Сэтгүүлчийн ажил хийж суухаар үндсэн ажлаа хийнэ үү!
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын ажил нь багадаад байна уу, аль эсвэл хоббиндоо хөтлөгдөж сэтгүүлчийн ажил хийдэг болсон уу. Нэг л их завтай зайтай сайд. Дэлхийн олон оронд дайн байлдаан, мөргөлдөөн болж үймээн самуун дэгдэн, урд хөршөөс эхлээд дайны бэлтгэл хангаж байхад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нь аяга тавагны хэрүүл хийсэн шиг, ярилцлага хөтөлсөн шиг хээвнэг суух. Хойд хөрш нь Украйнтай дайтаад, урд хөрш нь дайны эрсдэлээс хамгаалж байхад сэтгүүлчийн ажил хийгээд суугааг ер ойлгохгүй юм. Дэлхий дахин үймж, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөн шинэ дэгээр амьдрах шаардлагатай болж байхад түүнийг даван туулах бодлого боловсруулахаас эхлээд олон л ажлыг хийх ёстой. Гэтэл салбарын сайд нь санаа зовдог ч юм уу даа. Өөрийнх нь нэр хүнд л чухал байх шиг. “Аваагүй аяга, тэмдэглээгүй 50 нас” гээд л мөнгөн аяга аваагүй, төрсөн өдөр тэмдэглээгүй гээд л зүтгэх.
Батлан хамгаалах яамны шилэн данснаас 7 сая төгрөг гараад төрсөн өдөр нь тохиосон хэдэн хүмүүст мөнгөн аяга өгсөн байхад хэчнээн өөрийгөө хамгаалаад ч яах вэ дээ.
Батлан хамгаалахын сайдаар томилогдоод хэчнээн сар болж байгаа билээ дээ, лав л зургаан сар боллоо. УИХ-аар 2025 оны төсвийн хууль хэлэлцэх үед “Батлан хамгаалах салбарын төсөв бага” гэдэг асуудал тавьж байсан санагдана. Төрсөн өдөр зэрэг хувийн шинжтэй арга хэмжээнд зарцуулж байгаа энэ мэт зардлыг таслан зогсоовол овоо л хэмнэлт гарч таараа.
Сэтгүүлчийн ажил хийж, сошиалд хэрүүл зарга хийж суухаар иймэрхүү үрэлгэн зардлуудаа цэгцлэхэд анхаарч үндсэн ажлаа хийхгүй бол цаана чинь улс орнууд аюулгүй байдлаа хангахад гол анхаарлаа хандуулж байна, Батлан хамгаалахын сайд аа.