Ц.Дуламсүрэн: 300-400 морь уралдахад 3-4 уяач л өөрийн хүүхдээр морио унуулдаг

0

Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар өөрийн сууриа илэрхийлж байна.

Өв соёлын нэр барьж өв соёлыг харин ч устгадаг бүлэг нь эрлийз адуу уядаг хүмүүс

Тэрбээр “Хаврын эрлийз морины уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж буй маш том бүдүүлэг алдаа. Би өөрөө 3 наснаасаа морь унаж, өссөн. Сая Л.Энх-Амгалан сайд хэлж байна лээ “Би хөдөө хурдны морь унаж өссөн. Энэ уламжлалаа бид Хятадад алдах гээд байна” гэсэн. Манайд хаврын уралдаан зохион байгуулагдахад Өвөр Монголд хурдан морь уралдахаа болино гэж хэн хэлээд байгаа юм бэ. Тэд эрлийз морь, монгол мориор уралдана уу бидэнд хамаагүй шүү дээ. Ийм сонин жишээ хэлэх юм. Та хүүхэд байхдаа унаж байсан монгол морь цаанадаж 35 км/цаг хурдтай байсан юм.

Өдгөө 30-35км хурдтай адууг хүүхэд зун унаад уралдах нэг өөр. Харин 50-60 км цагийн хурдтай, допинг буюу хүч тамир оруулагчаар тариулж, эм тариагаа бордуулаад “галзуурчихсан” адууг 3 дугаар сарын хөлдүү газар дээр, насанд хүрээгүй хүүхдээр ашгийн төлөө унуулж уралдуулж байна. Энд ямар ээж аав хүүхдээ дэнчин тавьж уралдуулах вэ. Тийм эрлийз морийг насанд хүрсэн та нөхөд ч унаж уралдах боломжгүй, нисэж үхнэ.

АВСТРИ ЭРДЭМТЭН “ЭНЭ БАЙДЛЫГ ДЭЛХИЙД ЗАРЛАХАД МОНГОЛ УЛС ТОРГУУЛЬ ШИЙТГЭЛД Ч УНАЖ  МАГАДГҮЙ” ГЭСЭН

Та нар хараарай, 300-400 морь уралдахад 3-4 нь л уяач өөрийн хүүхдээр морио унуулдаг. Бусад нь хэний хүүхдээр морио унуулж байгаа нь тодорхой. Бид хаврын морин уралдааныг зохион байгуулснаар өв соёлоо хадгалах биш харин ч устгана. 3 сая төгрөг төлөөд 300 сая төгрөгийн бай авах уралдаанд хүүхдийг эрлийз морь унуулж уралдуулж байна.

skip-share

“Ча гэх ямаагүй, чү гэх морьгүй юм байж энэ талаар бүү ярь” гэж бусдыг доромжлох юм. Хүүхдийн эрхийн төлөө монгол хүн бүр дуугарах эрхтэй шүү

Хүүхдийн эрхийн Конвенцид бид нэгдсэн биз дээ, тэнд тэгээд заачихсан байна уу. Монгол морио уядаг уяачдын нэрийг барьж жагсан, улс төрд нөлөөлж уралдаан зохион байгуулах гэж байгаа нь зүй зохистой биш. УИХ-ын гишүүн эмэгтэй, эх хүнийг “Хужаа, нохойн баас, алцгар…” хэмээн есөн шидээр нь хэлдэг хүн жудагтай уяач мөн үү. Өчигдөр М.Нарантуяа гишүүнийг мэдээлэл хийхэд “Мал мэдэхгүй Нара, морь ярилаа” гэх юм. Тэр огт морь ярьсангүй, хүүхдийн эрх л ярилаа. Тэнд байгаа гишүүд бүгд хүүхдийн талаар ярьж байв.

Хүүхдийн эрхийн талаар ярих мэргэжилтэн, байгууллагын хүмүүсийг “Ча гэх ямаагүй, чү гэх морьгүй гуйлгачингууд бүү ярь” гэж доромжлох юм. Хүүхдийн эрхийн төлөө монгол хүн бүр дуугарах эрх нь бий. Өв соёлоо хамгаалахын төлөө хэн ч ярих эрх бий. Монгол мал сүрэг төрийн хамгаалалтад тэр дундаа төр мал сүргийн удмын санг хамгаалах ёстой гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл удмын санг устгаад дууслаа. Өв соёлын нэр барьж өв соёлыг харин ч устгадаг бүлэг нь эрлийз адуу уядаг хүмүүс юм.

Хаврын уралдааныг нээхийг шаардсан жагсаал дээр монгол морь уядаг хэд хэдэн уяач харагдана лээ. Буруутгах аргагүй ээ, мөн л монгол морио уралдуулчихъя гэж бодож байгаа юм.

Дэлхийн морин уралдааны тэмцээн нь төрөл төрлөөр нь уралдуулдаг. Араб, англи адуу хэзээ ч нэг зам дээр уралддаггүй. Бид сэрвээний өндөр хэмжин ялгаж уралдуулдаг гэхээр дэлхийн морин спортынхон шоолдог.  Адуу судалдаг олон эрдэмтэн байдаг юм билээ. Би нэг удаа Австрийн эрдэмтэнтэй ярилцахад миний хэлснийг орчуулагчаар дамжуулж сонссоны дараа толгойгоо сэгсрээд хэсэг суув. Тэгээд удалгүй “Би таны яриаг буруу ойлгож байна уу? Эсвэл та үнэхээр ингэж хэлээд байна уу” гэхэд нь “Үнээн, бид англи азарга оруулж ирж монгол гүүн дээр “гишгүүлээд” шинэ монгол адуу хэмээн уралдуулж байгаа” гэсэн. Тэгэхэд “Та нар мянга, мянган жилийн түүхтэй дэлхийн адууны өвөг эцэг монгол адуугаа устгах гээ юу? Та бүхний энэ байдлыг дэлхийд зарлахад Монгол Улс торгууль шийтгэлд унаж болохоор юм шүү дээ” гэсэн. Мөн тэр “Дэлхийд хоёр төрлийн адуу байдаг. Монгол ба бусад” гэж хэлсэн.

Манайд спортын эрсдэлийн тухай хууль гэж байдаггүй. Тухайлбал нум сум харваж байгаад хүний нүд санамсаргүй сохлоод харваач 2 жилийн ял авсан тохиолдол гарсан” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *