ИРЦ: Х.Баттулга таслалтаар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөгөөр, Ч.Номин гадаад томилолтоор намрын чуулганыг ТЭРГҮҮЛЖЭЭ

0

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан анхны 126 гишүүнтэй ес дэх удаагийн парламентын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан нийт 32 удаа хуралджээ.

Тодруулбал, ээлжит хуралдаан 2024 оны 10-р сарын 01-ний өдөр эхэлж, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өндөрлөсөн юм. Ингээд намрын чуулганы нийт хуралдааны үеэр бусдыгаа хоцролт, таслалтаараа манлайлсан гишүүд болон хамгийн олон цагаар хоцордог, хамгийн их гадаад томилолттой байсан гишүүдийг танилцуулж байна.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нар таслалтаараа тэргүүлж “сануулах” арга хэмжээ авахуулах болзлоо хангав

УИХ-ын гишүүн Х.Баттулга намрын нэгдсэн чуулган 32 удаа хуралдахад 16 удаад нь тасалж, 6 удаа чөлөө авч, 4 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг удаа гадаад томилолттой байсан бөгөөд нийт 26 удаагийн хуралдааныг алгасаж, зургаад нь оролцжээ. Ингэснээр тэрбээр шинэ парламентын анхны намрын чуулганы “хамгийн их тасалсан” хууль тогтоогчоор нэрлэгдэж байна.

Мөн хамгийн их эмнэлгийн чөлөөтэй болон таслалтаараа УИХ-ын гишүүн С.Лүндэг удаалж, 21 удаагийн хуралд оролцоогүй буюу 15 удаа эмнэлгийн чөлөө авч, 6 удаа тасалсан ирцтэйгээр намрын чуулганыг өндөрлүүлэв.

Сануулахад, УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд тухайн жилийн чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын 5 хоногоос дээш хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, чөлөөний хуудсаа мэдүүлээгүй тохиолдолд УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар оруулж, сануулах, иргэдээс уучлалт гуйх, тасалсан өдрийн цалинг нөхөж олгохгүй байх гэсэн гурван төрлийн арга хэмжээнээс зохих шийтгэлийг нь ногдуулна. Хэрэв УИХ-ын гишүүн нь 40 цагаас дээш хугацаанд тасалсан тохиолдолд сануулах арга хэмжээ авдаг байна.

Энэ дагуу өнгөрсөн баасан гарагт УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Х.Баттулгад сануулах арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн байдаг.

Ерөнхий сайд, Х.Баттулга, Б.Тулга нар чөлөөний тоогоороо манлайлав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 32 удаагийн хуралдаанаас 18 удаад нь чөлөө авч, 8 удаа гадаад томилолттой байсан буюу нийт хуралдааны 7-д нь оролцож, 25 удаагийн хуралдаанд огт оролцоогүй байна. Харин УИХ-ын гишүүн Б.Тулга нийт 7 удаа чөлөө авснаараа удаалсан бол УИХ-ын гишүүн Х.Баттулга 6 удаа чөлөө авчээ.

Намрын чуулганд “ЭМНЭЛГИЙН АКТ”-аас салаагүй УИХ-ын гишүүд

УИХ-ын 126 гишүүнээс энэ намрын чуулганы хуралдаанд “эмнэлгийн акт”-аас хөндийрч чадалгүй хамгийн олон чөлөө авсан гурван гишүүнийг онцолж байна. УИХ-ын гишүүн С.Лүндэг анхнаасаа л “үл үзэгдэгч” байв. Тэрбээр 32 удаагийн чуулганы хуралдаанд 15-д нь эмнэлгийн чөлөө авснаараа тэргүүлж буй. Удаахад УИХ-ын гишүүн, СБД-ийн засаг дарга асан Х.Болормаа байна. Түүний хувьд нийт 10 удаа эмнэлгийн чөлөө авчээ. Харин УИХ-ын гишүүн Б.Түвшин “төсвийг танъя” гэж шуурсан 12 дугаар сараас хойш чуулганы отгон сард огт суугаагүй буюу 7 удаа эмнэлгийн чөлөөтэй байжээ.

Н.Учрал нарын 8 гишүүн хоцорсон цагаараа илүүрхэв

Хоцролтоороо тэргүүлсэн 8 гишүүний 5 нь дахин сонгогдсон гишүүд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 19 удаагийн хуралд нийт 13 цаг 58 минут хоцорч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан 17 удаагийн хуралдаанд нийт 12 цаг 46 минут хоцорч, Н.Батсүмбэрэл 18 удаагийн хуралдаанд нийт 10 цаг 24 минут, УИХ-ын гишүүн Д.Ганбат 19 удаагийн хуралдаанд нийт 8 цаг 57 минут, УИХ-ын гишүүн Б.Заяабал 17 удаагийн хуралдаанд нийт 10 цаг 12 минут хоцорсон бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 18 удаагийн хуралдаанд нийт 8 цаг 36 минут, УИХ-ын гишүүн С.Амарсайхан 17 удаагийн хуралдаанд нийт 6 цаг 03 минут хоцорч, харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан 20 удаагийн хуралдаанд нийт 4 цаг 53 минут тус тус хоцорчээ.

УИХ-ын гишүүн Ч.Номин, Б.Дэлгэрсайхан, Р.Эрдэнэбүрэн нар гадаад томилолтоор “амжилт” эвдэв

Энэ намрын чуулганы хугацаанд хамгийн олон удаа гадаад томилолттой байсан нь УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин байна. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны 13 удаад нь оролцоогүй буюу 11 удаагийн хуралдаанд гадаад томилолттой байж, 2 хуралдаанаас чөлөө авчээ.Удаахад УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар тус бүр 10 удаа гадаад томилолттой байсан нь хамгийн олон томилолттой байсан гишүүдээр нэрлэгдэж байна.

Энэ намрын чуулганы “ИДЭВХТЭЙ” тав

Тоо болон тогтолцооны өөрчлөлтөөр бүрдсэн анхны 126 гишүүнтэй ес дэх удаагийн парламентыг Д.Амарбаясгалан удирдан хуралдуулж буй. Тэрбээр “энэ удаагийн парламент аливаа шийдвэр гаргахдаа хүн төвт, хүний эрхийг хангасан, ойлгомжтой, тодорхой, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зарчим баримтлан ажиллана” гэсэн зорилт дэвшүүлж, хуралдаанд оролцох гишүүдийг идэвх, оролцоогоороо үлгэрлэлээ.

Түүнчлэн байнгын ажиллагаатай парламентын дэгийг барьж, чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Л.Соронзонболд, Б.Хэрлэн, М.Энхцэцэг нар хамгийн их идэвхтэй оролцжээ.

-Хамгийн олон орон нутгийн томилолттой байсан гишүүдийг Д.Батлут, Ш.Бямбасүрэн нар тэргүүлэв-

Намрын чуулганы энэ хугацаанд хамгийн олон орон нутгийн томилолттой байсан гишүүдийг Д.Батлут, Ш.Бямбасүрэн нар тэргүүлэв. Тэдний хувьд тус бүр долоон удаагийн орон нутгийн томилолттой байжээ.

Үргэлжлүүлэн сар тус бүрээр нарийвчлан авч үзсэн ирцийн мэдээллийг хүргье.

10-Р САР: Х.Баттулга, Э.Бат-Амгалан, Д.Батлут нар чуулганы хуралдаанд НЭГ удаа оролцжээ

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 7 удаа чуулган хуралдсанаас УИХ-ын гишүүн Х.Баттулга 2 удаа тасалж, 1 удаа гадаад томилолттой байж, 3 удаа чөлөө авчээ. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нэг удаа сууж, 2 удаа тасалж, 2 удаа чөлөө авч, 2 удаа гадаад томилолттой байсан байна. Удаахад УИХ-ын гишүүн Д.Батлут 6 удаа орон нутгийн томилолттой байснаар “ХАМГИЙН МУУ” оролцжээ. Харин УИХ-ын гишүүн Ч.Ундрам 4 удаа орон нутгийн томилолттой байж, 3 удаагийн хуралдаанд суужээ.

10-Р САР: Х.Баттулга, Б.Батцэцэг, Б.Жавхлан, С.Лүндэг, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нар “ХОЦРОЛТ”-оор тэргүүлэв

Анхны бүхэн бүрдсэн шинэ парламентад Ерөнхийлөгчийн сэнтийгээс УИХ-ын гишүүний орон тоо руу шахаж орж ирсэн Х.Баттулга ч анхны тохиолдол болов. Тэрбээр 10 дугаар сарын 7 удаагийн ээлжит хуралдааны хугацаанд 2 удаа тасалж, 1 удаа гадаад томилолттой байж, 3 удаа чөлөө авч ганц л удаа суухдаа 4 цаг 48 минут хоцорч өдрийн хагас цагт нь суужээ.

УИХ-ын гишүүн Б.Батцэцэг 2 удаа гадаад томилолттой байж, 5 удаа хуралдаанд суухдаа тогтмол хоцорч нийт 5 цаг 45 минут хоцорсон байна.

УИХ-ын гишүүн С.Лүндэг 5 удаа хуралдаанд оролцохдоо гурван удаагийн ээлжит хуралдаанд нийт 5 цаг 52 минут хоцорсон байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 7 удаагийн ээлжит чуулганы хуралдаад бүтэн оролцохдоо 5 удаагийн хуралд нийт 4 цаг 07 минут хоцорчээ. Харин Сангийн сайд Б.Жавхлан 7 удаагийн ээлжит чуулганы хуралдаад бүтэн оролцохдоо 3 удаагийн хуралдаанд нийт 4 цаг 08 минут хоцорчээ.Удаахад УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр 2 удаа чөлөө авч, 5 удаа хуралдаанд оролцохдоо гурван хуралдаанаас нийт 3 цаг 25 минут хоцорсон байна.

10-Р САР: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй 21 гишүүн бүтэн суув

Намрын ээлжит чуулганы эхний сард 126 гишүүнээс 22 гишүүн нь нийт 7 удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанд тасралтгүй оролцсоноор үлгэрлэв.

Үүнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ч.Анар, А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Р.Батболд, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, С.Замира, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, У.Отгонбаяр, Г.Очирбат, Д.Рэгдэл, Л.Соронзонболд, Б.Түвшин, О.Цогтгэрэл, Л.Энхнасан, М.Энхцэцэг, С.Эрдэнэболд нар нэрлэгдэж байна.

Дээрх нэр бүхий гишүүдээс 16 нь анх удаа сонгогдсон гишүүд байна.

11-Р САР: Х.Баттулга таслалтаар, Х.Болормаа эмнэлгийн чөлөөгөөр, Л.Оюун-Эрдэнэ чөлөөгөөр тэргүүлжээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан арваннэгдүгээр сард нийт 9 удаа хуралджээ.

Хуралдааны нийт хугацаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга 4 удаа тасалж, нэг удаа эмнэлгийн чөлөө авч, 4 удаагийн хуралдаанд сууснаар хамгийн олон тасалсан гишүүнээр тодорч байна.

Удаахад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 3 удаа тасалсан бол УИХ-ын гишүүн С.Лүндэг, Ж.Энхбаяр, Д.Батбаяр нар тус бүр 2 удаагийн хуралдааныг тасалжээ.

Харин уг сарын 9 удаагийн чуулганы хуралдаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ердөө нэг удаа оролцож, 8 удаагийн хуралдаанаас чөлөө авсан байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болормаа 6 удаа эмнэлгийн чөлөө авч, 3 удаагийн хуралдаанд оролцжээ.

11-Р САР: С.Бямбацогт, Г.Дамдинням, Б.Бейсен нар хамгийн олон удаа “ГАДААД ТОМИЛОЛТТОЙ” байжээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын хуралдааны хугацаанд хамгийн олон удаагийн гадаад томилолттой байсан гишүүдээр С.Бямбацогт, Г.Дамдинням, Б.Бейсен нар бичигдэж байна. Тэд 9 удаагийн хуралдааны 5 удаад нь гадаад томилолттой байжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аубакир, Р.Батболд, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, О.Саранчулуун, Ц.Туваан, Б.Уянга нар тус бүр 4 удаагийн гадаад томилолттой байсан байна.

11-Р САР: Р.Эрдэнэбүрэн, Ж.Чинбүрэн, С.Лүндэг, П.Мөнхтулга нар хоцролтоороо тэргүүлжээ

Арваннэгдүгээр сарын нэгдсэн хуралдааны хугацаанд Р.Эрдэнэбүрэн 5 удаагийн хуралдаанаас нийт 6 цаг 25 минут хоцорчээ. Түүний араас УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2 удаагийн хуралдаанаас 4 цаг 50 минут хоцорч, П.Мөнхтулга 4 удаагийн хуралдаанаас 3 цаг 49 минут хоцорсон бол УИХ-ын гишүүн С.Лүндэг 5 удаагийн хуралдаанаас нийт 3 цаг 40 минут хоцорчээ.

11-Р САР: Н.Алтанхуяг тэргүүтэй 16 гишүүн хуралдаанд бүтэн оролцжээ

Хуралдаанд УИХ-ын 17 гишүүн бүтэн оролцсон байна. Үүнд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Б.Бат-Эрдэнэ, ЖБаярмаа, Ж.Баясгалан, Б.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Б.Найдалаа, О.Номинчимэг, Дав.Цогтбаатар, О.Цогтгэрэл, Л.Энхнасан, Д.Энхтүвшин нар нэрлэгдэж байна.

12-Р САР: С.Лүндэг үл үзэгдэж, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар өдрийн од шиг оролцов

УИХ-ын намрын ээлжит чуулган 12 дугаар сард нийт 11 удаа хуралдсан байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн 9 удаа эмнэлгийн чөлөө авч, 2 удаа тасалсан буюу чуулганы хуралдаанд огт оролцоогүй байна. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга 7 удаа тасалж, 3 удаа эмнэлгийн чөлөө авснаар нэг хуралдаанд оролцжээ. Удаахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 5 удаа гадаад томилолттой байж, 4 удаа чөлөө авснаар 2 удаагийн хуралдаанд оролцохдоо нэг хуралдаанд нь 5 цаг 57 минут хоцорчээ.

Арванхоёрдугаар сар хамгийн их гадаад томилолттой сар болж өндөрлөв

УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд 12 сар хамгийн олон гадаад томилолттой сар байжээ. Учир нь УИХ-ын 10 гишүүн 5-7 удаа гадаадад ажилласан бол 11 гишүүн 2-3 удаа гадаадад ажилласан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн хамгийн олон буюу 7 удаа гадаад томилолттой байсан байна. Харин УИХ-ын гишүүн Ч.Номин, Д.Цогтбаатар, Х.Тэмүүжин, Ц.Сандаг-Очир, Л.Оюун-Эрдэнэ, С.Одонтуяа, Т.Доржханд, Г.Лувсанжамц, Ш.Бямбасүрэн нар 5 удаагийн хуралдааны хугацаанд гадаад томилолттой байжээ.

Д.Энхтүвшин, Л.Оюун-Эрдэнэ, Б.Заяабал нар 12 дугаар сарын хуралдаанд хамгийн их хоцорчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 11 удаагийн хуралд оролцохдоо 4 удаагийн хуралдаанаас нийт 6 цаг 55 минут хоцорчээ.

Удаахад УИХ-ын гишүүн Б.Заяабал 11 удаагийн хуралд оролцохдоо 9 хуралдаанд нийт 6 цаг 19 минут хоцорсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11 удаагийн хуралдаанаас хоёрт нь суухдаа нэг хуралдаанд нь 5 цаг 57 минут хоцорсон байна.

НЭГДҮГЭЭР САР: Х.Баттулга, Б.Түвшин, С.Лүндэг, П.Мөнхтулга, Ж.Ганбаатар, Ш.Бямбасүрэн нар “ОГТ ОРОЛЦООГҮЙ” байна

УИХ-ын намрын ээлжит чуулганы отгон сар болох нэгдүгээр сарын 09-нөөс нэгдүгээр сарын 24-нийг хүртэлх 6 удаагийн хуралдаанд зургаан гишүүн огт оролцоогүй байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга 3 удаа тасалж, 3 удаа чөлөө авсан бол УИХ-ын гишүүн С.Лүндэг, Б.Түвшин нар 6 удаа эмнэлгийн чөлөөтэй байв. Харин УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн 4 удаа орон нутгийн томилолттой байж, 2 удаад нь эмнэлгийн чөлөөтэй байжээ. Түүнчлэн Ж.Ганбаатар 2 удаа тасалж, 3 удаа чөлөө авч, 1 удаа эмнэлгийн чөлөө авсан байх бол УИХ-ын гишүүн П.Мөнхтулга 5 удаа чөлөө авч, нэг удаа тасалсан ирцтэйгээр намрын ээлжит чуулганыг өндөрлүүлэв.

НЭГДҮГЭЭР САР: Л.Энх-Амгалан нарын 9 гишүүн хуралдаанд бүтэн оролцжээ

Нэгдүгээр сарын нэгдсэн хуралдаанд хамгийн олон гишүүд бүтэн оролцжээ. Тухайлбал, УИХ-ын чуулганы 6 удаагийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, О.Номинчимэг, П.Сайнзориг, М.Сарнай, Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд нар тасралтгүй оролцсон байна.

Үүнээс гадна Б.Батбаатар, Ж.Энхбаяр, Т.Доржханд, Л.Энхнасан, Д.Ганбат нар нэгдүгээр сарын нэгдсэн хуралдаанаас тус бүр 6 цаг хоцорч, хоцролтоороо тэргүүлжээ.

Ийнхүү УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанд ирцээрээ анхаарал татсан дээрх гишүүдийг онцлон хүргэлээ.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *