“Хөрөнгө хураах заалт Эрүүгийн хуульд бий, тусгайлан хуульчлах шаардлагагүй”

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар /2025.01.22/ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль, бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар мэдээлсэн. Хуулийн төслийн нэрийг сонсоод иргэд шууд дэмжиж байгаа ч нөгөө талдаа улс төрийн агуулгатай байж болзошгүй, хүнийг хэлмэгдүүлж магадгүй нөхцөл үүсэх эрсдэлтэйг ч зарим хүн хэлж байгаа. Энэхүү хуулийн төслийн талаар хуульчдаас байр суурийг нь тодрууллаа.
“ШҮҮХ ХЭН НЭГНЭЭС ХАРААТ БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛД ЦААЗЫН ЯЛ, ӨМЧИЙН ЭРХЭНД ХАЛДАХЫГ ХУУЛЬЧИЛЖ БОЛОХГҮЙ”
Хуульч, өмгөөлөгч П.ЭРХЭМБАЯР:

-1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрхийг хангах, баталгаатай эдлэх жам ёсны эрхийг тусгасан. Иргэдийн Үндсэн хуульд тусгасан эрх рүү гар дүрж шалгадаг процесс нэг л байх ёстой. Өөрөөр хэлбэл, прокурор, цагдаагийн байгууллага л хуулийн дагуу мөрдөн шалгах эрхтэй болохоос хэн дуртай субьект жишээ нь татварын байцаагч айл руу орж нэгжлэг хийх, бусдын өмч хөрөнгийг хурааж авах нь зүйд нийцэхгүй. Энэ мэт хүний эрхийн ойлголтгүй, мэргэжлийн бус зүйл хийгээд байгаа дээр миний хувьд сөрөг байр суурьтай байдаг.
Хүний өмчлөх чухал эрхтэй холбоотой нэгжлэг хийх, мэдүүлэг авах зэргийг хийдэг эрх бүхий нэг л субьект байх ёстой. Тэр нь цагдаагийн байгууллага.
Хүний эрхийг хүндэтгэдэг, мэргэжлийн бус тохиолдол үүсэхгүй нөхцөлд миний бие тус хуулийг 100 хувь дэмжинэ. Гэтэл одоогийн нөхцөлд тийм байх боломжгүй нь тодорхой байгаа. Ойрын хугацааны жишээ дурдвал Хөгжлийн банкны шүүх хурал. Прокурорын байгууллага 80 хүнийг оруулаад ирэхэд шүүх нь 30 болгоод, сүүлдээ бүр зургаан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байх жишээтэй. Энэ юу хэлээд байна вэ? гэхээр нэг бол хүн хэлмэгдүүлж орж ирээд байна. Нөгөө бол ял завшуулаад байна гэсэн санаа. Бодит практик дээр гарч ирээд байна шүү дээ.
Ер нь төрийн албан хаагч байна уу, нийтийн албан тушаалтан уу гэдгээс үл хамаарч хэн ч бай хууль бусаар хөрөнгө, орлого олсон гэдгийг тогтоодог байгууллага бол шүүх. Түүнийг шалгадаг нэгж нь Авлигатай тэмцэх газар, мөрдөн байцаах алба. Энэ байгууллагууд хэн нэгнээс хамааралтай, эрх бүхий хүний даалгаврыг биелүүлдэг байж болзошгүй эрсдэлтэй өнөөгийн нөхцөлд бид хүний өмч рүү халддаг байдал, цаазын ял зэрэг хууль тогтоомжийг баталж болохгүй. Товчхондоо бол гал дээр тос нэмж байгаатай адил зүйл болно гэсэн үг. Үндэслэлгүй хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтнуудын хөрөнгийг хураах хуулийн төслийн уул концепци нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадаагүй бол тухайн хөрөнгийг хурааж авч төрийн өмч болгох гэж байгаа. Мэдээж энэ нь зүйн хэрэг байх.
Гэхдээ шалгадаг, тогтоодог субьектүүд нь хэн нэгний хараат байгаа нь хуулийн хүрээнд ажил явагдахгүйг илтгэж байна. Хэрэв үнэхээр эрх бүхий субьектүүд нь хуулийн дагуу ажлаа хийдэг бол энэ хуулийг бүрэн дэмжинэ.
Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой зохицуулалт бий. Эргэн санавал “Оюутолгой” төслийн гэрээ болон Дубайн төлөвлөгөөтэй холбогдуулж С.Баярцогт нарыг шалгаж, шүүхээр гэм буруутай гэж үзэж С.Баярцогтын өмчлөлийн хөрөнгийг хураан авсан. Энэ юу хэлээд байна гэхээр үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой зохицуулалт Монгол Улсад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ заалттай тус хууль хэрхэн уялдахыг би ойлгохгүй байгаа.
Гуравдугаарт, хууль болон шүүх процесс бол шинжлэх ухаан. Хууль зүйн шинжлэх ухаанд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэж олон улсад мөрдөгддөг зарчим бий. Олон улсын энэ зарчмын хүрээнд бид аль хэдийнэ гэрээнд нэгдээд, үүрэг хүлээчихсэн. Өөрөөр хэлбэл, хүнд эрүү шүүлт тулгахгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан гэмт хэрэг дээр олон улсын зарчмыг зөрчиж дахин шалгаж, хүний өмчийг хууль бус гэж хураагаад төрийн өмч болгоно гэдэг байж болохгүй. Тэгэхээр энэ хууль батлагдвал бид олон улсын гэрээг зөрчих аюултай байдал үүсэх эрсдэлтэй. Ингэснээр дараа, дараагийн эрсдэл гарч ирэх нь мөн ойлгомжтой.
Цагдаа, прокурорын байгууллага хуулийн хүрээнд, хэн нэгнээс хараат бусаар шалгаж, хяналт тавьж үйл ажиллагаагаа явуулж чаддаг болсон тохиолдолд тус хуулийг оруулж ирэхэд буруудах зүйл огт байхгүй.
Харин эрүү шүүлт тулгадаг, хүний эрхийн мэдрэмжгүй ханддаг одоогийн нөхцөлд хүний эрх, өмчийн эрх гэдэг ойлголтыг шалган тогтоож чадна гэдэг эргэлзээтэй. Ямар ч тохиолдолд хүний эрх рүү халдах эрхтэй ганц субьект шүүх.
“ХОЁР ХУУЛИЙН АЛЬ АШИГТАЙГАА ХЭРЭГЛЭДЭГ ТОХИОЛДОЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД БАЙДАГ УЧИР БОЛГООМЖЛОХ ЁСТОЙ”
Хуульч, өмгөөлөгч Ш.АЛТАНГАДАС:

-Нэгдүгээрт, одоо байгаа хууль тогтоомжоо хэрэглэж чадаж байна уу гэдэг зүйл. Эрүүгийн хуулийн 22.10.2-д үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг заалт бий. Тус заалтаар шалгагдаж, гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хөрөнгө орлогыг нь төр хураагаад байх юм уу. Эсвэл буцааж өгөх юм уу гээд тодруулах шаардлагатай зүйлс байгаа. Тэгэхээр хууль тогтоомжийн өөрчлөлт оруулснаар эргээд хуулийн томьёоллын зөрчил гарч, хууль зүйн давхардал хийдэл үүсэх эрсдэлтэй. Хоёрдугаарт, хоёр томьёолол зэрэг явчихаар ял завших буюу арай бага ялыг сонгоод байх вий гэдэг нөхцөл. Гэм буруутай нь тогтоогдож, үндэслэлгүй хөрөнгө орлого олсон нь тодорхой болбол тухай этгээдийн өмч хөрөнгийг улсын орлого болгож, ял оноолоо гэж бодоход бага ялыг нь сонгоно.
Үндэслэлгүй хөрөнгө орлогыг тусад нь хуульчилж өгөх нь эрсдэлтэй. Тухайлбал, өв уламжлан ирсэн хөөрөг, адуу мал зэрэг үр хүүхэд, гэр бүлийн хөрөнгө орлоготой байгаад тухайн хүн нотолж чадаагүй тохиолдолд төр хураагаад авчих юм уу. Тэр хөөргөө өндөр үнээр зараад их хэмжээний мөнгөтэй болчихвол гэмт хэрэгтэн болно гэсэн үг үү. Тиймээс ялгаж, зааглаж чадахааргүй нөхцөл үүсч болзошгүй. Дээрх хуулийн төсөл бол огт шинэ зүйл биш. Одоо байгаа Эрүүгийн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хууль бус хөрөнгийг улсын орлого болгох ялын нөхцөлүүдийг тодорхой болгож, хэвшүүлж хэрэгжүүлэх, Дээд шүүхээс тайлбар гаргах, ойлгогдохгүй зүйл дээр УИХ-аас хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг үйл явцыг л хийнэ үү гэхээс гэнэт өнөөдөр шинэ хууль санаачлаад байгаа юм шиг ойлгогдоод байгаа.
Эрүүгийн хуульд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд өөрчлөлт оруулсан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой.
Тодруулбал, 22.1 дүгээр зүйл. эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэсний нэгдүгээр хэсэгт нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг хурааж, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2-8 жилээр хасч, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана. Эсвэл 1-5 жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэнэ гэж заасан.
Энэ хэсэгт нийтийн албан тушаалтан хууль бусаар хөрөнгө орлого нэмэгдүүлээд түүнийгээ нотолж чадахгүй бол гэдэг үндсэн нөхцөл нь одоо ч тусгагдсан байна. Гэтэл одоо үүнийг заавал хуульчилж, бүлэг болгох ямар хэрэг байгаа юм. Бусад хуульд тухайлбал Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг журмаар зохицуулна гэдгийг тусгадаг. Журмаар зохицуулж байгаа нэг хэсэг нь өөр агуулгыг илэрхийлж, хууль нь өөр зүйл шаардаад байдаг. Үүнээс болж хууль зүйн давхардал хийдэл үүсдэг. Хамгийн ойр жишээ бол дугаарын хязгаарлалтын эрх зүйн зохицуулалт бүхий хэм хэмжээний акт нь хүчингүй болсноос хойш бид 10 жил хэрэглэлээ. Монголд хоёр хуулийн аль ашигтайгаа хэрэглэдэг тохиолдол ялангуяа төрийн албан хаагчдад байдаг учир болгоомжлох ёстой. Тиймээс одоо хэрэгжиж байгаа хуулиа л чанаржуулах нь зөв.