Өмнөд хөршийнхний нууцлахыг хүссэн хэлэлцээрт юу тусав!
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор өчигдөр/2025.01.27/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Тодруулж хэлбэл, энэхүү хэлэлцээрээр хил холболтын төмөр замаас гадна бүлэг ордод олборлолт хийх, нүүрсийг худалдах, худалдан авах асуудал гэсэн гурван багц асуудал орж ирээд буй.
Хятадын талаас ордод олборлолт хийх хугацаа 16 жилээр яригдаж байна. БНХАУ-ын Засгийн газар нь уг хэлэлцээрийг нууцлахыг хүссэн.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Тувааны өгч буй мэдээллээр “Хятад улс дэлхийн бүх л улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон бусад гэрээг нууцлалтай хийдэг.
Тэр ч агуулгаараа нууцын ангилалтай орж ирсэн. Байнгын хороодоор хэлэлцээрийг хэлэлцэхтэй холбогдуулж УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын тэргүүн ярилцаад өнөөдрийн хууль эрх зүйн боломжийн хүрээнд хэлэлцээрийн төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулахаар өгөхдөө албан хэрэгцээнд гэдэг тамга тэмдэг тавин тараажээ. Иймээс хэлэлцээрт туссан асуудлыг олон нийт бусад хуулийн төслүүд шиг үзэх боломжгүй аж. Ямартай ч ил болж буй мэдээллээр Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрт хамаарах хил холболтын төмөр замаа барихаар хэлэлцээрт тусгажээ. Тодруулбал, 10 км орчим үргэлжлэх Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замаа монголчууд өөрсдөө барина.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ тухай “Төмөр замын хил холболтын зураг гарсан, магадлал хийсэн. Хил холболтын төмөр зам барих нийт өртөг 975 тэрбум төгрөг . Хэлэлцээрээр хариуцагч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК. Барих компанийг сонгон шалгаруулна. Суурь бүтэц барьдаг үндэсний 80-аад аж ахуй нэгж байна. Covid-19-ийн үеэс эхлээд үндэсний компаниуд 1000-аад км төмөр зам барьсан. Туршлага байгаа тул сонгон шалгаруулалт зарлана. Энэ оны дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхлэх чигтэй байна” гэлээ.
Царигийн тухайд өргөн, нарийн хоёр зэрэгцэж явна. Өргөн царигаар нь экспорт хийх бол нарийн царигаар нь импортын бараа орж ирнэ гэж төлөвлөж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-д айлчлах үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг урагшлуулахаар ярилцах үед тус улсын төрийн өмчит “Чайна энержи” компаниар гүйцэтгүүлэхээр болсон тухай мэдэгдэж байв. Гэвч хэлэлцээрийн шатанд хил доторх төмөр замаа үндэсний компаниар гүйцэтгүүлэхээр болж, өөрчилжээ. Харин Хятадын тал өөрийн улс дотор хамаарах хил холболтын төмөр замаа барих юм.
Уг нь энэхүү хил холболтын төмөр зам нь төвөгшил ихтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, барихад маш хүндрэлтэй буюу үндэсний компаниудад ийм төмөр зам барих чадамж, туршлага бий юу гэдэг асуудал тавигдаж буй.
НҮҮРС ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛНА
Хил холболтын төмөр замыг дагаж хийгдэх хоёр дахь чухал асуудал нь хоёр улсын Засгийн газар хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах явдал юм.Энэ асуудалтай холбоотойгоор урт хугацааны гэрээ хийгдэнэ. 16 жилээр яригдаж байна. Нүүрс борлуулах дээд хэмжээг эхний жилд буюу 2025 онд 5 сая тонн, 2026, 2027 онд тус бүр 6 сая тонн, үлдэж буй 11 жилийн хугацаанд жил бүр 20 сая тонн нүүрс борлуулна гэж тусгажээ. Энэхүү нүүрс борлуулах хэмжээ нь хамгийн доод төвшнийхөөр ярьж буй тоо аж. Өсөх боломжтой.
Монгол Улс нэг хэсэг нүүрсээ сорчилж экспортод гаргасан. Харин энэхүү хэлэлцээрийн хүрээнд нүрсээ сорчлохгүй бүх л төрлийн нүүрсийг экспортлох хүсэлтээ Хятадын талд тавьжээ.
Ингэхдээ чанараас нь хамаарч хувь зааж буй аж. Тодруулбал, коксжих нүүрсэн дээр 55 хувь, гуравны нэгийн коксжих нүүрсэн дээр 35 хувь, эрчим хүчний нүүрсэн дээр 10 хувь гэсэн харьцааг барьж экспортлохоор эхний байдлаар гэрээндээ тусгажээ. Үнийн хувьд чанараасаа хамаарч өөр, өөр байна.
Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалын тайлбараар бол Монголын талаас нүүрсний үнийг тодорхойлох боломжгүй.
Одоогийн төвшинд Хятадын таван боомтууд дээр зарагддаг нүүрсний үнэнд үндэслэж “Эрдэнэс Тавантолгой” компани урт хугацаатай байгуулсан гэрээнүүдийхээ нүүрсийг нийлүүлж буй. Ингэхдээ үнийн тохиргоог улирал тутамд хийдэг. Улирал тутамд үнийн тохиргоо хийж байгаагийн гол зорилго нь аль аль талын харилцан ашигтай байх зарчмыг хангах зорилготой.
Харин одоо ярилцаж байгаа хэлэлцээрийн хүрээнд гуравдагч улсын боомтын үнийг нүүрсний үнийн сагсанд оруулж тооцъё гэдэг санал тавьсан. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна гэв.
Өөрөөр хэлбэл, нүүрсний үнийн аргачлал дээр хоёр тал эцэслэн тохироогүй байгаа юм.
БОРТОЛГОЙ, ОНЧ ХАРААТ ГЭСЭН ХОЁР ОРДОД ОЛБОРЛОЛТ ХИЙНЭ
Нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Бортолгой, Онч хараат гэсэн хоёр ордод олборлолт хийхээр төлөвлөжээ. Хэлэлцээр эхлэх үед анх гурван ордод олборлолт хийхээр ярьж байсан бол нэг ордыг хассан. УИХ-ын гишүүдийн хувьд олборлолтод үндэсний компаниудаа оролцуулах шаардлагатай гэдэг байр суурь барьж буй. Тавантолгой ордын нүүрсний нөөцийг өнгөрсөн онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн. Нөөцийн хэмжээ 8.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж бүртгэжээ.
Бортолгой, Онч хараатийн хэсэг дээр нарийвчилсан хайгуул хийгдээгүй.
Гэхдээ Онч хараагийн хэсэг дээр 1988 онд бүртгүүлсэн нүүрсний нөөцийн хэмжээ 785.9 сая тонн. Бортолгойн хэмжээнд 267 сая тонн нөөц хамруулж 8.1 тэрбумдаа оруулж тооцсон байдаг аж. Мөн Цанхийн хэсэг дээр 3.8 тэрбум тонн, Оорцог дээр 645 сая тонн, Бор тээгийн хэсэг дээр 2.5 тэрбум тонн нөөц хэсэгчлэн бүртгэгджээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК жилдээ 30 орчим сая тонн нүүрс олборлож экспортод гаргаж байна. Шинэ ам нээхгүйгээр олборлож байгаа болон экспортод гаргах нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй тул Бортолгой, Онч хараат хоёрт олборлолт хийхээр төлөвлөсөн нь энэ аж. Дээрх хоёр ордод Хятадын компани олборлолт хийнэ.