9 настай унаач хүү амиа алдсан хэрэгт тэнсэн харгалзах ял авсан уяач “Оршуулгын үеэр хэрэглэсэн махны мөнгийг өгөхгүй” хэмээн давж заалджээ
“Дүнжингарав” уралдаан буюу хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан “Морьтон” жагсаал өнгөрсөн амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр /2025.01.25/ өдөр Төв талбайд болсон билээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн /2025.01.29/ Засгийн газрын хуралдаанаар дээрх шаардлагын талаар хэлэлцэж, “Дүнжингарав” уралдааныг хориглосон Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргаж магадгүй гэх мэдээлэл байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Уг тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглодог бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгасан байдаг юм. Энэ ч утгаараа жагсагчдын тавьсан шаардлагыг олон нийт эсэргүүцэж, хэрэв “Дүнжингарав” уралдааныг хориглосон тогтоолыг хүчингүй болговол унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах, сурч боловсрох эрхэнд халдах зэрэг сөрөг үр дагавартай гэдгийг тодотгож байна. Үүнийг ч буруутгах аргагүй. Учир нь бага насны хүүхдүүд өвөл, хаврын улиралд хурдан морь унаж байгаад эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гардаг.
-9 НАСТАЙ УНААЧ ХҮҮГИЙН ХЭРЭГТ УЯАЧИД Я-Д ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООЖЭЭ-
Хамгийн сүүлд гэхэд шинэ оны өмнөхөн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурдан морь унаж байгаад амь насаа алдсан 9 настай хүүгийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, шүүгдэгч Я.* нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*ад унуулсны улмаас хурдан мориноос унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас тухайн уяачид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх тус хэргийг 2024 оны аравдугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд, уяач Я.-г “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх ял оноосон байна. Мөн оршуулгын зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хорын нөхөн төлбөрт нийт 132.2 сая төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох шийдвэрийг гаргасан байна.
-ХОХИРОГЧ ХҮҮГИЙН ЭЭЖ: ГАНЦ ХҮҮГЭЭ АЛДСАН ӨДРӨӨС ХОЙШ БҮТЭН НОЙРТОЙ, НУЛИМСГҮЙ ӨНЖСӨН ӨДӨР, ШӨНӨ НАДАД БАЙХГҮЙ-
Гэсэн ч шүүгдэгч болон хохирогч талууд Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, уг гомдлыг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шинэ оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр хэлэлцжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн зарим баримтууд болох үхэр, хонины мах, хүнс, бензин, түлш авсан зэрэг нийт 29.6 сая төгрөгийн баримтууд нь дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байхад шүүхийн зүгээс түүнийг үнэлэн, шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй байна. Тиймээс уг мөнгийг хасаж тооцон шийдвэрлэж өгнө үү” хэмээн маргажээ.
Харин Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Амь хохирогч хүү амь хохирохдоо 9 нас 5 сартай байсан. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт гаргуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тухайн хэргийн хувьд хүлээн авах хууль зүйн боломжгүй байна гэсэн. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар шинжилгээний байгууллага дүгнэлт гаргаж ирүүлээгүй байхад хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн нь хуулийг буруу тайлбарласан төдийгүй шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үндэслэлтэй байна. Тиймээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулж шийдвэрлэж өгнө үү” хэмээн гомджээ.
Улмаар давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцэх үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Би ганц хүүгээ алдаад сэтгэл санааны хүндхэн байдлаасаа одоо ч хүртэл салаагүй л байна. Бүтэн нойртой ч хонож үзээгүй, нулимсгүй өнжсөн өдөр, шөнө ч гэж надад байдаггүй. Гэтэл анхан шатны шүүх намайг амьдралын баяр баясалгүй, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох хувийн зан байдал сөргөөр өөрчлөгдөх зэрэг байдалд өөрчлөлт ороогүй мэтээр дүгнэлт хийснийг би хүлээн зөвшөөрдөггүй. Хүүгээ алдаад манай гэр бүл ямар ч инээх баясах зүйлгүй болж, дор дороо санаа алдсан нулимстай хүмүүс л байдаг. Сэтгэлээ тайван байлгах аргаа ч олохгүй, гадуур гарахад хүүгийн минь ангийнх нь хүүхдүүд таардаг. Үеийнх нь хүүхдүүд ч таардаг. Тэд нарыг харахад өр эмтэрч явдаг. Гэтэл шүүх гэм хорын хохирлын дүгнэлт гаргуулаагүй байгаа нь ямар ч үндэслэлгүйгээр шалтаглан хохирлыг гаргуулаагүйд би гомдолтой байна” хэмээж байжээ. Уяач хохирогч хүүг тухайн үед хурдан морь унуулах гэж байгаа тухайгаа ар гэрт нь мэдэгдээгүй байсан байгаа юм.
Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсэн байна. Бид тус хэргийн талаар эргэн мэдээлэх болно.