Э.Бат-Үүл: Манай Ардчилсан нам МАН-ын барьцаанд орсон

0

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Таныг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зөвлөх болсныг дуулаад зарим нь Ардчилсан намаасаа урвалаа гэж шүүмжилж байна. Зөвлөхөөр ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Намайг намаасаа урваж, шарвалаа гэх яриа гарсныг дуулсангүй. Хүмүүс янз бүрийн сэтгэгдэл бичсэн байна лээ. Тэр дунд намайг харамласан өнгө аястай яриа их байсан. Манай найз Д.Сосорбарам хүртэл намайг харамлахдаа бухимдлаа илэрхийлсэн байсан. Тэгж хардаж, харамлах хэрэггүй. Яагаад гэвэл Засгийн газарт АН, МАН, ХҮН нам хамтарч, МАНАНХҮН байгуулчихсан. Би энэ хамтарсан Засгийн газартай ямар нэг байдлаар холбогдохыг хүсдэг ч үгүй, холбогдох ч үгүй.

Хотын дарга байсан хүний хувьд нийслэлийн шинэ төлөвлөлтийн талаар байр сууриа илэрхийлж, зөвлөгөө дэмжлэг авмаар байгаагаа Улаанбаатар хотын Засаг даргын орлогч дарга Т.Даваадалайгаас санал тавьсан. Дараа нь энэ саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тавьсан.

Улаанбаатар хот бол миний өсч төрсөн хот. Энэ бол миний гэр орон. Гэр орны маань хувь заяа яригдаж байхад хөндлөнгийн хүн шиг сууж чадахгүй. Одоо Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд сайн зүйл байхаас гадна санаа зовмоор асуудлууд байна. Тэр болгоныг чимээгүй хараад сууж боломгүй. Хот төлөвлөлтийн уялдаа холбоонд жаахан доголдол байна уу гэж харсан. Тийм учраас сайн дураараа ажиллаад, санаа оноогоо хэлнэ. Би угаасаа сошиалд “Хотын даргад зөвлөцгөөе” контент хийдэг. Одоогоор контентын 10, 20 дугаар цацагдсан. Магадгүй хотын шинэ удирдлагууд тэр контентыг үзээд надад санал тавьсан байх л даа.

“БИ ХОТЫНХОО ТӨЛӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, САЙН ДУРААРАА ЗӨВЛӨНӨ”

Ирэх хаврын чуулганаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэнэ. Та Улаанбаатарын анхны ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Одоо зургаа дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөнд таны “санаа зовоосон” ямар асуудлууд байна вэ?

-Мэдээж олон асуудал бий. Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол хотын дэд төвүүд болон дагуул хотуудыг холбосон их багтаамжтай нийтийн тээврийн сүлжээ суурь нь байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, их багтаамжтай нийтийн тээврийн сүлжээн дээр суурилсан төлөвлөлтийг миний үед хийж, УИХ-аар батлуулсан. Ийм төлөвлөлтийг орчин үеийн дэлхийн хотууд хэрэгжүүлдэг болсон. Хүн амын нягтаршил, хөрсний бохирдол, автомашины түгжрэлээс болоод нийтийн тээврийн сүлжээнд суурилсан төлөвлөлтийг хийж байна. Хоорондоо цагийн графикаар холбогдсон нийтийн тээврийн сүлжээг бий болгодог. Нийтийн тээврийн автобус ирэхэд метро нь байж байдаг. Метро хөдлөхөд тусгай замын нийтийн тээвэр нь ирж байдаг гээд цаагуураа холбогддог сүлжээ бий. Дэлхий дахинд хүн амын хөдөлгөөнийг зохицуулахдаа нийтийн тээврийн урсгалаар зохицуулж байна.

Гэтэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хурдны замаар хотын төвүүдийг холбохоор төлөвлөж байна. Тэгэхээр хотын ерөнхий төлөвлөлтийн үндсэн зарчим өөрчлөгдөнө. Учир нь хурдны зам тавиад байвал нийтийн тээврийн хэрэгцээ багасч, орлого багатай иргэдийн үйлчилгээний хэрэгсэл болж хувирна.

Жишээлбэл, Дархан-Улаанбаатарыг холбосон хурдны авто зам ашиглалтад орсноор энэ чиглэлийн төмөр замын үйлчилгээ орлого багатай болсон. Иргэд тав тух, цаг хугацаа хэмнэж хувийн машинаараа явахыг илүүд үзэж байна. Тиймээс би хотын удирдлагад саналаа хэлэхдээ энэ асуудлыг анхаараарай гэсэн. Одоо бидний үед төлөвлөж байсан нийтийн тээврийн сүлжээг үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болно. Яагаад гэхээр нийтийн тээвэртэй өрсөлдөөд хурдны зам орж ирж байна. Тиймээс одоо энэ хоёроо уялдуулж, нийтийн тээвэр хүрэхгүй газар руу хурдны замаа тавья. Нийтийн тээвэр, хурдны замаа давхцуулж, дампууруулахгүй байх хэрэгтэй. Хурдны замаа тавихдаа Богд уулаа нүхлээд Хүннү хот руугаа явуулж, Налайх болон Сонгинохайрхан дүүргийн нэвтрэх гарц болно. Харин хотынхоо хөндлөн чиглэлд нийтийн тээврээ явуулах нь зөв.

-Таныг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхад эрчим хүч, түгжрэл, утаа, метро барих асуудлыг ярьж л байсан. Ажлаа өгсний дараа хотын ийм ажлыг урагшлуулж, хийсэн бол гэж  харамсах үе байдаг уу?

-Үнэндээ 2016 оны сонгуульд ялагдана гэж бодоогүй. Хотын төлөвлөсөн ажлууд үргэлжилнэ гэж бодсон байсан. Метро 2020 оны есдүгээр сард ашиглалтад орох байлаа. Японы ЖАЙКА олон улсын байгууллагынхантай бүр цагийн хуваарийг нь тохирчихсон байсан. Мөн 2018 онд “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг Долоон буудал, Сэлбэ төвтэй холбосон тусгай замын автобусны шугам ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлаа Азийн хөгжлийн банктай тохирчихсон байлаа. Бас 2018 онд V цахилгаан станц ашиглалтад орж, хотын баруун хэсгийг тэр чигт нь эрчим хүчээр хангана гээд тохирчихсон байсан.

Дандаа 2016 он давсан ажлуудаа хийхээр төлөвлөсөн байсан ч сонгуульд ялагдана гэж бодоогүй. Ер  нь улаанбаатарчууд ч бодоогүй юм билээ.

Харамсалтай нь, манай нам сонгуульд ялагдсан. Тэр ялагдлаас хойш МАН-ын Су.Батболд хотын даргаар ажиллахдаа хүний сэтгэлээр хандсан. Өмнөх даргынхаа хийсэн ажлыг үргэлжлүүлэн хийхийн оронд Э.Бат-Үүлийн нэртэй бүх ажлыг устгахаар дайрсан. Тухайн үед намайг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж хардаад, хотын бүх төсөл хөтөлбөрийг зогсоосон.

Би аргаа бараад, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй, энэ ажлуудыг битгий зогсоогооч гэж гуйсан. Ийм муухай улс төрийн явуулга явсан.

Үүний дараа дэлхий нийтэд цар тахал нүүрлэж, геополитикийн байдал үүссэн. Бүх улс орны мөнгө санхүүгийн байдал дайнд зориулагдаж эхэлсэн. Япон улс хүртэл. Хамгийн гол нь Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх түнш маань Японы засгийн газар байсан. Гэтэл бүх ерөнхий төлөвлөгөөний ажлуудыг зогсоосноор Японы тал гайхаж, учрыг нь олохоо байсан. Азийн хөгжлийн банкныхан бүр шоконд орсон. Метроны төсөл дээр гэхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэтэй хамтран ажиллах санамж бичиг хүртэл зурчихсан байсан. Ингээд Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт капут болсон. Жинхэнэ төрийн бодлого тогтворгүй, хулхи байхын аюулыг харуулсан тод жишээ. Нэгэнт 2030 оны ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж чадаагүй ч 2040 оны төлөвлөлт орж байгаа нь сайн зүйл.

-Одоогийн хотын удирдлага таны санаа оноог хэрхэн хүлээн авч байна?

-Надад ямар ч албан тушаал, цалин мөнгө байхгүй, сайн дураараа өөрийнхөө хүслээр ажиллаж байгаа юм. Энд хотын асуудал яригдаж байгаа. Том төлөвлөлт яригдаж байгаа. Би өмнөх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байсан хүн. Би үүний уялдааг мэднэ. Ер нь бид нийтээрээ хотын ерөнхий төлөвлөгөө гэж юу байдаг талаар мэддэггүй. Энэ талаар ойлголт байхгүй явж ирсэн. Тийм учраас япончуудтай хамтарч хийсэн зураг төслийг огт ойлгоогүй. Бүр засаг төртэйгөө ойлгоогүй.

Ерөнхий төлөвлөгөөг зүйрлэвэл машины зураг төсөлтэй адилхан. Машины бүх эд ангиуд хоорондоо уялдаатай ажилладаг.

Тэндээс нэг л юм аваад хаячихвал машин ажиллахгүй. Хотын 2030 оны төлөвлөгөө гэдэг чинь “Приус 30” машины зурагтай адил. Тэр цахилгаан станц, дахин төлөвлөлт, зам нь хоорондоо хэрхэн уялдаж ажиллах вэ гэдгийг л гаргаж, төлөвлөсөн. Гэтэл тэр төлөвлөгөөн дунд гэнэт өөр юм оруулаад ирэхээр зогсоно биз дээ. Хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрхийн товчооны цаана V цахилгаан станцыг заавал барих ёстой байсан. Мөн Улаанбаатарын салхины аманд байрлах 20 мянган айлыг орон сууцны хороолол болгох байсан. Энэ бүгдийг одоо хэлж, ойлгуулмаар байна.

“ЦӨӨНХӨӨ БАРЬЦААЛАХ НЬ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫН УТГА УЧРЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА”

-Ардчилсан нам олонх болсон МАН-ын Засгийн газартай нэгдсэн. Таны хувьд хамтарсан Засгийн газарт хэр шүүмжлэлтэй хандаж байна вэ. Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдээс үр дүн гарах болов уу?

-Ер нь МАНАНХҮН гэдэг бол засаглалын муу хэлбэр шүү. Сонгогчид нь МАН-д олонхын саналаа өгсөн. Гэтэл цөөнхөө барьцаанд авах гээд улс төрийн зорилгоор хамтарсан Засгийн газар байгууллаа. Тэрийгээ хэдэн мега төсөл хэрэгжүүлнэ гэж тайлбарлаж байна. Үгүй ээ, иргэд олонхид санал өгнө гэдэг чинь бүрэн эрхийг нь өгсөн гэсэн үг. Тэр мега төслөө хариуцаад яв. Дэлхий дахинд парламент ийм л зарчмаар явдаг. Нэг хүнээр ялсан ч засгаа байгуулаад л явдаг.

Сөрөг хүчин тэрийг нь шүүмжилнэ. Гэтэл шүүмжлэлээс айж цөөнхийг барьцаалж болохгүй. Яагаад гэхээр парламентын засаглалын утга учрыг үгүй хийж байна.

Тэгвэл яах гэж ард иргэд уралдаж, улс төрийн намуудад саналаа өгөх ёстой юм бэ. Яагаад нэгийг нь олонх, цөөнх болгоод байгаа юм бэ. Өнөөдөр эрх баригчдын хийж байгаа алдааг хэлэх сөрөг хүчин алга. Бүх юм холилдож, хүмүүс чинь учраа олохоо байлаа. Сөрөг хүчний шахаа байсан бол ажил илүү хариуцлагатай, хурдтай явна шүү дээ. Бид 2012-2016 онд олонх, цөөнх гээд ямар нэгэн МАНАН байгуулаагүй шүү дээ. Тэр үед МАН-ынхан байнга л жагсаал цуглаан хийдэг байсан. НИТХ дээр байнга л довтолдог байсан. Миний ажлыг маш хатуу шүүмжилж, намайг огцруулах шаардлагыг байнга л тавьдаг байсан ч ажил явдгаараа явдаг байсан. Би хамтарсан Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаа. Намайг үүнтэй хутгах хэрэггүй.

Одоо хэлж, ярьж байгаа мега төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадвал Улаанбаатар хотын хөгжлийн том үсрэлт болно. Улаанбаатар хот Богд уулын урд талын хөндий рүү тэлэх боломжтой болох юм. Хамгийн гол нь нийслэл хот ажилгүйдэл, ядуурлаасаа сална.

Тэгж чадахгүй бол баахан дутуу барьсан мега төслийн хогийн овоолго болно. Энд миний сэтгэл өвдөж байна. Богд уулын туннелийг дутуу ухвал яах вэ. Хурдны замын гүүрний баганыг босгоод мөнгөгүй зогсчихвол яана. Дархан-Улаанбаатарын зам гэхэд хэдэн жилээр сунжирч, ард иргэдэд чирэгдэл учруулсан билээ. Энэ тоглоом биш. Ард иргэдээ энэ асуудалд анхаарахыг хүсье. Улаанбаатарын үхэх сэхэхийн асуудал шүү дээ.

-Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцож байна уу. Намын шинэ даргын асуудал яригдах болсон. Нэг хэсэг Ардчилсан намд ах нар л байхгүй бол хөгжинө гэж байсан шүү дээ?

-Би Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Тэтгэвэртээ гарсан хүн. Гэртээ номоо бичээд сууж байна. Хотынхоо төлөө контент л хийдэг. Тэр санал санаачлагаа биеэр ирж хэл гэхээр нь уухайн тас очсон. Би ямар ч албан тушаалд очихгүй. Хотынхоо төлөө хаана ч сайн дураараа зүтгэнэ. Намайг хэрэгтэй хүн гэж үзвэл шүү дээ. Би сонгуульд оролцохгүй, одоо болсоон. Юун сонгууль монгууль. Нэг бол хотынхоо хөгжилд санаа оноогоо нэмэрлэнэ, үгүй бол ном бичих мөрөөдлөө биелүүлнэ.

Манай Ардчилсан намыг одоо хар л даа. Яг үнэндээ намаараа МАН-ын барьцаанд орчихоод байна. Ард иргэдэд сөрөг хүчин дутагдаж, тэр орон зайг нь жижиг намууд гүйцэтгэхээр явж байна.

МАН-ын олонх өөрийнхөө ажлыг хий л дээ. 2028 онд иргэд сонгогчид дүнгээ тавина. Том намууд холилдчихсон сонгогчид яаж дүнгээ тавих юм бэ. Ирэх УИХ-ын сонгуулийн утга учир юу болж хувирч байна вэ. Бид олонх, цөөнх болно гэж сонгууль хийдэг биз дээ. Тэр их мөнгө цацахын хэрэг юу байна. Манай нам 2028 онд юу нь зөв, бурууг яаж ярих гээд байна вэ. Парламентын засаглалын утга учрыг жинхэнэ алдагдуулж байна.

“АГУУЛГА НЬ ЗӨВ МӨРТЛӨӨ БУРУУ АРГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЭД БАЙНА”

-Сэтгүүлчийнхээ хувьд өөр асуудалд таны байр суурийг сонсох гэсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг анхаарч үзэв үү. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх нэг чухал хуулийн төсөл болж байна. Энэ хууль хэрэгжих боломжтой юу?

-Үнэхээр хууль бусаар, хулгайгаар хөрөнгөтэй болох явдлыг зогсоох нь маш чухал. Ингэж байж нийгэм эрүүлжинэ. Капитализмд нэг нь бизнес хийж, шар махаа хатааж байдаг. Тэдний төсөөлөх ч аргагүй мөнгийг нэг нөхөр авлигаар авчихаар шударга хөдөлмөрлөхийн утга юу байна вэ. Үсчин үсчнээ хийхийн утга юу байна. Тэр авлигад өгсөн мөнгөөр ипотекийн зээлийг хөнгөлсөн бол олон айл өрхийг орон сууцжуулах боломжтой. Энэ утгаараа О.Алтангэрэл сайдын санаачилсан хууль зөв. Гэхдээ нэг аюул бий. Энэ шийдвэрийг улстөрчид гаргавал аюултай. Өөрсдийнхөө дайсны хөрөнгийг хурааж, хэлмэгдүүлж эхэлнэ. ОХУ-д одоо Путинг шүүмжилбэл хөрөнгөө хураалгаж байна.

Сүүлдээ МАН, АН-ыг шүүмжилбэл хөрөнгөө алддаг байдал руу орно. Улстөрчид чөтгөр шиг адтай улс шүү дээ. Юу ч бодож болно. Тийм учраас хүний хөрөнгө хураах асуудлыг зөвхөн шүүхийн журмаар шийднэ гэдэг Үндсэн хуультай.

Хэн нэгнийг гэм буруутай эсэхийг шүүх л хэлнэ. Тэр хүн хууль бусаар хөрөнгөжсөн эсэхийг шүүх тогтооно. Энэ үгийг улстөрчид хэлж огт болохгүй. Хүн орон байрнаасаа хөөгдөж, хөрөнгөө хураалгах нь хамгийн хэцүү. Ийм байдалд хүрвэл бүгд боол болж, дарангуйлагчийг дэмжинэ. ОХУ, Беларусь улс яагаад дарангуйлагчийг дэмжээд байна вэ. Сая Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулиар яагаад Лукашенког дэмжсэн бэ. Яагаад гэвэл Лукашенког дэмжихгүй бол орон байраа хураалгана. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хуулийн төсөл ийм зүйл рүү явчих вий гэж болгоомжилж байна.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө орлогын мэдүүлгээ нотолж чадахгүй бол хөрөнгийг нь хурааж авна гэсэн. Шүүхийн шийдвэргүйгээр хурааж авах нь гэсэн ойлголт төрж байна.

Гэтэл ХОМ-ийг гэмт хэргийн шинжтэй гэдгийг шүүх л тогтооно. Татварын байгууллага энийг тогтоовол дээрэм болно. Тийм учраас хэзээ ч хүний өмч хөрөнгийг шүүхийн бус журмаар явуулж болдоггүй. Тэгвэл улстөрчид цадигаа алдаж, бүгдийг нь барьцаалан дарангуйлал тогтоно.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намрын чуулган хаах үеэр шүүх байгууллага руу хандаж, хатуу үг хэлсэн шүү дээ?

-Шүүх дээр хэрэг саатаж болно. Тийм асуудал байна. Шүүгчид бурхан биш, хүн. Янз бүрийн сонирхолд хөтлөгдөнө. Гэхдээ шүүх рүү дайрахаас илүүтэй гаргалгааг нь гаргаж өгөөч. Манайд шүүх асуудал шийдэж чаддаггүй айхтар тээг бий. Энэ бол УИХ-ын гаргасан хуулийн алдаа. Яагаад гэвэл шүүгчид хавтаст хэрэгтэй танилцах гэж хуралд ордог болсон. Шүүгч хэзээ ч хавтаст хэрэгтэй танилцаж болохгүй. Та нар шударга шүүхийн бэлгэ тэмдэг фемидаг мэднэ шүү дээ. Нүд боолттой нь “шударга ёс бол сохор” гэдэг санаа. Шүүгч хавтаст хэрэгтэй урьдчилж танилцана гэдэг бол прокурорын тогтоолын дагуу оюун санаа нь хэлбэржинэ гэсэн үг. Маш их цаг хугацаа зарцуулна. Энэ бүх хэргүүдтэй шүүх ажиллаж чадахгүй байна. Шударга ёсыг тогтоохын тулд Ерөнхий сайдын хэлж байгаа нь зөв. Энэ нийгэмд шударга хөдөлмөрлөж, бизнес хийх аргагүй болно. Ардчилал нурна. Агуулга нь зөв мөртлөө буруу аргаар хэрэгжүүлэх гээд байна.

-Үе үеийн хотын даргын ажилд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Х.Нямбаатар хотыг өөрчилж чадна гэдэгт та итгэлтэй байна уу?

-Одоогийн дарга Х.Нямбаатар зоригтой, асуудлыг шийдвэрлэх хүчин зүтгэл гаргаж байна. Гэхдээ түүнд маш том дутагдал байна. Их хүлээцгүй, хүний хэлж байгаа санаа бодолд их дотуур тамиртай хандах юм. Өөрөө их эмзэг хүн байна. Шүүмжлэл хэлэхээр намайг хэлж байна гэж ойлгох юм. Ажил хэргийн шүүмжийг хэн  ч ярина. Тэр болгонд зүгээр ханд л даа. Би хотын дарга байхдаа иргэдээрээ зад шүүмжлүүлж, муулуулаад зогсдог л байсан. Би барилга байшин барих бүх ажлынхаа зөвшөөрлийг иргэдээсээ асуугаад, загнуулаад зогсч байдаг байсан.

Харин хотын иргэддээ хандаж хэлэхэд, Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Бидний гэр орон ямар байх, ирээдүйд үр хүүхдүүд маань ямар орчинд амьдрах талаар ярьж байна. Ард иргэд санаа оноогоо хэлж, илэрхийлэх хэрэгтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *