Хуулийн мэдлэгт #20: Та газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай
Хуулийн мэдлэгийн 20 дахь дугаарт газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахтай холбоотой мэдээллийг танилцуулахаар бэлтгэлээ.
Монгол Улсын иргэн үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авч, эзэмших, өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тунхаглаж өгсөн. [1] Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж ашиглах эрхтэй байдаг. [2]
Газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхүүд нь өөр хоорондоо ялгаатай бөгөөд та газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгаж байгаа нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. [3]
Газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргана. [4]
Хугацаа сунгуулах хүсэлтийн хамт дараах бичиг баримтыг хавсаргана:
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ;
- Газрын төлбөрийг төлсөн тухай баримт;
- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт.
Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулдаг [5] хуулийн зохицуулалттай байдаг.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна гэдэг хуулийн заалтыг газар эзэмшигч нь эрхийн хугацааг хэдэн ч удаа сунгуулж болох бөгөөд зөвхөн нэг удаад сунгах хугацааны дээд хэмжээ 40 жилээс хэтрэхгүй [6] байна гэж ойлгоно.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй нь хуульд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдийн нэгд хамаардаг.
Иймд эрхийн гэрчилгээний хугацаагаа хэзээ дуусахыг сайтар нягталж, хуульд заасан хугацаанд баримт бичгийн бүрдлийг бүрэн хангаж, хүсэлтээ өгөх ёстой гэдгийг анхаарах нь зүйтэй юм.
Мэдээллийг бэлтгэсэн: Өмгөөллийн “Авалон Лекс” ХХК
Хууль зүйн зөв шийдлийг танд хүргэнэ.
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу
Эх сурвалж:
- [1] Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дах хэсэг
- [2] Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг
- [3] Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг 3.1.3
- [4] Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг
- [5] Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг
- [6] 2008 оны Улсын Дээд Шүүхийн 15 дугаар тогтоол