Сайд С.Бямбацогт нарт мөнгөн аяга бэлэглэх үндэслэл болсон хуулийн заалтыг өөрчилье
Батлан хамгаалах яамныхан салбарын сайд, яамны газрын дарга, шинжээч нарын 50 насны төрсөн өдөрт зориулж 7 сая төгрөгөөр “Тулга гоёл трейд” ХХК-аас 5 ширхэг мөнгөн аяга худалдан авсан тухай мэдээлэл олны шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2024 оны 12 сарын 16-нд 102 тоот тушаалаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Цэрэнжавын Одхүү, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, бригадын генерал Маждаагийн Мөнхбаяр, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Баасангийн Эрхэмбаяр, Хяналт шалгалтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын шинжээч, улсын ахлах байцаагч Жадамбаагийн Амаржаргал нарын 50 насны ойд хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах 7 сая төгрөгийг шийдвэрлэх тушаал гаргажээ.
Төсвийн хэмнэлт, үр ашиггүй зардлыг бууруулах нь одоогийн Засгийн газрын дэвшүүлсэн санаачилга. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр дарга нарын төрсөн өдөрт зориулж мөнгө аяга худалдан авч буй нь зүйд нийцэх үү. Хамгийн гол нь энэ тушаалыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг гаргахдаа дараах гурван хуулийн заалтад үндэслэжээ. Үүнд
- Засгийн газрын тухай хуулийн 9. Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.
- Төрийн албаны тухай хуулийн 51.1. Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна:
- 51.1.1.үнэ бүхий зүйл дурсгах…
- Төсвийн тухай хуулийн 16.4. Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.4. төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн…
- Төсвийн тухай хуулийн 16.5.Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах
Дээрх хуулийн заалтуудаас Төрийн албаны тухай хуулийн 51.1, 51.1.1 дэх заалт буюу “байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчид үнэ бүхий зүйл дурсгахаар” заасан нь төсвийн мөнгийг шаардлагагүй, үр ашиггүй зүйлд зарцуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Хэрэв эл заалтыг хуульд өөрчлөлт оруулах замаар өөрчлөхгүй бол сайд С.Бямбацогт нарт мөнгө аяга бэлэглэхтэй адил төсвийг үр ашиггүй зарцуулсан асуудал цаашид гарсаар байх болно.