд хэлж, холбогдох саналаа илэрхийлж байсан.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, П.Сайнзориг, М.Бадамсүрэн, Р.Сэддорж нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 17 гишүүний 58.8 хувь нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *