ФОТО: “Гудамж”-нд өнгөрүүлсэн 365 хоног
Жилийн өмнө бид уулзахад (өмнөх ярилцлагыг ЭНД-ээс унших боломжтой) тэр жирэмсэн, хүү ээжийнхээ гэдсэнд бүрэлдээд хоёрхон сар хүрч байж. Харин өнөөдөр тэр хүү хорвоод мэндлээд даруй 5 сар хүрч, эрүүл саруул өсөн торниж байна. Нэг ураг бүрэлдэж, хорвоод хүн болон мэндэлж, чилийсэн 365 хоног бидний ард үлджээ.
Г.Ганчимэг нийслэлийн Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд байрлах 207 дугаар байрны 8 давхрын оршин суугч.
Г.Ганчимэг“Анхны үрээ өөрийн гал голомтдоо өлгийдөн авах байсан ч өнөөдөр бид түрээсийн байр дамжиж явна. Хүүхэд том болно. Хэдий болтол хүүхдээ дагуулаад түрээсийн байр хэсэж амьдрах юм бол.
Үргэлж айлын байр муухай болгочих вий, ханыг нь сэвтээчих вий гэдэг болгоомжлол дунд хүүхдээ амьдруулна гэхээр үнэхээр тухгүй санагдаж байна. Өөрийнхөө байранд, өөрийн гэртээ байсан сан бол гэдэг бодол алхам тутамд л төрдөг” хэмээн ярилаа.
207 дугаар байранд 63 өрхийн нийт 218 оршин суугч амьдардаг байсан. Ард үлдсэн 365 хоногт энэ тоо нэгээр цөөрч 217 болжээ. Тэд ослоос хойш түрээсийн байранд амьдарч буй. Энэ мэтчилэн гэм буруугүй олон иргэний амьдралын чанар дордож тэд эрүүл, мэнд, эд хөрөнгийн хохирол амссаар байна.
Дүнжингаравын уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн хүнд даацын автомашины жолооч, “Патрол” маркийн автомашины жолооч нар зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас дэлбэрэлт болж тэр хавьд явганаар, автомашинаар зорчиж явсан 7 хүн нас барж, тэнд байрлах 207 дугаар байрны оршин суугчид орон гэргүй болж, гудамжинд гарсан өдөр бол 2024 оны нэгдүгээр сарын 24. Өнөөдөр 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр. Энэ ослын буруутан олдохгүй байсаар он дамжсан.
ХЭРГИЙГ ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.
Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 2 хүнд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар цагдаа хэргийг “боож” дуусаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос хэргийг 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.Шүүх хэргийг эцэслэн дэнсэлж, гэм буруутныг тогтоож өгнө.
Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 5 хүн хүнд, 1 хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.
Гэм буруутан энэ хохирлыг нөхөн төлнө. Нэмээд орон сууц нь дэлбэрэлтэд өртсөн иргэдийн түрээсийн байрны төлбөрийг улсад төлөх учиртай. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны хохирсон айл өрх, иргэдэд түрээсийн байрны төлбөр болон бусад зардалд нийслэлийн зүгээс 3.8 тэрбум төгрөг гаргаад буй юм байна.
ХОЁР ЯЛЛАГДАГЧ НЬ ХЭН БЭ?
Зурагт: “Дашваанжил” ХХК-ийн шингэрүүлсэн хий тээвэрлэж яваа автомашин
Гэм буруугийн шүүх хурлыг товлоход дахиад тодорхойгүй хугацаа орно гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс мэдээлэв.
Ослын тухайн үеийн бичлэгээс үзэхэд уулзварт ногоон гэрэл ассан. Хүнд даацын болон суудлын автомашин хоёул зэрэг хөдөлсөн, ингээд шүргэлцсэн. Энэ хоёр автомашины жолоочийн хэн нэгнийх нь буруутай үйлдлээс осол гарсан.
Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр осолд холбогдуулан“Дашваанжил” ХХК-ийн жолооч болон захирлыг яллагдагчаар татжээ. Өөрөөр хэлбэл, тэднийг буруутай байж болзошгүй гэж цагдаа, прокурорын байгууллага үзэн яллагдагчаар нэрлэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Тэд үнэхээр буруутай эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэнэ.
Тэгвэл осол гарах үед тэнд байсан, шингэрүүлсэн хий тээвэрлэсэн хүнд даацын автомашинтай шүргэлцсэн “Патрол” маркийн автомашины жолооч хаачсан бэ? Хууль, хяналтын байгууллага 365 хоногийн турш мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд “Патрол”-ын жолоочийг буруугүй гэж үзсэн бололтой. Учир нь түүнийг яллагдагчаар татаагүй юм байна.
ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
- “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав “Манай компанийн зүгээс осол аваар гарч хүний амь нас хохирч, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсныг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгож, иргэд, ААН-ийг хохиролгүй болгохоор хуулийн хүрээнд бүх талын боломж бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлж байна. https://gogo.mn/r/315132?i=
- Шадар сайд С.Амарсайхан: Хууль хэнийг буруутай гэж үзнэ, тэр буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээх ёстой. https://gogo.mn/r/3enq2
- Хохирогч Г.Ганчимэг: Газын дэлбэрэлтэд өртсөн байраа нураалгах биш завсарлаад үргэлжлүүлэн амьдармаар байна https://gogo.mn/r/21mon
- Хотын дарга Х.Нямбаатар: Бид ирэх 7 хоногоос байрыг засах компанитай гэрээ хийх гэж байна. Наадмын өмнө чадвал айлуудыг оруулахгүй бол их зутарч байна. (Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=BEdJwr5gw8I, 37 минутаас хойш)
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном: Барилга бүрэн ашиглалтад орж дуустал нийслэлээс оршин суугчдын түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн төлнө. https://gogo.mn/r/xv1dj
Жилийн өмнөх энэ өдөр Дүнжингаравын уулзварт улаан гал дүрэлзэж, дэлбэрэлт болж гэртээ л байсан, гэртээ л харихаар явсан олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэн. Хэн бүхэнд сургамж болох ёстой энэ ослын дараа 365 хоног өнгөрөхөд тэнд юу өөрчлөгдсөнийг гэрэл зургаар харуулж байна.
Эх сурвалж : gogo.mn