Ерөнхийлөгч асан хүний “баавар” хандлага нь хуралдаан таслах

Ерөнхийлөгч явсан хүн УИХ-ын гишүүн рүү буух угаас сонирхолтой алхам. Төрийн тэргүүний эрхэм хүндэт албыг хашиж явсны “баавар” гэдэг юм байхаас аргагүй. Гэхдээ энэ нь бодлого шийдвэр дээр. 126 гишүүнээс бүрдсэн шинэ, залуу парламент хийгээд хамтарсан Засгийн газарт үлгэр дуурайл, чиг шугам нь болох тухай энд ярьж байна. Харин “баавар” гэдгээр хуралдаанаа таслахыг хэлэхгүй баймаар.
Намрын чуулган өчигдөр хаалаа.
Энэ хугацаанд хуралдааныг хамгийн их тасалсан гишүүнээр Х.Баттулга тодорсон байгаа юм. Угаас зарим бүлэг, байнгын хорооны хуралдаанд л суухаас УИХ-ын чуулганд үг хэлэхий нь нэг удаа сонссонгүй. Улсын төсөв хэлэлцэж, мега төслүүд хөдөлгөлөө гэх бүх үед тэр чуулганы танхимд харагдаагүй л.
УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа хэлэхдээ “Хуралдааныг 40 цагаас дээш тасалсан нэг хүн байна. Жилд таваас дээш удаа, ямар нэг шалтгаангүй тасалсан бол Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хэлэлцдэг” гэж байр сууриа илэрхийлээд байгаа.
Нэг ёсондоо Х.Баттулгыг Ёс зүй, дэгийн байнгын хороогоор оруулах нөхцөл бүрдчихээд байгаа.
Нэг хэсэг Н.Номтойбаярыг хаачив гэж эрж сурсан. Мөн л нэг баавар дүр төрхтэй тангараг өргөчхөөд, СЕХ-ноос гишүүний үнэмлэхээ ч очиж аваагүй хүн бол тэр. Харин сүүлийн үед овоо идэвхжээд, улс төрийн байр сууриа илэрхийлээд байгаа.
Харин Х.Баттулга дандаа далд байна. Тэр дандаа далд ажиллаж байна, нөлөө нь ч багагүй өндөр байгаа.
Гэхдээ Ерөнхийлөгч асан хүн УИХ-ын сонгуульд өрсөлдөн сонгогдохоор ийм хандлага үзүүлдэг гэсэн жишиг тогтох юм уу. Х.Баттулгын нүүдэл өөрөө түүхэнд сонин кейс болсон. Тэр үүднээс үлдэх, бичигдэх зүйл ихтэй. Авчиг эхнээсээ “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэгчээр л УИХ-ын чуулганы хуралдааны үйл явцад хандах юм.